Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас өнгөрсөн Бямба гариг (2020.02.01)-т аюулгүй байдлаа хангах үүднээс Израиль болон АНУ-аас бүх харилцаагаа таслаж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ тухай Каирт болсон Арабын улсуудын холбооны /АУХ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын шуурхай хуралдааны үеэр мэдэгдсэн байна.
Махмуд Аббас хэлэхдээ “Өмнө нь би Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон АНУ-ын Тагнуулын төв газрын даргад хоёр захидал илгээсэн. Түүнд байгуулсан хэлэлцээр болон олон улсын хууль тогтоомжийг няцаасантай холбоотойгоор Израиль болон АНУ-аас бүх харилцаагаа, ялангуяа аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Израилчууд эзлэн түрэмгийлэгч гүрний хувьд хариуцлага хүлээх ёстой” гэжээ.
Аббасын хэлснээр, Нетаньяху "энх тайванд итгэдэггүй, Ослогийн гэрээг үгүйсгэсэн хүн бөгөөд Израилийн Ерөнхий сайд Ижак Рабин 1995 онд алагдсанаас хойш энх тайван тогтоох үйл явцад ахиц гараагүй байна. Палестины эрх баригчдын гаргасан хүсэлтийн дагуу, АУХ-ны Гадаад хэргийн сайд нарыг Бямба гаригт Египетийн нийслэл Каир хотод яаралтай хуралдуулж, Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах АНУ-ын төлөвлөгөөг хэлэлцжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын боловсруулсан уг төлөвлөгөөнд үндэслэн Израилтай хэлэлцээ хийх бүх боломжийг Аббас урьд нь няцаасан билээ.
Яаралтай хуралдааны үеэр Палестины удирдагч АНУ-ын төлөвлөгөөнөөс татгалзсан шалтгаанаа тайлбарлажээ. "Энх тайвны төлөвлөгөө нь олон улсын байгууллагуудад элсэхгүй байх, газар нутаг, тусгаар тогтнол, олон улсын шийдвэрээс татгалзахыг шаардаж байна. Түрэмгий эрх баригчид шинэ суурин барих нэрээр өдөр бүр Палестины байшин барилгыг нурааж байна. Би Америкийн энхийн төлөвлөгөөг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн хэлжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ