Европын хөлбөмбөгийн солилцоо наймааны эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Европын хөлбөмбөгийн солилцоо наймааны эргэн тойронд

Европын хөлбөмбөгийн солилцоо наймааны эргэн тойронд

Европын хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх өнөөдөр /2020.01.31/ албан ёсоор хаагдана. Одоогийн байдлаар Английн Премьер лигийн багууд тун завгүй, хөл хөдөлгөөн ихтэй байна. Ингээд та бүхэндээ одоогийн байдлаар хийгдээд буй томоохон шилжилт, хөдөлгөөнүүдийн мэдээг хүргэе.

Арсенал клуб 26 настай Бразил хамгаалагч Пабло Мариг Бразилын Фламенго клубээс худалдан авах нөхцөлтэй зээллэгээр авлаа. Тэрбээр өмнө Манчестер Сити клубд гурван улирал хүчин зүтгэж байсан юм.

Манчестер Юнайтед клуб урт удаан хүлээлгэсэн анхны наймаагаа хийлээ. Улаан чөтгөрүүд Португалийн Спортинг Лисьбон клубээс хамгаалагч Бруно Фернандесийг 47 сая фунтээр худалдан авч, таван жил хагасын гэрээ байгууллаа. Өдгөө 25 настай Португаль хагас хамгаалагч Спортингийн төлөө 137 тоглолтонд 63 гоол, 52 гоолын дамжуулалт өгчээ.

Тоттенхэм Хотспур клуб Нидерландын ПСВ Эйндховен клубээс 22 настай Стевен Бергвинийг 27 сая еврогоор худалдан авч 2025 онд хүртэл гэрээ байгуулжээ. Нидерланд жигүүрийн хувьд шинэ багтаа 23 дугаартай тоглох аж.

Шеффильд Юнайтед клуб өөрсдийн наймааны рекордоо эвдэн 22 сая фунтээр Норвегийн залуу авьяастан Сандер Бергегийг Бельгийн Генк клубээс авчирлаа.Энэ жил 21 настай тэрбээр дөрвөн жил хагасын гэрээ үзэглэжээ. Уг нь түүний араас Челси, Арсенал, Манчестер Юнайтед, Ливерпуль зэрэг томоохон клубууд хөөцөлдөж байсан ч Сандер Берге даруухан сонголт хийлээ.

Италийн Интер Милан клуб Английн клубуудээс гурван тоглогчийг элсүүлсэн. Эхнийх нь Манчестер Юнайтед клубээс Англи жигүүрийн хамгаалагч Эшли Янгийг нэгтгэсэн бол дараа нь Челси клубээс Виктор Мозесыг зээллэгээр авсан. Харин саяхан Тоттенхэм клубээс Кристиан Эриксенийг 16.9 сая фунтээр өөрийн эгнээндээ нэгтгэлээ.

Германы Херта Берлин клуб А.С Милан клубээс Польш довтлогч Криштоф Пиантекийг худалдан авлаа. Польш довтлогчийн хувьд ийнхүү ганцхан улирлын бууриа сэлгэж байна.

 

Испанийн “шар усанд шумбагчид” буюу Вилларьял клуб Германы Бориуссиа Дортмунд клубээс Испани довтлогч Пако Алкацерийг 23 сая еврогоор худалдан авч таван жилийн гэрээ байгуулжээ. Алкацер өмнө нь Испанийн Валенсиа, Гетафе, Барселона зэрэг клубуудэд тоглож байсан туршлагатай нэгэн.

Английн Ньюкастл Юнайтед клуб Тоттенхэм Хотспур клубээс Англи жигүүрийн хамгаалагч Дэнни Рөүзийг улирал дуустал зээллэгээр эгнээндээ нэгтгэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж