Дэлхий нийтэд маскны хүрэлцээ муу байгаа талаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мэдэгдсэн. Монгол Улсын эмийн сангуудад ч маскны хомсдол үүсээд буй юм. Тодруулбал, нэг удаагийн маск зарим эмийн сангуудад өдөрт 1000 ширхгээр ирж, цагийн дотор дуусч байгаа бол зарим эмийн сангуудад огт ирэхгүй байгаа аж.
Шүүлтүүртэй маск 7500-13.500 төгрөгийн үнэд хүрээд байна. Тухайлбал, "Хүрмэн" эмийн санд шүүлтүүртэй амны хаалт 13.500 төгрөгийн үнээр худалдаалж байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас маскны асуудлаар олон улсын байгууллагуудтай хэлэлцэхээр болж, Эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж, ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн талаар олон улсын түншлэгч орнуудтай хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ асуудлаар ОХУ, Япон, БНХАУ, Энэтхэг улсад хандсан гэдгийг салбарын сайд Д.Сарангэрэл мэдэгдсэн билээ.
Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй тул иргэдийг ханиад хүрээгүй бол амны хаалт зүүхгүй байж болно гэдгийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ