Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын шинэ бүрэлдэхүүнийг сонгох найм дахь удаагийн ээлжит сонгуулийн санал хураалтыг 2020 оны зургадугаар сарын 24-ний Лхагва гаригт товлолоо. Өнгөрсөн Баасан гаригт /2020.01.31/ өндөрлөсөн УИХ-ын 2019 оны намрын чуулганы хуулийн хугацаанд буюу хоёрдугаар сарын 1-нээс өмнө ийнхүү ээлжит сонгуулийн тов, сонгуулийн тойрог болон мандатын тоог баталснаар ирэх сонгуулийн тоглоомын дүрэм тодорхой боллоо.
Найм дахь удаагийн УИХ-ын сонгууль улс даяар 29 тойрогтойгоор явагдана. 20 тойрог нь орон нутагт, харин нийслэл Улаанбаатар хот 9 тойрогтой байх юм.
Аймаг болгон нэг тойрог боловч Дундговь, Говьсүмбэр хоёр аймгийг нийлүүлэн нэг тойрог байна. Нийслэл хотын тухайд Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог болгож байгаа бол хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр хоёр тойрогтой, бусад дүүргүүд тус бүр бие даасан нэг тойрог байхаар баталлаа.
Тойрогт ногдох мандатын тухайд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр хоёр, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр гурван мандаттай байна. Улаанбаатар хотын тухайд Багахангай-Багануур-Налайхыг нийлүүлсэн нэг хоёр, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргүүд тус бүр гурав, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн хоёр тойргийн нэг хоёр, нөгөө нь гурав нийлээд тус бүр таван мандаттай байх юм.
Ингэснээр шинээр бүрэлдэх УИХ-ын бүрэлдэхүүн Улаанбаатараас сонгогдсон 24 гишүүн, орон нутгаас сонгогдсон 52 гишүүнтэй байх нь.
Эрх баригч МАН орон нутгаас илүүтэй санал авдаг хандлагаа даган нийслэлийн мандатыг цөөлж орон нутагт илүү хуваарилах гэж байна гэсэн шүүмжлэл олонтаа сонсогдсон ч МАН бодсоноороо хийлээ. Ийнхүү сонгуулийн тойрог, мандатын тоо тодорхой болж одоо улс төрийн намууд тойрогт өрсөлдөх эрхмүүдийнхээ нэрийг тодруулах цусгүй тулаандаа орлоо.
МАН-ын тухайд эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилд өмнө хожид байгаагүйгээр нэр муутай, эв нэгдэлгүйгээр засагласан гэж хэлж болно. Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэй хавсайдан хүчний төвөө өөрчлөн спикерээ, гүйцэтгэх засаглалын тэргүүнээ солиод амжлаа. Нэг гишүүн нь гэмт хэрэгт холбогдон бүрэн эрхээ түдгэлзүүлсэн бол хэдхэн хоногийн өмнө хоёр дахь гишүүнээ гэмт хэрэг хийсэн эсэхийг шалгуулахаар олонхиороо шийдсэн ч эцсийн мөчид түдгэлзүүлсэн ч биш, чөлөөлсөн ч биш болгон үлдээв. Энэ парламентын хамгийн дуулиант хэрэг нь улсын төсвөөс бүрддэг сангаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан бага хүүтэй зээлийг гаргуулан хувийн болон ойр дотны хүмүүсийнхээ бизнесийг зузаатгахад ашигласан явдал юм. Хуулийн хэллэгээр өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл гаргуулсан гэсэн бүрхэгдүүлсэн тодотголтой боловч энэ үйлдэл нь УИХ-ын эрхээ түдгэлзүүлж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулах хэрэг мөнөөсөө мөн байсан. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн хүчтэй эсэргүүцлийг үл тоон зээл авсан ЖДҮ-чиддээ хариуцлага тооцоогүй өнөөг хүрсэн ч ирэх сонгуульд нэрийг дэвшүүлэхгүй байж хариуцлага тооцох гэж байгаа нь гэм зэмийн ойлголт МАН-д байхгүй харуулсан.
Нэр цэвэр шинэ залуучуудыг өрсөлдүүлж намын нэр хүндээ өсгөхөөс өөр аргагүй гэдгийг эрхбиш намын дарга У.Хүрэлсүх ойлгож байгаа бололтой.
Ардчилсан намын тухайд намын дарга С.Эрдэнэ, тус намаас сонгогдсон Ерөнхийлөгч хоёрын харилцан ойлголцол, харилцан итгэлцэл аль түвшинд байгаагаас олон зүйл шалтгаалахаар байна. 2017 онд дэмжин гаргаж ирсэн Ерөнхийлөгчийнхөө жинхэнэ нүүр царайг бүрэн эрхээ хэрэгжүүлснээс нь хойш таньж ядсан хүн Ардчилсан намд олон байна. Нэр дэвшигчдээсээ авах хандивын хэмжээгээ 60 саяас 100 сая хэмээн аль эрт зарласан. Угаасаа муу нуухаар сайн илчил гэдэг шиг хагаралдаан, муудалцаан нь ямагт ил байдаг Ардчилсан намын мөнгөний дэнчингийн хэмжээнд дөрөөлөн МАН улс төр хийх гэж оролдсон гавьтай зүйл болсонгүй.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг Ерөнхийлөгч эрх баригч МАН-ын хоёр дээд албан тушаалын эзнийг буюу Спикер, Ерөнхий сайдыг хоёр сугандаа хавчуулж аваад хэрэгтэй шийдвэрээ гаргуулдаг болсон. Ирэх зургадугаар сарын 24-нд болох сонгуулийн дүн Ерөнхийлөгчийн хоёр сугыг дулаацуулах хүмүүс гарч ирэх үү, эсвэл эсрэгээрээ байх уу гэдгийг шийднэ.
Халуун сугандаа хүйтэн жин тавиулах гээгүй л бол хоёр намын нэр дэвшигчид, сонгуулийн тактикт сэтгэл чилээж таарна.
Гэхдээ голлох хүчнүүдийн хүсэл, тактик ямар байлаа ч эрүүл сонголт хийх хүсэлтэй сонгогчдын тоо сонгуулиас сонгуульд нэмэгдсээр байгаа нь бодит зүйл. Монголын төрийг ээлжлэн барьж хоёр хүчинд итгэл алдарсан сонгогчдын тоо нэмэгдэж, сонголтондоо хариуцлагатай байх, өөрчлөлт хийхийг уриалж байгаа олон янзын дуу хоолой нийгэмд улам их сонсогдох боллоо. Үүний хамгийн сонгодог жишээ нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүсэл зоригоо илэрхийлсэн 100 мянга орчим цагаан сонголтын эзэд байсан. Энэ сонголтын эзэд попуудын, коммунистуудын, дүр эсгэгч ардчилагчдын дуу хоолойг даван гарах боломжтой.