Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.23/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсний улмаас 10 цаг 25 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж амжилгүй үлдээсэн 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг дагалдаж

202 хуульд өөрчлөлт оруулна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав илтгэлдээ, өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудаас гадна Гаалийн тухай хууль, Татварын ерөнхий хууль зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байгаа нь эрх зүйн хэм хэмжэний давхардал, хийдэл, зөрчил бий болгохоос гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, хүний эрхийг журмаар хязгаарлах зэргээр Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж зөрчлийг шалган тогтоох ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандартад оруулж тодорхой хуульчлах зорилгоор Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээний суурь зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ онцлов.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нэгдсэн зохицуулалтад оруулж, энэхүү ажиллагааны явцад хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа. Уг хуулийн төслөөр зөрчлийг гэмт хэргээс зааглан тодорхойлж, эдүгээ манай улсын нийт 230 гаруй хуульд заасан хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй 1250 орчим зөрчлийг нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэж, зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтнаас харьяалан шийдвэрлэх зөрчлийг тодорхойлон эрх хэмжээг нь зааглаж өгсөн. Иймд зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэх зөрчлийн харьяаллыг шинээр тогтоож, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуулиар бус, салбарын хуулиар зохицуулагдаж байсан прокурор, тагнуулын болон онцгой байдлын асуудал эрхлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээг тусгаж өгсөн гэдгийг сайд илтгэлдээ дурдсан юм. Хүнийг хэн болохыг нь тогтоох зорилгоор 6 цагаас илүү хугацаагаар саатуулахгүй бөгөөд харин согтуурсан, мансуурсан үедээ зөрчил үйлдсэн хүнийг 24 цаг хүртэл, хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох шаардлагатай бол 7 хоног хүртэл хугацаагаар прокурорын хяналтын дор саатуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Уг хуулийн төсөлтэй уялдуулан зөрчилд шийтгэл хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа нийт 202 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хууль хүчингүй болгох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээХарин уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлын талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм. Тус байнгын хороо эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар Хууль зүйн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авлаа. Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, захиргааны журмаар авч буй арга хэмжээнүүд нэг стандартын бус, өөр өөр хуулиар зохицуулагдаж, эрх бүхий албан тушаалтнууд янз бүрийн шийдвэр гаргаж иргэдийг хохироож байгааг засах нь энэ хуулийн шинэчлэлийн гол зарчим. Иймээс зөрчил шалгахтай холбоотой хүний эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээний төрөл, хэрэгжүүлэх журмыг нарийвчлан тогтоож, хяналтаас гадуур хүний эрхийг хязгаарлахыг хориглохоор зааж өгсөн. Мөн улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй байхаар зохицууллаа. Шүүхийн үйл ажиллагаа явагдах процессыг хөнгөвчилж өгч байгаа, гэхдээ ачаалал нь тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг хэллээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Х.Тэмүүжин, Д.Лүндээжанцан нар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 202 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжлээ. Иймээс уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.

Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш улсын хил хамгаалалт, боомт, түүнд мөрдөх журам, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэх, хил хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийн нийгмийн асуудлын талаарх зохиуцуулалт зэрэг асуудлаар нийт 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хилийн тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулийн нэр томьёог олон улсын эрх зүйн зарчим, Улсын Их Хурлаас 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлага бий болж байгааг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын хилийн тухай хуульд хэрэглэгдэж байгаа нэр томьёог нэг мөр ойлгож, хуулийг нэг мөр, хэлбэрэлтгүйгээр хэрэгжүүлэхийн тулд бусад хуульд заасан нэр томьёотой давхардсан, ижил төрлийн зохицуулалтыг агуулсан, эсхүл өөрөөр тодорхойлсон зэрэг зөрчлийг арилгаж, шинээр тусгасан. Мөн хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой чиг үүргийг иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн байгууллага гүйцэтгэж байгааг хил хамгаалах байгууллага хариуцдаг байх зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас уг хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тухай тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, С.Ганбаатар, Ө.Энхтүвшин, Ж.Батзандан нар Хууль зүйн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуулийн нийт заалтын 50-иас доошгүй хувьд өөрчлөлт орохоор байгаа бол шинэчилсэн найруулга гэж үзэхээр байгаа. Харин энэ төслөөр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 95 зүйлээс 34-т нь өөрчлөлт орохоор байгаа. Хилийн хамгаалалт муудаж, зөрчил нэмэгдэж байгаа тул нөхцөл байдлыг судалж үзсэний үндсэн дээр амьдралд нийцүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлж байгаа юм. Мөн хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хилийн зөрчил, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 километрээс илүүгүй байхаар тогтоохоор тусгасан. Одоогийн хуулиар хилийн хяналтын бүс 100 км, хилийн шалгах бүс 20 км байгаа. Түүнчлэн хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил эрхлэх, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Хил хамгаалах ерөнхий газраас хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгож байгааг өөрчилж, хилийн анги, салбарт мэдэгдэж, бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрх нь үүсэхээр тусгасан гэсэн хариулт өгөв.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбгдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, О.Баасанхүү, М.Зоригт нар төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж асуудлыг сайн нягталж тодруулсны дараа хэлэлцэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хил хамгаалах байгууллагын чиг үүрэг, иргэдийн гадагш дотогш зорчих хөдөлгөөн, гаалийн хяналтын асуудлыг цогцоор нь авч үзэж шийдэх шаардлагатай тул хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар оруулж ирж хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг манай Засгийн газрын үед хил, гааль, боомтын асуудлыг цогцоор нь авч үзэж нэлээд ярилцаж байж Хилийн боомтын тухай хуулийг баталсан. Гааль нь зөвхөн татвар хураах биш хилээр хууль бус зүйл нэвтрүүлэхийн эсрэг хяналт тавих үүрэгтэй байгууллага. Иймээс асуудалд бодитой, нухацтай хандаж цогцоор нь шийдэх үүднээс хуулийн төслийг түр буцаагаад дахин сайжруулж оруулж ирэх нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын

төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын ИхХурлын нэр бүхий 13 гишүүний санаачлан боловсруулсан Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл хууль санаачлагчийн илтгэлийг гишүүдэд танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөллөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүрэг хэрэгжүүлнэ” гэж заасан. Гэвч жил ирэх тутам нэмэгдсээр байгаа их хэмжээний хог хаягдлын улмаас газрын хөрс, ус, агаар бохирдож, халдварт өвчин гарах нөхцөл бүрдүүлж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа учраас одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтөөс шалтгаалж тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй, өнөөгийн шаардлага хангахгүй байна гэж төсөл санаачлагч гишүүд үзээд энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Мөн хог хаягдлын талаар баримталж буй НҮБ-ын бодлого, санал, зөвлөмжийг харгалзан үзэж, олон улсын нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчим баримталсан тухайгаа төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Хуулийн нэр томъёоны тодорхойлолт зэрэг зарим хэм хэмжээг байгаль орчны болон эрүүл мэндийн холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн томъёолсон. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын конвенцийн заалт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын зөвлөмжийг үндэслэн иргэдийн байгаль орчны боловсрол, ухамсарыг дээшлүүлэх, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах чиглэлд онцгойлон анхаарсан. Хог хаягдлыг саармагжуулах, хаях, цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, хог хаягдлын байгууламжийг дэмжих журмыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэдгээ тэрээр онцлов.

Энэхүү хуулийн төсөл нь 6 бүлэг, 40 зүйлтэй юм. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо уг хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаарх тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь дэмжлээ. Иймээс хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж