АНУ-ын худалдааны сайд Уилбур Россын хэлснээр 213 хүний аминд хүрч, бараг 10 мянган хүн өвчлүүлээд байгаа шинэ өвчний дэгдэлт АНУ-ын эдийн засагт өндөр ашигтай гэнэ. Тэрбээр "Миний бодлоор шинэ өвчний дэгдэлт нь Умард Америк, зарим талаар Мексикт ажлын байр ихээр нэмэгдүүлэх болно" хэмээн Fox News-д ярилцлага өгчээ.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Маш аюултай, аймшигт өвчний талаар далимдуулсан юм шиг ашиг ярьмааргүй байна" хэмээх байр суурь илэрхийлсэн бөгөөд бизнес эрхлэгчид түүхий эдийн хангамжийн талаар бодолцон үзэж, эрсдлээ маш сайн тооцох хэрэгтэй хэмээн зөвлөжээ.
Дараа нь АНУ-ын худалдааны яам "Сайд Россын хэлсэнчлэн бид бүгдийн хийх ёстой эхний алхам бол өвчний дэгдэлтийг хяналтандаа авч, өвчтөнүүдэд туслах явдал юм" хэмээн мэдэгдэл хийсэн байна.
Үүн дээр худалдааны яамны төлөөлөгч "Олон жилийн түүхтэй, ард түмэн төдийгүй дэлхийг чиглүүлдэг улс оронд бизнес эрхлэгчдийн хувьд бусдаас илүү бодлого сайтай байх нь чухал" хэмээн нэмжээ.
Мэдээж дээрх мэдэгдэл зарим улс төрч, эдийн засагчдын шүүмжлэлд ихээр өртсөн байна. Жишээ нь ардчилсан конгрессийн гишүүн Дон Бейер "Зуу зуун хүний амь насыг хохироож байгаа өвчнөөс мөнгө олох талаар яриад байна. Зарим хүн яаж ийгээд л хамгийн муухай юмыг сэтгэчих юм" хэмээн жиргэжээ.
Цагаан ордны худалдааны зөвлөх Питер Наварро "Вашингтон Бээжинд үнийн хөнгөлөлт үзүүлэхгүй. Тариф огт өөрчлөгдөхгүй. Учир нь энэ нь үнэхээр шударга бус" хэмээн ярьжээ.
Коронавирус дэлхийд 18 оронд тархсанаар ДЭМБ онцгой байдал зарласан билээ. Мөн шинжээчдийн үзэж буйгаар коронавирус Хятадын эдийн засагт маш сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Учир нь БНХАУ цагаан сарын бүх арга хэмжээг цуцалж, улс даяар том аялал жуулчлалын компаниуд, аж үйлдвэр, жижиглэн худалдаа эрхлэлтийг хаагаад байгаа билээ.
Эх сурвалж: rt.com
Холбоотой мэдээ