БНХАУ-д Бямба гариг (2020.02.01)-ийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн улмаас 304 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн үндэсний комиссоос мэдээлэв. Вирусийн улмаас амиа алдагсдын дийлэнх тохиолдол нь Ухань хот болон Хубэй мужид гарсан байна. CNN агентлагийн мэдээлснээр, эх газрын Хятадад бүртгэгдсэн коронавирусийн халдвараар нийт 14380 хүн халдварлаад байгаа нь өнгөрсөн Баасан гариг (2020 01.31)-ийнхаас 2590 хүнээр нэмэгдсэн тоо аж.
Хятадын Хубэй мужийн засаг захиргааны төв болох 11 сая гаруй хүн амтай Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/мэдэгдсэн билээ. Уг өвчний үүсгэгч нь шинэ төрлийн “2019-nCoV” коронавирус болохыг мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 7-нд тогтоосон. Уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа Австрали, Вьетнам, Энэтхэг, Итали, Камбож, Канад, Малайз, Балба, АНЭУ, БНСУ, Сингапур, АНУ, Тайланд, Филиппин, Франц, Герман, Шри-Ланка, Япон зэрэг дэлхийн 19 оронд бүртгэгдээд байна. ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятадаас өөр олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан билээ.
ОХУ. "TASS" агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын нутаг дэвсгэрт коронавирусээр халдварласан, Хятад улсын хоёр иргэнийг илрүүлсэн байна. ОХУ-ын шадар сайд, коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шуурхай төвийн дарга Татьяна Голиковагийн мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийг “Роспотребнадзор” буюу тус улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд Тюмень муж болон Өвөр Байгалын хязгаарт илрүүлжээ. Тэднийг тусгаарласан бөгөөд шаардлагатай тусламжаар хангаж байгаа аж. Тюмень мужид шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй байгааг мужийн Онцгой байдлын газар иргэддээ анхааруулжээ.
БНСУ. "Yonhap" агентлагийн мэдээлснээр, БНСУ-д “2019-nCoV” коронавирусийн халдварын дөрвөн шинэ тохиолдол илэрч, уг вирусээр халдварласан хүний тоо 11 болж нэмэгджээ.
БНСУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс мэдээлснээр, өвчтөнүүдийн нэг нь халдварын голомт болох Ухань хотод байсан 62 настай эмэгтэй бөгөөд нэгдүгээр сарын 23-нд нутагтаа иржээ. Түүний ирсэн нислэгээр бас нэг өвчтөн ирсэн байна.
Өмнөд Солонгосын эрх баригчид үлдсэн гурван өвчтөн ямар замаар халдвар авсныг тодруулж буй бөгөөд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тэдэнтэй харьцсан хүмүүсийг хяналтдаа авчээ.
ЯПОН. "Kyodo" агентлагийн мэдээлснээр, Токиогийн Олимпийн наадмын бэлтгэл ажил үргэлжилж байгаа энэ үед шинэ төрлийн коронавирусний асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос мэдэгдэв.
ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч “Токио-2020 Олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулахад халдварт өвчнүүдийн эсрэг зохих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь чухал. Үүний тулд холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэж мэдэгджээ.
Зуны Олимпийн наадам эхлэхэд зургаан сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед уг вирус дэгдсэн нь Япон улсын хувьд томоохон асуудал болоод байгаа бөгөөд тус улсад Баасан гаригийн байдлаар уг вирусээр халдварласан хүний тоо 14-д хүрчээ. Шинэ төрлийн вирусний улмаас 2020 оны Олимп болон Паралимпийн наадмыг цуцалж магадгүй гэсэн цуурхал цахим орчинд тархсан боловч Японы Олимпийн хороо уг мэдээллийг няцаасан юм.
Хятад улсын Ухань хотод дэгдсэн вирусийн улмаас олон улсын спортын хэд хэдэн арга хэмжээ хойшилсон байна. Үүнд Хятадад зохион байгуулахаар төлөвлөж байсан Олимпийн эрх авах эмэгтэйчүүдийн хөл бөмбөг, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг, боксын тэмцээнүүдийг өөр улсад зохион байгуулахаар болжээ. 2016 онд Рио-де-Жанейрогийн Олимпын үеэр шумуулнаас хүнд халдварладаг Зика вирусийн улмаас уг наадамд хэд хэдэн алдартай тамирчин оролцоогүй юм.
БЭЭЖИН. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын нийслэл Бээжин хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 156-д хүрч, нас барсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй тухай тус хотын Эрүүл мэндийн хорооноос өнгөрсөн Бямба гариг (2020.02.01)-т мэдээлэв.
Тус хорооны мэдээлэлд “Нэгдүгээр сарын 31-ний 14:00-24:00 цагийн хооронд Бээжин хотод шинэ вирусээр халдварласан 17 тохиолдлыг шинээр илрүүлсэн. Нэгдүгээр сарын 31-ний шөнө дундын байдлаар халдварын тохиолдлын тоо 156 болж нэмэгдсэн бөгөөд нэг хүн нас барж, таван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Үлдсэн 150 хүн хөл хорионы хатуу дэглэм дор эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байна” гэж дурдсан байна.
Одоогийн байдлаар Фаншань, Пингу, Миюнь, Яньзин гэсэн ердөө дөрвөн дүүрэгт халдвар илрээгүй байгаа аж. Эдгээр дүүрэг бүгд Тавдугаар тойргийн гадна оршдог байна. Шинэ коронавирусийн халдварын хамгийн олон тохиолдол Хайдянь /35/ болон Чаоян /27/ дүүрэгт бүртгэгджээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ