“Муу эр дайнд хөөрнө” гэгчээр вирусний сургаар манайхан үймэлдлээ. Эмийн сангуудад “хөглөрч” байдаг амны хаалт, санитол нүдний гэм болж, талх, гурил будаа, мах, ногоог хүмүүс их хэмжээгээр нөөцөлж хүнсний зах сүлжээ дэлгүүрүүдийн лангууг хоосолсон нь ёстой л дэлхий сүйрэх гэж байгаа юм шиг аашлав. Аргаа барахдаа л хууль хүчний байгууллагаас худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая хүртэлх төгрөгөөр торгож, их хэмжээний хүнс худалдан авч буй иргэдэд ч бас мөнгөн торгууль ногдуулахаар болсон билээ.
Энэ бүхнээс илүү хамгийн чухал нь коронавирус монголчуудад соёлын довтолгоо, иргэдийн ариун цэвэрт дүн тавив. Нэгэн цагт соёлын довтолгоог төрөөс бодлоготойгоор зарлаж, иргэддээ зааж, зааварчилж, үлгэрлэж байснаа бодвол бид өнөөдөр дэлхийн аль ч улс орны соёлын мэдээлэл, биеэ зөв авч явах зэрэгт суралцжээ.
Гэхдээ одоо ч нийслэлийнхээ гудамж талбайн булан тохойд нус, цэр, шүлс, шээстэйгээ зууралдсаар л. Өвөлж нь хөлдөж, хөгцөрсөн шээс, нус цэр нь хавар нь хайлж, агаарт болоод хөрсөнд шингэх замаар биднийг хордуулсаар ирсэн. Харин бид үүнийг ухамрлаж, ойлгосон тун бага. Харин дэлхий дахиныг сандаргаж онц байдал зарлах хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй гэж ЭМЯ-наас мэдээлсэн ч хүн бүр эрүүл мэнддээ анхаардаг болж амны хаалтыг хэдхэн хоногт л зүүж хэвшсэн бололтой. Харин ч амны хаалт зүүгээгүй нэгнээ муухай харж, зарим нэг нь шаардлага тавьсаар гудамжаар амны хаалт зүүгээгүй хүн тун ховор болжээ.
Хүйтний улиралд өчнөөн жил амны хаалт зүүж хэвшээгүй хүмүүс хэдхэн өдрийн дотор амны хаалт зүүж, гараа тогтмол угаадаг болсныг эмч нар ч гайхаж байгаа юм. НЭМГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх ярихдаа “ Томуугийн улиралд жил бүр өвчлөл их байдаг. Эмч нар иргэдэд амны хаалт зүүхийг уриалж зөвлөж ирсэн. Шинэ төрлийн коронавирус тархаж буй сургаар манайхан амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж түгшүүртэй байдалд орж байна. Бид зөвхөн энэ вирусээс урьдчилан сэргийлэхдээ биш томуу томуу төст өвчний дэгдэлтийн улиралд амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж дадах хэрэгтэй” гэлээ.
Иргэд амны хаалт зүүж эхэлсэн өдрөөс эхлэн гудамж талбайд нус цэрээ хаяж, нийтийн тээвэрт амны хаалтгүй ханиалгаж найтаалгадаг хүн тааралдвал нэгэн лүүгээ муухай хардаг болсон нь сайшаалтай. Бие биедээ шаардлага тавьж эхэлснээр хотын соёл ч төлөвшинө. Цаашлаад агаар дуслын замаар дамжиж халдварладаг элдэв төрлийн өвчлөл буурна гэсэн үг. Заавал онц аюултай өвчин тархсан үед биш томуугийн улиралд эрүүл мэндээ хамгаалж, бусдыг хүндэлж амны хаалт зүүж, гараа тогтмол угааж ариун цэврээ хүн бүр дадаж сурах нь чухал. Гэвч коронавирусийн тархалт намжиж эхлэхэд иргэд өнөөх л муу зуршлаа давтахгүй байх учиртай. Ганцхан жишээ дурдахад л өнгөрсөн долоо хоногт олон нийтийн гудамж талбайд амны хаалт зүүгээгүй хүн тааралдаагүй гэхэд хилсдэхгүй. Хүн бүр нэг удаагийн амны хаалтаас эхлээд шүүлтүүртэй, даавуун зэрэг олон төрлийн маск зүүсэн байв. Харин энэ долоо хоногоос гэхэд иргэд тайвширсан уу, эсвэл амны хаалт олдоогүй юу гудамж талбайд амны хаалтгүй зөрж өнгөрөх хүмүүс олширчээ. Тиймээс өөрийгөө болон бусдыг хүндэлж хүйтний улиралд амны хаалт зүүж, гараа тогтмол угаах, олон нийтийн гудамж талбайд нус цэрээ хаядаг хэнэггүй монгол зангаа болих хэрэгтэй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ