Хятадуудыг “аюултай тахал” мэт үзэж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Хятадуудыг “аюултай тахал” мэт үзэж байна

Хятадуудыг “аюултай тахал” мэт үзэж байна

Бээжингийн нөлөө дэлхий дахинд нэмэгдэж, олон оронтой худалдаа, дипломат, геополитикийн зөрчилтэй байгаа энэ үед коронавирусийн халдвар гарсан нь Хятадын эсрэг үзлийг нэмэгдүүлжээ. Хүнээс хүнд дамждаг коронавирусийн халдвар богино хугацаанд дэлхийн өнцөг булан бүрд тархан халдварласнаар олон улсад айдас, түгшүүр үүсгээд байна. Тэр тусмаа олон улсад Хятад хүмүүсээс сэжиглэх, үзэн ядах хандлага хүчээ авсан нь санаа зовоож байна. Хятад гэлтгүй Ази хүмүүс хоорондоо төстэй харагддагаас бүхэл бүтэн тивээрээ гадуурхагдах хандлага ч өсч байна.

“Associated Press” агентлагийн дэлхийн өнцөг булан бүр дэх сэтгүүлчдийн ирүүлж буй мэдээллээр олон улсад хятадуудыг “аюултай тахал” мэт үзэн хавчин  гадуурхах болжээ. Өмнөд Солонгос, Япон, Хонгконг, Вьетнамын ресторан, зоогийн газруудад хятад иргэн орохыг хориглож, Индонезид зочид буудлын гадаа хүмүүс цуглан хятадуудыг хурдан нутаг буцахыг шаардан жагссан аж. Үүний зэрэгцээ Франц, Австралийн сонин хэвлэлүүдэд арьс өнгөөр ялгаварласан нийтлэл, мэдээлэл гарах болсныг хятадууд шүүмжилж байна. Хятадад гарсан коронавирусийн халдвараар 300 орчим хүн нас барж, 12 мянган хүн халдварлаж, дэлхийн 24 оронд өвчлөл бүртгэгдээд байна. Улмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) онц байдал зарлаж, улс орнуудыг “дотооддоо халдварыг тогтоон барихад” анхаарч ажиллах шаардлагатайг сануулжээ.

АНУ

АНУ-ын Аризона мужийн их сургуулийн оюутан коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоны дараа Ази оюутнуудыг гадуурхах болжээ. Бусад оюутнууд тэдэнтэй харилцахаас зайлсхийж, бүр зугтаах болсон аж.  Мөн Калифорнийн их сургуулийн Беркли эрүүл мэндийн төвөөс өнгөрсөн Пүрэв гаригт Инстаграмд “Ази хүмүүстэй харилцахаас айх, энэ мэдрэмжээ буруутай мэт бодох нь коронавирусийн халдвараас үүдэлтэй хэвийн сэтгэл хөдлөл” гэж бичсэн байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гаригт олон нийтийн эрүүл мэндийн онц байдал зарлаж, сүүлийн 14 хоногт Хятадад зорчсон гадаадын иргэдийг Нэгдсэн улсад нэвтрэхийг хоригложээ. Хилийн хориг нь АНУ-ын иргэдийн гэр бүл болон байнгын оршин суугч нарт хамаарахгүй аж. АНУ нь Ням гаригаас эхлэн Хятадаас шууд нислэгээр ирсэн зорчигчдыг долоон том нисэх буудалд эрүүл мэндийн үзлэгт оруулж, Хубэй мужаас ирэгсдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах болжээ. Хятадын засгийн газраас энэ шийдвэрийг шүүмжилсэн байна.Үүний зэрэгцээ “Apple” компани нь Бямба гаригт Хятад дахь 42 дэлгүүр болон оффисоо хоёрдугаар сарын 9-нийг хүртэл хаасан байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эстерийн Бямба гаригт Хятадаас ирэх 1000 орчим хүнийг армийн эмнэлэг, цэргийн байгууламжид тусгаарлан карантин тогтоох зөвшөөрлийг Эрүүл мэндийн яаманд өгчээ.

ХОНГКОНГ

Бээжингийн нөлөөллийн эсрэг бослого тэмцэл өрнүүлж буй Хонгконгод хятадуудыг үзэн ядах үзлийг коронавирусийн халдвар улам нэмэгдүүлжээ. Хонгконгод өнгөрсөн хавраас хойш ардчиллын төлөө эсэргүүцлийн жагсаал, тэмцэл өрнөж буй юм. Хонгконгийн засгийн газраас өнгөрсөн долоо хоногт эх газрын Хятадтай хурдны галт тэрэг болон гатлага онгоцны үйлчилгээгээ зогсоож, хот хоорондын нислэгийн тоогоо цөөрүүлжээ. Мөн Хонгконг дахь “Tenno Ramen” нэртэй Япон гоймонгийн рестораны эзэн хятадуудад үйлчлэхээс татгалзсан байна. Тус рестораны албан ёсны Фейсбүүк хуудсанд “Бид урт наслахыг хүсч байна. Бид орон нутгийн үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг бодолцсон. Биднийг уучлаарай” хэмээн нийтэлжээ.

ЕВРОП

Европын орнууд тэр дундаа Францад азиудыг гадуурхах үзэл хүчтэй байгааг “Би вирус биш” (“#JeNeSuisPasUnVirus”) хаштаг олон нийтийн сүлжээнд дэлгэрэх болсноос харж болно. Тухайлбал, сургуулийн орчин, метронд хүмүүс Ази царайтай хүмүүсээс дөлж, зай барих болжээ. Сүүлийн жилүүдэд Франц улсад Ази хүмүүс олноороо суурьших болсон ба аялал жуулчлалын салбарынх нь орлогын нэлээд хувийг Ази жуулчид бүрдүүлдэг байна. Гэтэл Францын хойд хэсгийн нутгийн нэгэн сонинд тэргүүн нүүрэндээ “Шар сэрэмжлүүлэг” гарчигтай нийтлэл хэвлэсэн нь олны дургүйцлийг төрүүлжээ. Үүний хариуд Франц дахь Хятад хүмүүсийн нийгэмлэгийн тэргүүн Сок Лам хэлэхдээ “Энэ бол Хятад улсад гарсан вирус. Энэ вирус Хойд Африк, Европ ер нь өөр хаана ч гарч болох байсан. Бид Ази хүмүүс болохоор вирус тараана гэсэн ойлголт байж болохгүй” хэмээн мэдэгджээ. Мөн Данийн “Jyllands-Posten” сонин Хятадын төрийн далбааны шар таван хошуунуудыг коронавирусийн зургаар орлуулсныхаа төлөө хүчтэй шүүмжлүүлж, уучлал гуйсан. Германы “Der Spiegel” сонинд амны хаалт зүүсэн хүний зургийн хажууд “Хятадад үйлдвэрлэв” гэсэн тайлбартай нийтлэл хэвлэжээ. Италийн алдартай Треви усан оргилуурын ойролцоох кафе шоп Хятад хүмүүсийг оруулахгүй гэсэн бичиг хадсаныг “ANSA” мэдээллийн агентлаг нийтэлжээ.

АВСТРАЛИ, ШИНЭ-ЗЕЛАНД

Австралийн хоёр том сонинд хятадуудын эсрэг нийтлэл гаргасныхаа төлөө уучлал гуйхыг шаардсан цахим шаардлагад 51 мянга гаруй хүн нэгджээ. “Herald Sun” сонинд “Хятадын вирус пандамониум” гэж пандаг буруугаар нэрлэсэн, “The Daily Telegraph” сонинд “Хятад хүүхдүүд гэртээ үлд” хэмээх гарчигтай нийтлэл хэвлэгджээ. Үүний зэрэгцээ Шинэ-Зеландад 21 жил амьдарсан Хятад гаралтай иргэн Киви Доллис Чуагийн ажиллаж буй дэлгүүрт орж ирсэн хүмүүс “Азиуд та нар бидэнд вирус халдаасан” хэмээн хэлсэн аж.

ӨМНӨД СОЛОНГОС

Өмнөд Солонгосын мэдээллийн вэб сайтууд хятадуудыг хөөн гаргах, эх орондоо хүлээн авахыг хориглохыг засгийн газраасаа шаардсан сэтгэгдлүүдээр дүүрчээ. Мөн хятадуудын хооллох хэв маяг, эрүүл ахуй, ариун цэврийг шүүмжилсэн сэтгэгдлүүд их байна. Мөн хятад жуулчдын өргөнөөр үйлчлүүлдэг Сөүлийн алдартай далайн хоолны ресторан хаалган дээрээ “Хятад хүн оруулахгүй” гэсэн бичиг хаджээ. Тус ресторан цахим ертөнцөд хүчтэй шүүмжлүүлснийхээ дараа энэ бичгээ авсан байна. Үүний зэрэгцээ 650 мянган хүн гарын үсэг цуглуулан Хятадын жуулчдыг түр хугацаагаар хориглохыг шаардан Хөх ордны вэбсайтад нийтэлжээ. Зарим популист улстөрчдийн санаачилгаар Хөх ордны гадна 30 орчим хүн жагсаж, Хятадын жуулчдыг хориглохыг шаарджээ.

ЯПОН

Японы олон нийтийн сүлжээнд иргэд хятадуудыг хориглохыг шаардаж байна. Токио хотноо олон ресторан, амралтын газрууд хятадуудад үйлчлэхгүй гэсэн бичиг хаджээ. Мөн Японд сурч буй Хятад оюутнуудыг ангийнхан нь гадуурхах болжээ.

ЗҮҮН ӨМНӨД АЗИ

Индонезийн аялал жуулчлалын гол хот дахь Новотел зочид буудлын гадна өнгөрсөн долоо хоногт олон зуун хүн цуглан хятадуудыг нутаг буцахыг шаарджээ. Тус зочид буудалд 170 орчим Хятад иргэн буудалласан байжээ. Жагсагчид зочид буудлын хаалгыг таглаж, хятад хүмүүсийг оруулахгүй хэмээн тэмцэлдсэн байна. Үүний зэрэгцээ Малайзын 400 мянган иргэн Хятадын жуулчдыг хориглохыг шаардсан цахим шаардлагад гарын үсэг зуржээ. Мөн Вьетнамын Дананг дахь зочид буудалд Хятад хүмүүсийг хүлээн авахаас татгалзсан байна.

Одоогийн байдлаар АНУ-ын агаарын тээвэр, Их Британийн агаарын тээвэр, Finnair, Хонгконгийн “Cathay Pacific” нисэх компаниуд Хятад руу зарим нислэгээ цуцлаад байна. Харин Вьетнам улс Хятадтай бүх нислэгээ цуцалжээ. АНУ-ын араас Япон, Герман, Их Британи улсууд Хятад руу иргэдээ зорчихгүй байхыг зөвлөжээ.

ОХУ, Бангладеш, Энэтхэг, Индонез, Шри-Ланка, Өмнөд Солонгос, АНУ, Турк, Монгол зэрэг олон улс Бямба гаригт нисэх онгоцоор иргэдээ Хятадаас эргүүлэн авчирсан. ОХУ нь нисэх хүчний онгоцыг нүүлгэн шилжүүлэлтэд ашиглажээ. Энэ үеэр ОХУ-ын засгийн газраас 128 зорчигчтой Германы армийн нисэх онгоцыг Москва хотод түр газардаж, шатахуун нөхөх зөвшөөрлийг өгөөгүй аж. Улмаар Германы цэргийн онгоц чиглэлээ өөрчилж, Финлянд улсын нийслэлд шатахуунаа нөхөөд Франкфуртад газарджээ. ОХУ энэ сарын 1-ний өдрөөс Хятадад жуулчлахыг зогсоож,  Хятадын иргэдэд виз олгохгүй гэж мэдэгдсэн. ОХУ-ын Элчин сайдын яамнаас "Орос, Монголын хилийг хаахгүй. Харин Монгол Улсаар дамжиж Орос руу гарч байгаа хятад иргэдийг ОХУ руу оруулахгүй" гэж мэдэгдэв.

Мөн Ухань хотоос иргэдээ шилжүүлж явсан Туркийн нисэх онгоц Бямба гаригт (2020.02.01) Улаанбаатарт шатахуун цэнэглэх зорилгоор түр газардаж, нэг цаг орчим болсны дараа нисчээ. Туркийн зэвсэгт хүчний ачаа тээврийн нисэх онгоц Ухань хотоос 42 хүн тээвэрлэн Анкарад хүргэсэн байна. Тэдгээрийн 32 нь Туркийн иргэд байсан бол үлдсэн 10 нь Азербайжан, Албани, Гүржийн иргэд байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж