Хятадын 11 сая хүн амтай Ухань хот дэлхийд аюулын харанга дэлдэж буй, үхлийн аюултай, шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болсон. Ахуйн болон агаар дуслын замаар халдварладаг коронавирусийн халдвараас дайжиж, дэлхийн улс орны иргэд тус хотыг орхин явж, эх нутгаа зорьсоор байгаа билээ.
“South China Morning Post” сонинд мэдээлснээр, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдрөөс Ухань хотоос нисэх онгоц, төмөр, зам зэрэг зорчигч тээврийн хэрэгслийн бүх орох, гарах гарцыг хааж буйгаа мэдэгджээ.
CNN агентлагийн хамгийн сүүлийн мэдээллээр, өнгөрсөн нэгдүгээр сард Уханиас нутагтаа эргэж очсон, Филиппиний 44 настай нэгэн иргэн өнгөрсөн Бямба гариг (2020.02.01)-т амиа алдаж, коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 305-д хүрсэн байна.
Энэхүү үхлийн аюултай вирус нь биологийн зэвсэг байж болзошгүй талаар олон улсын шинжээч, мэргэжилтнүүд болон гадны хэвлэлүүд мэдээлж буй юм. НҮБ-ын Биологийн зэвсгийн комиссын гишүүн асан Игорь Никулин “2019-nCoV” шинэ төрлийн коронавирус нь Америкийн эрдэмтдийн “бүтээл” бөгөөд Хятадуудын эсрэг биологийн зэвсэг юм” гэж хэлснийг Ura.ru цахим хуудаст мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Төрийн Думын гишүүн Наталья Поклонская “Үхлийн аюулт коронавирус нь Хятадын эсрэг хэрэглэж буй биологийн зэвсэг байж магадгүй” гэж мэдэгдэв. Тэрбээр олон нийтийн сүлжээндээ “Сүүлийн үед дэлхий дахинаа аймшигт тахал их гарах болсон. Тэдгээрийн цаад шалтгаан нь тодорхойгүй ч тохиолдлын хэрэг биш. Дэлхийг захирч, их мөнгө олохын тулд хүмүүс компьютер стратегиэр тоглож байгаа мэт. Тэр нь таалагдахгүй хүмүүсийг шууд л устгана. Хамгийн аймшигтай нь эдгээр хүмүүс виртуаль биш, жинхэнэ хүмүүс. Энэ коронавирусийг зориудаар гаргасан байх магадлалтай” гэж мэдээлсэн юм.
Поклонская “БНХАУ эдийн засаг, технологийн хувьд асар хурдтай хөгжиж байгаа нь дэлхийд ноёрхох сонирхолтой нэгэнд нь таалагдаагүй байх магадлалтай” гэж тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр “Хятадад өнгөрсөн жилийн турш төрийн эргэлт хийх оролдлого гарсан. Өнгөт хувьсгалын боловсруулсан стандартаар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулж байв. Харин одоо ойлгомжгүй вирусийн өмнө айдас, түгшүүрт автаж байна. Энэ зүгээр санамсаргүй нөхцөл байдал уу? Миний бодлоор дэлхийн хүчирхэг хэсгээс хэтэрхий их тоглоом хийж байна” хэмээн мэдэгджээ.
Мэргэжилтнүүд коронавирусийн тухайд, лабораторийн туршилтууд бүтэлгүйтэж, хэн нэг ажилтан алдаа гаргаж, аюулт “тахал” тарсан байж болох талаар өгүүлсэн байна.
“Nature” сэтгүүлд мэдээлснээр, Уханид 2017 онд дэлхийн хамгийн аюултай SARS, Эбола зэрэг вирусийг судлах зориулалтаар биологийн лаборатори нээжээ. Тус лаборатори нь шинэ төрлийн коронавирусийн анхны голомт гэгдэж буй далайн хүнсний захаас 30 орчим км зайд оршдог аж. Мөн 2018 онд уг лаборатори сарьсан багваахайнаас дамждаг коронавирусийг (40 төрлөөс аль нь болохыг дурдаагүй) судалж байжээ. Тодруулбал, тус лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Жоу Пэнээр ахлуулсан судалгааны баг сарьсан багваахай яагаад өөрөө өвчлөлгүй коронавирусийн тээгч болдог, мөн хүний бие махбодод энэхүү вирусийг эсэргүүцэх боломж бий эсэхийг судалж байсан байна.
Тус лабораторид гахайнууд дээр туршилт хийдэг байсан бөгөөд хүнд хэлбэрийн коронавирус нь суулгалт үүсгэж, эцэст нь үхэлд хүргэж буйг тогтоожээ.
Биологийн зэвсэг гэдэг нь цэрэг дайны үйл ажиллагаа явуулахад зориулсан, вирус, нян, бусад өвчин үүсгэгч биологийн тээгч зэрэг хорт бодис буюу өвчин үүсгэгчдийг хэлнэ. Химийн зэвсгээс ялгаатай нь амьд организмыг зэвсэг болгон ашигладаг бөгөөд Биологийн ба хорт бодисын зэвсгийн конвенц, Химийн зэвсгийн конвенцоор тус тус зохицуулдаг. Биологийн зэвсэг нь алах, чадваргүй болгох, хүн буюу бүлэг хүн, аль эсвэл тухайн орчны нийт хүн амыг хүндээр гэмтээх ч чадвартай байдаг.
Барууны зарим хэвлэл сайтуудад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дунд Уханийн лабораторийн ажилтан Жоу Пэнийн ахалсан судалгааны багийнхан бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан тухай мэдээлжээ.
Израилийн тагнуулын офицер Дани Шохам Хятадын 40 гаруй судалгааны хүрээлэн тэр дундаа Уханийн лаборатори биологийн зэвсэг бүтээх төрийн хөтөлбөрт оролцдог гэж мэдэгдэл хийж шуугиан тарьсан байна. Тэрбээр “Уханийн лабораторийн туршилтууд бүтэлгүйтэж, эсвэл аль нэг ажилтан алдаа гаргаж, аюулт “тахал” тарсан байж болох юм” гэж ярьжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, Хятадын эрх баригчид 2002-2003 онд SARS-ийн тархалт гарсны дараа өндөр технологийн лабораторийг Уханьд байгуулах шийдвэр гаргажээ. Улмаар Хятаддаа цорын ганц уг лабораторид аюулгүй байдлын хамгийн дээд буюу дөрөвдүгээр төвшнийг өгсөн байна. Дэлхий дээр ийм төвшний судалгааны лаборатори тун цөөхөн байдаг аж.
Судлаачид лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглахаас өмнө болон дараа хувцсаа сольж, ариутгагч шүршүүрт орох шаардлагатай. Мөн ажилчдыг лабораторид зөвхөн цэвэр агаараар хангагдсан, битүүмжилсэн тусгай хувцастай оруулах ёстой байна.
Уханийн лабораторийг нээгдэх үед олон улсын эрдэмтэд уг байгууллагаас үхлийн вирус “гадагшлах” аюултайг анхааруулж байжээ. Тухайлбал, АНУ-ын Мэриленд мужийн био аюулгүй байдлын зөвлөх Тим Треван “Nature” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хятад улс Уханийн лабораторийг хангалттай аюулгүй байлгаж чадахгүй. Учир нь “хүн болгон чөлөөтэй ярьж чаддаг, нээлттэй мэдээлэлтэй тогтолцоо нэн чухал” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: NATURE, NVO.NG.RU, FISHKI.NET
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ