"Хөгжлийн банкны баталгаатай таван жилийн хугацаатай бонд гаргана"

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн банкны баталгаатай таван жилийн хугацаатай бонд гаргана"

"Хөгжлийн банкны баталгаатай таван жилийн хугацаатай бонд гаргана"

Монголбанкнаас өнөөдөр /2020.01.31/ мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд  Монгол Улсын  эдийн  засаг болон санхүүгийн зах зээлийн  2020 оны төлөв байдлын  талаар Монголбанкны мөнгөний бодлогын  газрын захирал Б.Баярдаваа дараах  мэдээллийг  өглөө.


Тэрбээр “АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаан шийдэгдсэн учраас дэлхийн зах зээлд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлж байна.  Коронавирусийн  дэгдэлт  гарахаас өмнө эдийн засгийн нөхцөл байдлуудыг  харахад худалдаа болон аж үйлдвэрийн индексүүд дээр эерэг өөрчлөлт гарсан байна. Үүнээс гадна дэлхийн эдийн засагт цаашид  уналт ажиглагдахгүй. Нэг ёсондоо ёроолдоо ирж байна гэх дүгнэлтийг 2020 оны эхэнд олон улсын эдийн засагчид  ярьж эхэлсэн.

Холбооны нөөцийн банк хүүгээ хэвээр хадгалж байгааг харахад нэг талаасаа тодорхой улсаас шалтгаалсан байж магадгүй нөгөө талдаа эдийн засгийг  мөнгөний бодлогоор дэмжих  нь  багассан гэдгийг хэлж болохоор байна. Олон улсын валютын сангийн  /ОУВС/  хөтөлбөр 2020 оны тавдугаар сард дуусна.

"Сонгууль зургадугаар сард болох учраас наана нь одоогийн байгаа Засгийн газартай энэ асуудлыг ярихад эрт байна. Дараагийн шинээр бүрдэх  Засгийн газартай ярих нь илүү найдвартай"  гэх  байр суурийг  нөгөө талаас илэрхийлсэн.

Тэгэхээр хэлэлцээрүүд цааш үргэлжлээд явна гэсэн үг. ОУВС-ийн хөтөлбөр үр дүнтэй байсан. Хөтөлбөр  анх эхэлж байхад Монгол Улсын  эдийн засагт үүсээд байсан гадаад болон дотоод хүндрэлтэй байдлууд харьцангуй  шийдэгдсэн гэж харж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ДОТООД НӨХЦӨЛ БАЙДАЛ

Харин дотоод нөхцөл байдлыг  дүгнэхэд хийгээр 2019 оны эцсийн эдийн  засгийн өсөлтийн  тоо хоёрдугаар сарын дундуур гарахаар боловч бусад богино давтамжтай тоон үзүүлэлтүүд  гарч эхэллээ. Эдийн засгийн нөхцөл байдлыг харахад дотоодийн эдийн  засгийн өндөр өсөлт сүүлийн гурван жил хадгалагдаж байна. Ялангуяа 2017-2019 оны эхний  гурван улирлаар эдийн засгийн өсөлтийг  авч  үзэхэд улирал хоорондоо хэлбэлзэлтэй байгаа хэдий ч 6 орчим хувийн өсөлттэй явж байгаа.

Эдийн  засгийн өсөлтийн өндөр  хувийг тэтгэхэд гол нөлөөлсөн хүчин зүйл нь нэг талаасаа хөрөнгө оруулалтын эрэлт юм. Хөрөнгө оруулалт  сүүлийн гурван жилийн хувьд маш ихээр өслөө. Тогтмол 20-30 хувийн өсөлттэй явж байна. 2019 оны хувьд ч гэсэн 20 орчим хувийн өсөлттэй гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.  2020 оны хувьд хөрөнгө оруулалтын том эрэлт намжиж эдийн засгийн өсөлт нь арав орчим хувь руу буух байх. Нөгөө талаас эдийн засгийн дээрх өсөлтөд өрхийн хэрэглээ хувь нэмрээ оруулсан.

2020 онд  төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа учаас цалин бодит орлогын өсөлт нь хэрэглээний өсөлтөд эерэг  нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Төрийн албан хаагчдын нийт цалингийн өсөлт 14 орчим хувийн өсөлттэй байхаар тооцоолол гарсан. Энэ нь  хэрэглээнд дэмжлэг үзүүлж нөгөө талдаа өрхүүдийн зээлийн өрийн дарамтад эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл, сүүлийн 2-3 жил ажиглагдсан  хөрөнгө оруулалтын эрэлт, хэрэглээний импорт ч мөн адил намжиж байгаа гэж хэлж болно.  Тухайлбал, 2018 онд нийт импортын өсөлт 35 орчим хувьтай байсан бол 2019 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр гурав орчим хувьтай  гарах болов уу. Үүнийг задлаад авч үзвэл нефть, бензин, хөрөнгө оруулалтын шинж чанартай машин тоног төхөөрөмж эдгээрээс бусад хөрөнгө оруулалтын хэмжээ тогтворжсон гэдэг нь харагдаж байгаа.

Дотоод эдийн засагт анхаарах ёстой өөр нэг зүйл нь инфляцын төлөв байдал. 2019 оны инфляцын түвшин оны эцэс рүү  таван хувь  руу буусан. Энэ нь төв банкны  зорилтот түвшин найман хувийн зорилтыг хангаснаас доош үзүүлэлт юм. 2019 оны сүүлийн хагас ялангуяа гуравдугаар улиралд инфляцын түвшин  арван хувьд хүрсэн.  Тухайн үед нийлүүлэлтийн шинж нартай инфляц  давамгайлж байсан учраас мөнгөний бодлогоор хариу үйлдэл үзүүлэх шаардлагагүй  гэж Төв банкнаас үзсэн.  Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн нөлөө арилахад инфляц зорилтод түвшиндээ эргээд буудаг.  Коронавирустэй холбоотойгоор хэрэглэгчдийн хүлээлтэд нөлөөлөөд тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүний үнэд өсөлт гарч байна. Гэхдээ энэ нь түр зуурынх" гэлээ. 

Дараа нь сэтгүүлчдийн  сонирхсон асуултад хариуллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ Салхитын мөнгөний ордыг эх үүсвэрээ болгож, зээл тэглэнэ гээд байгаа. Танай төсөөлөлд энэ нь хэрхэн бууж байв?

-ҮАБЗ-өөс  иргэний тэтгэвэр барьцаалсан  зээлийг төрөөс нэг удаа төлөх зөвлөмжийг гаргасан. Уг зөвлөмжид үндэслэн Засгийн газраас хуулийн төсөл боловсруулж УИХ-аас баталсан. Тус хуульд монгол банкны оролцоог тодорхой тусгасан байгаа. Монголбанкны  зүгээс хуулийг хэрэгжүүлэхэд эдийн засаг, банкны салбарт сөрөг нөлөө багатайгаар оновчтой хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нөгөөтэйгөөр Монголбанк дотоодын зах зээл дээрээс үнэт металл худалдаж авдаг. “Эрдэнэс Монгол” ХХК  Салхитын мөнгөний ордноос олборлосон мөнгийг Монголбанк худалдан авч цэвэршүүлээд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн  гаргасан бондын эргэн төлөлт хийгдэнэ  гэсэн төсөөлөлтэй байгаа. УИХ-аас баталсан хуулийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас тоон мэдээгээ  “Эрдэнэс Монгол”  ХХК-д өгөөд тус компани нь Хөгжлийн банкны баталгаатай таван жилийн хугацаатай бонд гаргана. Уг бондыг банкуудад шилжүүлж  өгөх замаар иргэдийн тэтгэврийг төлнө.

-Зээлийн өсөлт жилийн дүнгээр таван хувь руу орж буурахад хэрэглээний зээл нөлөөлсөн үү?

-Зээлийн өсөлт нийт дүнгээрээ 4.5 хувьтай.Энэ нь өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад эерэг үзүүлэлт. 12-13  хувийн өсөлтөөс доош буурсанд хэд хэдэн хүчин зүйл  нөлөөлсөн. Нэгдүгээрт хэрэглээний зээлийн өсөлтийг хэрэглээ болон бизнес гэж дотор нь ангилж авч үзвэл хэрэглээний зээлийн өсөлт 7.7 хувиар өнгөрсөн оны эцсээс буурсан. Энэ нь 400 тэрбум орчим төгрөгийн асуудал яригдаж байна. Харин бизнесийн зээл 11 хувийн  өсөлттэй байгаа. Нөгөө талдаа хэрэглээний зээл рүү явж байсан санхүүгийн  эх үүсвэр бизнесийн зээл рүү шилжсэн. Ахиад дотор  нь валютын төрлөөр нь ангилж авч үзвэл төгрөгийн зээлийн өсөлт  нь төгрөг талдаа өсч валют талдаа буурсан. Валютын зээлийн үлдэгдэл  2018 оны эцэстэй харьцуулахад 2019 оны эцэст 28 хувиар буурсан. Тэгэхээр ам.доллароор биш төгрөгөөр эдийн  засаг руу зээл гарч байна гэсэн үг. Энэ бол сайн үзүүлэлт. 

Банк бус санхүүгийн байгууллагуудаас /ББСБ/   гарсан зээлийн нийт  өсөлт нь дүнгээрээ их том харагдаад байгаа. Гэхдээ нийт абсолют дүнгээр нь харвал 500 тэрбум төгрөгийн зээлийн өсөлт яригдана. Үүнд хэрэглээний зээл  дээр  тавьсан хязгаарлалтай холбоотой гэхээс илүү ББСБ-ын үйл ажиллагаа их хялбаршиж нээлттэй болох, барьцаа хөрөнгийн үнэлгээ нэмэгдсэн гэхчлэн үзүүлэлтүүд нөлөөлж байгаа. Гэхдээ ахиад хэрэглээний  зээлийг ББСБ-ын өндөр хүүтэй  зээлээр санхүүжүүлээд  байх эрсдэл байгаа учраас арилжааны банкнуудад   хэрэгжүүлж байгаа өр орлогын харьцаа, хугацааны хязгаарлалтуудыг ББСБ дээр  давхар хэрэгжүүлэх ёстой гэсэн хэлэлцээрт хүрсэн.

Санхүүгийн дансны ашиг нэмэгдэхэд компаниудын гаргасан бонд нөлөөлсөн гэсэн. Ямар, ямар бондууд хэзээ орж ирсэн талаар мэдээлэл өгөх боломж байна уу

Санхүүгийн дансны ашиг  2.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Үүнийг нь дотор нь задлаад үзвэл гадаадын  шууд хөрөнгө оруулалт 2.1 тэрбум ам.доллар, багцын хөрөнгө оруулалт буюу аж ахуйн нэгжүүдийн гаргасан бондын эх үүсвэр 368 сая ам.долларын ашигтай гарсан. 2019 оны нэгдүгээр сард гаргасан  “МИК холдинг” хувьцаат компани олон улсын зах зээл дээр гаргасан бондын   эх үүсвэр орж ирсэн нь ашигтай ажиллахад  нөлөөлсөн.

-Олон улсын валютын сангийн /ОУВС/ хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээ хийгдээгүй хойшлогдож явсаар байгаад өнөөдрийг хүрсэн.гуравдугаар сард ажлын хэсэг ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Голчлон ямар асуудлыг ярих вэ

ОУВС-ийн техникийн багийн ажлын хэсэг эдийн засгийн төлөв байдал, эдийн засгийн ирээдүйн хандлага дээр төвлөрч ажиллана. Энэ нь эргээд цаашаа ОУВС-тай яригдах асуудлуудын суурь нь болж цаашаа явах юм. Хөтөлбөрийг дүгнэж хэлэхэд амжилттай  хэрэгжсэн.

-Хятадын Ардын банкны своп хэлцэл цаашид үргэлжлэх үү?

2020 оны долдугаар сард гэрээний хугацаа дуусна. Долдугаар сард  гэрээг дахин гурван жилээр сунгана.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж