Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг ирэх сараас нэмэх шийдвэрийг Засгийн газрын нэгдүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан. Энэ дагуу 500 хүртэлх мянган төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон юм. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болон нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, тэтгэвэр авагчид хоёрдугаар сарын 3-аа нэмэгдсэн дүнгээр тэтгэврээ авах юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 31.5 хувиар тус тус нэмжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ