Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.31) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Байнгын хороо энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх тогтоолын төслийг боловсруулж, хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 1, Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, Байнгын хороод, гишүүдээс давхардсан тоогоор 72, Засгийн газраас 60, нийт 133 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ.
Тогтоолын төслийг боловсруулахдаа хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ирүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримталсан гэдгийг Байнгын хорооны дарга дурдав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54,3 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.
Дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар 17 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр тогтов. Үүнд:
1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
2/“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/““Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
9/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
11/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
16/Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
17/“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
18/бусад.
Ингэхдээ хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Харин Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Монгол Улсын Их Хурлын даргад зөвшөөрөхөөр тогтов. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Улсын Их Хурлын Байнгын хороод, Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус үүрэг болгохоор тогтлоо.
Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа
Дараа нь Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар тус тус танилцуулсан.
Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны 07 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 онд батлах үеэр түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд тодорхой тусгалгүйгээр баталсан байдаг. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны дараа буюу 2002 оны 09 сард түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан Тусгай ажлын хэсэг нь 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг Уганда Улсын Кампала хотноо 2010 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 11-нд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж ОУЭШ-ийн Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ.
Тус нэмэлт, өөрчлөлтөөр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасч, 8 bis дугаар зүйлийг нэмж оруулсан бөгөөд тус зүйлээр батлан хамгаалахын, эсхүл улс төрийн шууд оролцоотой буюу удирдах албан тушаалтан тус гэмт хэргийн (үйлдэгч) субьект болохоор заасан нь Ромын дүрэмд дурдсан бусад 3 төрлийн олон улсын гэмт хэргээс ялгаатай аж.
Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн (а) болон (с) дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан 15 ter дугаар зүйл нэмсэн. Уг зүйлийн дагуу түрэмгийллийн үйлдэл гэж тооцоход НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүгнэлт заавал гарах хэрэггүй бөгөөд оролцогч улс эсхүл Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэдэх прокурор түрэмгийллийн үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалтыг эхлүүлэх эрхтэй байхаар болсон. Мөн энэ зүйлээр түрэмгийллийн гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд 2 төрлийн хязгаарлалт тогтоосон. Нэгдүгээрт, Ромын дүрмийн оролцогч биш улсын иргэн, эсхүл түүний нутаг дэвсгэрт түрэмгийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд шүүх тус хэргийг харьяалан шийдэхгүй. Хоёрдугаарт, аливаа оролцогч улс түрэмгийллийн гэмт хэргийн хувьд Олон улсын эрүүгийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тусгайлан мэдэгдсэн тохиолдолд уг гэмт хэргийн таслан шийдвэрлэх ажиллагааг Олон улсын эрүүгийн шүүх явуулахгүй байхаар тусгажээ.
Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг 2020 ны 01 дүгээр сарын 28, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцэж, хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлэв.
Ингээд Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь батлах нь зүйтэй гэж үзлээ.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Үргэлжлүүлэн Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар тус тус танилцууллаа.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 29.1 дүгээр зүйлийн гарчиг, 29.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “түрэмгий дайныг” гэснийг “түрэмгийлэл, эсхүл дайныг” гэж, 29.1 дүгээр зүйлийн гарчиг, 29.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, 29.2 дугаар зүйлийн гарчиг, 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “түрэмгий дайн” гэснийг “түрэмгийлэл, эсхүл дайн” гэж тус тус өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Ийнхүү өөрчлөлт оруулснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, тухайлбал Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан нэр томьёотой уялдуулж, нэг мөр болгоно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, санал хэлээгүй тул Байнгын хорооны саналаар Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 58,7 хувь нь үзэв. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томиллоо
Хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудлаар үргэлжлэв. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1,15.2-т заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнд Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг, Хууль зүйн байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг тус тус нэр дэвшүүллээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос тус бүр нэг нэр дэвшигч санал болгох хуулийн зохицуулалттай.
Ингээд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нар тус тус танилцуулсан.
Нэр дэвшигч Т.Цэрэнбадрал нь 1978 онд Дундговь аймагт төрсөн, 2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 2010 онд “Либерти” дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуулийн бизнесийн удирдлагын магистрийн зэргийг тус тус хамгаалсан. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны 09 дүгээр сараас “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж иржээ.
Нэр дэвшигч Н.Хүдэрчулуун нь 1981 онд Говь-Алтай аймагт төрсөн. 2000-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгсөж, 2005-2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2009-2012 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2004-2016 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга, 2017 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.0 хувь нь тус тус дэмжиж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээс О.Батбилэгийг чөлөөлөхөөр боллоо.
Дараа нь “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг горимын саналыг дэмжсэн тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
“Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Энэ талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав. Хуучнаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төвийн хотуудын (Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий) хилийн цэсийг баталсныг Улсын Их Хурлын 1994 оны 33 дугаар тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгож өөрчилжээ.
Сүүлийн жилүүдэд төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болсноор хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олголт хийгдэж газрын зөрчил маргаан ихээр гарах болсон байна. Энэ нөхцөл байдал нь аймгийн төвүүдийн хөгжил, цаашид үйлдвэрлэл, үйлчилгээний болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, газрын нэгдмэл сангийн тооллого, газйар ашиглалтын бүртгэл мэдээллийг үнэн бодитой бүртгэх, хөтлөх ажилд хүндрэл учруулах болжээ.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тухайд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олголт хийжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал 1977 оноос эхлэн яригдаж, өнөө хүртэл шийдэгдээгүй байна.
Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын дагуу Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудын төвийн сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулахтай холбогдсон үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргаж, зохих саналуудаа ирүүлсний дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Өвөрхангай аймгийн төвийн Арвайхээр сумын газар нутгийг нэмэгдүүлснээр аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хүн амын суурьшил тэлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдах, ая тухтай амьдрах боломж нэмэгдэж, стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтууд хийхэд чухал нөлөө үзүүлнэ. Түүүнчлэн Арвайхээр сумын иргэд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу газар өмчлөх боломжтой болно.
Мөн Баян-Өлгий аймгийн Бугат, Өлгий сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулснаар Бугат сумын Засаг даргын шийдвэрээр олгогдсон Өлгий сумын хилийн цэсэд хамаарах нийт өмчлөх, эзэмших, ашиглах эрх бүхий 4138,58 га газрыг буюу 1439 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын эрхийн баталгаажуулалтыг газрын кадастрын мэдээллийн санд нэгтгэх боломжтой болж, иргэдийн газрын харилцааны үйлчилгээ авах асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу газраа өмчилж аваагүй байсан иргэд газар өмчлөх, эзэмших, ашиглах боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, А.Сүхбат, Б.Дэлгэрсайхан, М.Энхболд, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ. Л.Мөнхбаатар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс аймаг нийслэл, сум, дүүргийн хувьд газар нутгийн маргаан хэчнээн байгааг тодруулахын зэрэгцээ уг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар зарчим баримтлан ажиллаж байгааг тодрууллаа. Мөн Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн асуудлыг тусад нь оруулж ирж байгаагийн шалтгааныг илүүтэй лавлав.
Ажлын хэсгийн зүгээс хариултдаа, 21 аймгаас хоёрхон аймаг буюу Өмнөговь, Говьсүмбэрт л хилийн цэсний маргаан байхгүй байна. Бусад бүх аймаг, нийслэл, сумдад хилийн цэс, газрын маргаантай байгааг тодотгоод “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд нь ойлголцож, зөвшилцөн асуудлаа шийдвэрлэсэн тул хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсныг онцоллоо. Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс 1971 онд тогтоосон хилийн цэсийг баримталж байгаа бөгөөд цаашид хилийн цэс, газрын маргааныг шийдвэрлэхийн тулд цахим мэдээллийн системийг нэвтрүүлэн кадастрын зураглалыг оруулж байгаа. Мөн хилийн цэстэй холбоотой зарлиг, тогтоолын алдаанаас үүдэлтэйгээс бусад газрын маргааныг холбогдох байгууллагууд нь шат дараатай арга хэмжээ аван ажиллаж байна гэж байлаа. Ингээд “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
“Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл сонсов
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан “Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаарх мэдээллээр үргэлжлэв.
Шинэ коронавирусийн халдвар тархсан талаарх мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан даруйд Монгол Улсын Засгийн газар хоёр удаа, Улсын онцгой комисс хоёр удаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр тус тус хуралдаж, эл аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд мэдээллийнхээ эхэнд дурдав.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар тэрбээр мэдээлэл өгсөн юм. Эл нөхцөл байдалд зориулан авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн хэмжээг баталжээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомт, хорио цээрийн бүсэд ажиллаж, үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, албан хаагчдын хамгааллын хэрэгсэл, эм бэлдмэлээр хангах хөрөнгийн асуудлыг пүрэв гарагт шийдвэрлэсэн байна. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бүрнээ дайчлан ажиллуулж байгаа гэв. Улсын хилээр нэвтэрч буй сэжигтэй тохиолдол бүрийг мэргэжлийн үүднээс шалгалт хийж, шинжилгээ авч, ажиглалт хийсээр байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Халдварт өвчний голомтоос ирсэн иргэдийг хүлээн авах тусгай байр бэлтгээд байгаа, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч байгаа гэдгийг Улсын онцгой комиссын дэд дарга мэдээлэлдээ дурдсан. Зам тээврийн хөгжлийн яамнаас баталсан шугмаар, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийн дагуу нийтийн тээврийн хэрэгслийг эрүүл ахуйн халдвар судлалын нөхцөлийг сайжруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэв. Мөн БНХАУ-аас Монгол Улс руу ирэх Монгол Улсын иргэдийг тээвэрлэн, авчрах зорилгоор хуваарь гаргах, шаардлагатай тохиолдолд нэмэлт тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зохион байгуулах, ирсэн хойно нь хилийн боомтууд дээр ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу мэргэжлийн үзлэг хяналт хийж, сэжигтэй тохиолдол бүрийг тусгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
Иргэд үүсээд буй нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг нягтлах шаардлага бий гэдгийг онцолж байв. Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл мөрдөх онцгой дэглэмийг зарласан. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уламжлалт сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байгаа, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нутгийн зөвлөл, хамт олны зохион байгуулалттай золголт, төрийн золголт, үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан талаар Н.Энхболд сайд мэдээлсэн. Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хилийн зарим боомтыг хаах, хязгаарлалт тогтоох тухай шийдвэр гаргаад байгааг тэрбээр мэдээллийнхээ үеэр дурдав. Монгол Улс, БНХАУ хоорондын агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэн, тус улсаар дамжсан Монгол Улсаар дайрч өнгөрч буй эсвэл Монгол Улсад ирж буй гуравдагч улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. БНХАУ-ын талаас ирэх Монгол Улсын иргэдийг агаарын замын Чингис хаан олон улсын нисэх буудал, Замын-Үүдийн галт тэрэгний боомтоор нэвтрүүлж байх шийдвэр гаргажээ. БНХАУ-д байгаа олон монгол иргэд эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд галт тэрэг нэмэх, автобус нэмэх байдлаар зохицуулалт хийсэн. Иргэдэд мэдээлэл авах боломжийг тооцоолон Монгол Улс, БНХАУ хоорондын хилийн зүүн болон баруун талын хоёр боомтоор монгол иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэвтрүүлэх юм байна. Эрсдэлт цэгийг аль болох цөөлж, хяналт шалгалтыг өндөрсгөн, шаардлагатай арга хэмжээг авах нөөц, хүчээ төвлөрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байгааг Н.Энхболд сайд дурдсан.
Энэ хугацаанд Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор нэвтэрч буй ачаа тээврийн галт тэрэгнүүд хуваарийн дагуу явах юм байна. Өөрөөр хэлбэл, экспорт, импорт буюу худалдаа арилжааны ажил хэвээр үргэлжлэх боломжтой гэдгийг мэдээллийн үеэр онцолж хэлсэн. Ачаа тээвэрлэж буй автомашины жолооч нар хилийн дотор богино рейс хийж, БНХАУ-ын автомашины жолооч нар хилийн цаана хүлээн авах дэглэмд ороод байгаа гэлээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр БНХАУ-д буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн болохыг Н.Энхболд сайд тэмдэглэлээ. БНХАУ-ын Үхань хотод 33 монгол иргэн байгаа бөгөөд тэдгээрийн 2 нь үлдэх шийдвэрээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм байна. Харин бусад 31 иргэнийг буцаан авахаар өнөөдөр онгоц нисгэх зөвшөөрлөө БНХАУ-ын талаас аваад байгаа, холбогдох талуудтай техникийн зөвлөлгөөн хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд монгол иргэдээ эх оронд нь авчирна гэв.
Уг мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ