Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр БНХАУ-ын Ухань хотоос өчигдөр эх орондоо ирсэн 31 оюутны биеийн байдал хэвийн, ямар нэгэн зовиур илрээгүй гэдгийг онцлов. Тэднийг 14 хоногийн хугацаанд тусгаарлаж, дархлааг нь дэмжих тал дээр ХӨСҮТ-өөс анхаарч буй юм байна. Мөн өнгөрсөн шөнө Эрээн хотоос Улаанбаатарт ирсэн найман настай хүүхэд халуурч, эцэг эх нь ханиалгах шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарлаж, нарийвчилсан шинжилгээ авчээ.
Эрүүл мэндийн яамнаас өвчлөл гарсан бүс нутгаас ирж буй иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ хилийн хяналтын хуудсыг үнэн зөв бөглөхийг анхааруулав. Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй байсан ч 14 хоног ажиглалт хийж, гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөлөө. Учир нь шинэ коронавирусийн халдварын нууц үе 14 хоног гэж үзэж байгаа тул энэ хугацаанд гэртээ өөрийгөө тусгаарлаж, ажиглалт хийх нь өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой. Хэрэв халуурсан шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг ЭМЯ-наас иргэдэд анхаарууллаа.
Хэдийгээр Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа юм. Дэлхийн улс орнуудад тархаад буй коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд ханиалгаж найтаах үедээ сальфетка хэрэглэх, бүлээн усаар 20 секунд гараа савандаж угаах, эмнэлгийн байгууллагад хандахдаа амны хаалт зүүх, олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ