ТОЙМ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн долоо хоног

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн долоо хоног

ТОЙМ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоног дэлхийд болон улс оронд багагүй шуугиан, дуулиантай долоо хоног болж өндөрлөлөө. Өнгөрсөн долоо хоногт улс орны дотоод амьдралд болж өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ)-аас манай хил залгаа БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар огцом нэмэгдэж, дэлхийн улс орнуудад эрчимтэй тархсаны улмаас дэлхий даяар онц байдал зарлав. Манай улсын хувьд коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй ч сэжигтэй тохиолдлууд илэрч, шинжилгээгээр халдваргүй болох нь тогтоогдсон. Эрүүл мэндийн байгууллага болон хил гаалийн ажилтнууд 24 цагийн турш бэлэн байдалтай ажиллаж, шинэ төрлийн вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн шуурхай үргэлжлүүлэн авч байгаа билээ.

Урд хөршид дэгдсэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газрын Баасан гариг (2020.01.31)-ийн ээлжит хуралдаанаас БНХАУ-тай холбогддог хилийн боомтуудыг хэсэгчлэн хаах шийдвэр гаргав. Тодруулбал, Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын/ Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.

Мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргасан юм. Урд хөрштэй хиллэдэг бүх боомтоор монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-хүртэл нэвтрүүлэх бол гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй монгол иргэдээ нэвтрүүлэхээр болжээ. Харин бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй бөгөөд хөрш орны ард иргэдэд мөнгөн тусламж үзүүлж буй талаараа гүйцэтгэх засаглалаас мэдээлэв.

Өнгөрч буй долоо хоногийн улс төрийн амьдралд өрнөсөн гол үйл явдлын нэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудал байлаа. Түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн сарын 16-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн дагуу асуудлыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Гэвч асуудлыг 14 хоногийн дараа шийдвэрлэсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлэг дээрх асуудлаар хуралдаж, тус намын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өөрөө өргөдлөө өгөөд явахыг санал болгосон тухай эх сурвалжууд мэдээлж байв. Улмаар Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярыг түдгэлзүүлэхийг дэмжиж, байнгын хороод дэмжээгүй юм.

Өнгөрсөн Пүрэв гариг (2020.01.30)-ийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар уг асуудлыг хаалттай хэлэлцээд, нууц санал хураалт явуулж, УИХ-ын Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Гэвч уг саналыг баталгаажуулах тогтоолын төслийг илээр батлахад гишүүд дэмжээгүй юм. Чуулганы хуралдаан түр завсарлах үеэр Н.Номтойбаяр гишүүн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэхээ мэдэгдэв. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын унагасан бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг баталгаажуулах тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар дахин босгож дэмжсэн юм.

Мөн өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно; ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна; ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоохоор тусгажээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Тогтоолын төсөлд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгасан. Тодруулбал, Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6 дугаар тойрог, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойргийг тус тус байгуулахаар тусгажээ. Харин бусад аймаг болон нийслэлийн бусад дүүргүүд тус бүрдээ сонгуулийн нэг нэг тойрог байхаар зохицуулсан байна.

Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байхаар тусгажээ. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүргийн сонгуулийн 21 дүгээр тойрог 2 мандаттай, Сүхбаатар (сонгуулийн 24 дүгээр тойрог), Чингэлтэй (сонгуулийн 25), Баянгол (сонгуулийн 26 дугаар тойрог), Хан-Уул дүүрэг (сонгуулийн 29 дүгээр тойрог)-үүд тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх дүүрэг 5 мандат (сонгуулийн 22 дугаар тойрог 2, сонгуулийн 23 дугаар тойрог 3 мандаттай)-тай, Сонгинохайрхан дүүрэг 5 мандат (сонгуулийн 27 дугаар тойрог 2, сонгуулийн 28 дугаар тойрог 3 мандаттай)-тай байхаар тусгажээ.

УИХ-ын Баасан гариг (2020.01.31)-ийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх тогтоолын төслийг боловсруулж, хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 1, Улсын Их Хурал дахь намын бүлэг,  зөвлөл, Байнгын хороод, гишүүдээс давхардсан тоогоор 72, Засгийн газраас 60, нийт 133 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Улмаар Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар 17 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр тогтов.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан “Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаарх  мэдээллээр үргэлжилсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныхан гишүүдийн асуултад хариулт өгөв.

БНХАУ-ын Ухань хотод 33 монгол иргэн байснаас хоёр нь үлдэх шийдвэрээ албан ёсоор мэдэгдсэн тул 31 иргэнийг эх орондоо буцаан авахаар онгоц нисгэх зөвшөөрлөө БНХАУ-ын талаас авсан, холбогдох талуудтай техникийн зөвлөлгөөн хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд монгол иргэдээ эх оронд нь авчирна гэж мэдэгдсэн билээ.

Мэдээллийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг хааж, үг хэлэв. Тэрбээр “2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган өндөрлөж байна. Улсын Их Хурал бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохоор шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллалаа. Үнэн хэрэг дээрээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 11 сар завсарлагагүй ажиллаж, тасралтгүй хуралдсан байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын 3 чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм байна. Энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол 3 удаа зохион байгуулсан байна” гэж мэдээлсэн юм.

Шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ГХЯ-ны нэгдсэн удирдлаган дор эх оронд нь авчрав. Тодруулбал, тэдгээр иргэдийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, ХӨСҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр өнгөрсөн Бямба гариг (2020.02.01)-ийн 10:18 цагт “МИАТ” ТӨХК-ийн Г.Баатарцогт ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй тусгай үүргийн нислэгийн баг Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд амжилттай тээвэрлэн авчирсан юм.

Эрсдэлтэй бүс нутгаас ирж буй учир эдгээр иргэдийг мэргэжлийн эмч, хяналтын багийнхан стандартын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тусгай бэлтгэсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ХӨСҮТ-д тусгаарлан байрлуулав.

Оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарласан юм. Тэдгээр иргэд шинэ коронавирусийн халдваргүй болохыг БНХАУ-ын тал манай талд хүлээлгэн өгөхдөө мэдэгдэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж