10-70 хувийн хямдралтай худалдаа явагдана

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

10-70 хувийн хямдралтай худалдаа явагдана

Нийслэлийн 376 жилийн ойг угтаж  “Их хотын хямдрал-376” худалдаа энэ сарын 29-ний өдөр Чингисийн талбайд болох гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдар хямдралтай худалдаанд 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага бараа бүтээгдэхүүндээ 10-70 хувь хүртэл хямдрал зарлаж, оролцохоо албан ёсоор мэдэгджээ.  Түүнчлэн үндэсний үйлдвэрлэл, ноос ноолуур, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээрээ хямдралтай худалдаанд оролцох боломж нь нээлттэй гэдгийг НЗАА-наас мэдээллээ. Чингисийн талбайд худалдаа хийх эдгээр иргэдийн асар майхныг нь үнэ төлбөргүйгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Захирагчийн ажлын албанаас гаргаж өгөх юм.

Өнгөрсөн жилийн хотын хямдралтай худалдаагаар өндөг хамгийн их борлуулттай, эрэлттэй байсан. Харин энэ жилийн тухайд дөрвөн цэгт өндөгний худалдаа болно. Үнийн хувьд 200-240 төгрөг байх юм.

Ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 25 аж ахуйн нэгж энэхүү хямдралтай худалдаанд оролцож, бүтээгдэхүүнээ 20-70 хувиар иргэдэд худалдах болсноо албан ёсоор мэдэгджээ. Мөн арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 12 аж ахуйн нэгж тус худалдаанд нэгдэх юм.

Ийнхүү аж ахуйн нэгжүүд нэгдэж, Улаанбаатар хотынхоо төрсөн өдрөөр хямдралтай худалдааг явуулахаар болсоноо албан ёсоор мэдэгдлээ. Хямдрал бодитой явагдана гэдгээ худалдаа эрхлэгчид онцолсон. Өнгөрсөн жил болсон хямдралтай худалдааны үеэр 300 мянга гаруй иргэн нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийж байжээ. 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж