ФОТО: УИХ-ын намрын чуулган өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

LiveФОТО: УИХ-ын намрын чуулган өндөрлөлөө

18 : 39
2020-1-31

Г.Занданшатар: Төрөө төвшитгөж, улсаа цэгцэлж, засаглалаа зассан өөрчлөлтийг хийлээ

-Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг-

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган өндөрлөж байна. Улсын Их Хурал бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохоор шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллалаа. Үнэн хэрэг дээрээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 11 сар завсарлагагүй ажиллаж, тасралтгүй хуралдсан байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын 3 чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм байна. Энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол 3 удаа зохион байгуулсан байна. 

Ихээхэн хүч хөдөлмөр, итгэл сэтгэл, цаг хугацаа зориулан байж олон чухал хууль, тогтоолыг хэлэлцэн баталсны дотор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ парламентын төдийгүй Монгол Улсын Их Хурлын түүхэнд тод үсгээр бичигдэж үлдэх нь гарцаагүй. Төрөө төвшитгөж, улсаа цэгцэлж, засаглалаа засах, эрүүл шударга, хөгжингүй нийгмийн ирээдүйг тодорхойлох чин зорилготой энэхүү түүхэн өөрчлөлтийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, Монголынхоо нийт иргэдэд дахин талархал илэрхийлж байна.

Улсын Их Хурлын намрын чуулганаар улсын төсвөө баталж, Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл,  сум,  дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Өмгөөллийн тухай,  Засгийн газрын тусгай сангийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Оюуны өмчийн тухай, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэн баталлаа. Эдгээрээс онцолж заримыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Эх орныхоо эрдэнэс баялгийн өгөөжөөс ахмад буурлуудынхаа ачийг санаж, ачааг хөнгөлөх зорилготой “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг баталлаа. Монголчууд ахас ихсээ хүндэлж, ачийг нь хариулахыг хичээдэг сайхан ёс уламжлалтай. Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заасан монгол хүн бүр байгалийн баялгийнхаа эзэн байх, үр өгөөжийг нь тэгш, шударга хүртэх зүйл, заалтыг шууд хэрэгжүүлсэн анхны жишиг нь энэ хууль боллоо. 

Баялгийн үр шим гагцхүү монгол хүнд, Монголын төлөө зориулагдах учиртай. Чухамхүү энэ энгийн атлаа гарцаагүй зарчмыг үндэс болгож Салхитын болон бусад ордын ирээдүйн орлогоос ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсан юм. Ингэснээр ахмад буурлууд маань зээлийн дарамтаас бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврээ өөрийнхөө ахуй амьдралын хэрэгцээнд зарцуулах бүрэн боломж нээгдэнэ. Цаашид байгалийн баялгаас олох орлогын өгөөжөөс нийт ард түмэндээ хүртээх, санд хуримтлуулж, хөгжил дэвшлийн ирээдүйдээ зориулах зарчим тууштай хэрэгжих ёстой гэж үзэж байна.

Энэ онд Ирээдүйн өв санд байгалийн баялгаас 1.0 их наяд төгрөг хуримтлагдахаар төсөвлөсөн. Одоо энэ санд 350 гаруй тэрбум төгрөг хуримтлагдаад байна. Үүнийг 2030 оноос зарцуулж эхлэх бөгөөд энэ Улсын Их Хурал, Засгийн газар түүхэндээ анх удаа Ирээдүйд зориулсан өв санг нэмэх баланстай үлдээж байна. 

Мөн “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулиар олон хүүхэд төрүүлж, өсгөн, эрт тэтгэвэрт гарсан ээжүүдийнхээ тэтгэврийг нэмэгдүүлснийг тэмдэглэж хэлье. Бас Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн санал, дүгнэлтүүдэд үндэслэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталсан. Гэрээг сайжруулах ёстой. Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх  нь зүйд нийцнэ. Өөрийнхөө баялгийг ашиглуулчихаад, эзэн нь болсон монголчууд хоосон төдийгүй, өр төлж байж таарахгүй. Монголын баялгийг ашиглаж байгаа бол Монголын эрх ашиг нэн тэргүүнд тавигдах ёстой. Энэ бол Монголын ард түмний шаардлага юм. Энэ шаардлага, хүсэмжлэлийг эш үндэс болгон энэхүү тогтоолыг гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тууштай ажиллахыг Засгийн газрын Ажлын хэсэгт даалгаж байна. 

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нийт 2 их наяд 152.5 тэрбум төгрөгийн 1438 барилга байгууламж, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, 2020 он Их бүтээн байгуулалтын жил байх болно. Талцаж маргаж, олсноо үрэн таран хийж, авлигын ёроолгүй сав руу асган цутгаж, цөөнх нь баяжиж, олонх нь үгүйрдэг байдалд цэг тавих цаг ирсэн. Шударга ёс, хууль, ард түмэн засагладаг, арвижуулан дэлгэрүүлж, бүтээн босгож, амар жаргалтай амьдрах сайн цагийн салхи сэвэлзэх учиртай. Энэ чуулганаар та бид Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тусгай сангууд 2018 онд 3.2 их наяд, 2019 онд 3.6 их наяд төгрөг зарцуулсан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байжээ. Тэр их мөнгө хүрэх ёстой эзэндээ очсон уу, үр ашигтай байж чадсан уу гэж асуувал хариулахад төвөгтэй байдалд хүрсэн нь 2012-2016 оны гашуун сургамжаас үүдэлтэй нь хэнд ч ойлгомжтой билээ. 

Тиймээс тусгай сангуудад бугшсан бусармаг байдлыг халах санаачилгыг Улсын Их Хурал, Засгийн газар өөрөө гаргасан. Сангуудыг цэгцэлсэн. Заримыг нь татан буулгасан. Журмыг нь тодорхой болгосон. Одоо сангийн хөрөнгө хяналттай, ил тод болж, жинхэнэ шаардлагатай газар, эздэдээ хүрч, үр ашигтай байх боломж бүрдсэн. Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах ёстой. Энэ бол Монгол Улс дэлхий дахинд нээлттэй байж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал юм. Энэ чиглэлээр Улсын Их Хурал ихээхэн хүч чармайлт тавьж байгаа бөгөөд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулж, олон улсын конвенцуудад нэгдлээ. Ингэснээр бид олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоол, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах нэг гол нөхцөл бүрдэж байгаа юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцэн баталсан нь улс төр эрүүл байх, улс төрийн намууд хариуцлагатай болж, зөв төлөвших, иргэдийн сонголтын эрхийг тэгш, шударгаар эдлүүлэхэд  чухал ач холбогдолтой боллоо. Ирэх хаврын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталснаар бүх шатны сонгуулийн эрх зүйн тогтолцоо бүрэн шинэчлэгдэнэ. Намрын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэн баталлаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завших боломж огт олгохгүй байх нь шударга ёсонд нийцнэ. Хөөн хэлэлцэх хугацаа нэрээр гэмтнүүд гэсгээлийн гадна үлдэх ёсгүй. Энэ зарчмыг дээрх хуулиудад тусгаж чадсан нь хууль хэнд ч алагчлалгүй, тэгш шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байна. Монголчууд мал сүргээ “Таван эрдэнэ” гэдэг. Мал дагавал ам тосдож, малын буянаар өөдлөн дэгжинэ гэдэгт итгэдэг. Малчин заяат монгол түмний амьдралын чухал хэрэгсэл болсон мал сүргийг гэмт халдлага, хулгайгаас сэргийлэх нь төрийн нэг үүрэг юм. Мал хулгайлах нь Монголоо хулгайлж байгаатай ялгаагүй гэж малчид маань хэлж байна. Тиймээс мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг дээрх хуулиудаар чангатгаж чадлаа. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг  шинэчлэн баталсан. Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Парламентын судалгааны хүрээлэнг байгуулан, ажилд нь орууллаа. Ингэснээр Улсын Их Хурлын  хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны үр дүн дээшилж, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоо бүрдэхэд чухал алхам болсон гэж үзэж байна. Энэ бол Их Хурлын үйл ажиллагааг илүү нээлттэй, иргэд нь итгэдэг, хяналттай, үр ашигтай болгох парламентын шинэчлэлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм.  

Эрхэм гишүүд ээ,

Дөрөвдүгээр сард Та бидний бүрэн эрхийн хугацааны отгон чуулган эхэлнэ. Энэ чуулганаар тавьсан зорилго, хүлээсэн үүргийнхээ дутууг хэрэгжүүлж, дундуурыг дүүргэх үүрэг хариуцлага Та бидэнд ногдож байгаа. Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх нь чухал байна. Дагалдан гарах учиртай холбогдох хуулиудыг өөрчлөн шинэчилснээр бидний баталсан, 2020 оны тавдугаар сараас хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт амилах болно. Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуулиудын төслийг хэлэлцэн батлах зайлшгүй шаардлага үүсэж байгааг сануулж хэлье. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон баримт бичгийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх нэг томоохон алхам, санаачилга юм. Эдгээр хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулах, хэлэлцэх бэлтгэлийг хангах чиглэлээр чуулганы завсарлагаар идэвхтэй ажиллахыг Засгийн газар, холбогдох яамд, Улсын Их Хурлын Тамгын газарт үүрэг болгож байна. 

Эрхэм гишүүд ээ,

Титэмт вирус дэлхий дахиныг түгшээсэн, халдварын аюул заналхийлсэн  онцгой цаг үед Улсын Их Хурлын намрын чуулган завсарлаж байна. Аюулт өвчнөөс сэргийлэх, иргэдээ хамгаалах, улсын эдийн засаг, ард олны ахуй, хэрэглээнд доголдол гацаа үүсгэхгүй байлгах талаар түмнээ төлөөлсөн түшээд Та бид ч үүрэг хариуцлага хүлээж, шаардлагатай тохиолдолд зөв, оновчтой шийдвэр гаргахад бэлэн байх учиртай. Энэ дашрамд иргэддээ хандан гэр бүл, орчин тойрноо хайрлан хамгаалж, журам дүрэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, санамжийг сайтар биелүүлэн, элдэв хоосон таамаг, цуу ярианд авталгүй, бат цул нэгдэлтэй байхыг уриалъя. Хэдхэн хоногийн дараа XVII жарны  шороон гахай жил  шувтарч, хулгана жил эхлэх гэж байна. Хувьтай хүний үздэг хулгана жилд өнө мөнхийн эх орон минь дэлгэрэн дэвжихийн өлзийт ерөөл бэлгэдье. 

Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй.

 

17 : 59
2020-1-31

ФОТО: УИХ-ын намрын чуулган өндөрлөлөө

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хааж үг хэлэв.

Энэ удаагийн чуулган бүхий л үзүүлэлтээрээ шахуу хуваарьтай, өндөр ажиллагаатай ажиллаж, 11 сар заврлагагүй, тасралтгүй хуралдсан байна. Энэ намрын чуулганаар 154 хууль, УИХ-ын 51 тогтоол хэлэлцэн баталжээ. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

15 : 50
2020-1-31

С.Жавхлан: Коронавирусээс чинь илүү тахал, сүйрэл гарч байгаа юм биш үү?

УИХ-ын гишүүд шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонсож байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд коронавирусийн цаг үеийн мэдээллийг хүргэв. 

Шинэ вирусийн халдвар бий боллоо гэдэг мэдээлэл дэлхий даяар гарснаас хойш Монгол Улсын Засгийн газар хоёр удаа, улсын онцгой комиисс хоёр удаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, энэ аюулаас урьдчилан сэргийлэх талаар яаралтай хуралдаж, арга хэмжээнүүдийг хэлэлцлээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: 

-Нэгдүгээр сарын 30-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, холбогдох байгууллагууд оролцлоо. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр онцгой комисс хуралдаж, түүнээс хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, тодорхой шийдвэр гаргаад хэрэгжүүлээд явж байна. Өнөөдөр ҮАБЗ хуралдсан, үдээс хойш Засгийн газар хуралдлаа.

Улсын онцгой комисс нөхцөл байдлын мэдээллээр тухай бүр хангаж, цаашид мэдээлэл солилцож, хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн.

Шаардагдах хөрөнгийн хэмжээг баталсан. Зарцуулаад явж байна. Хилийн боомт, хорио цээрийн бүсэд үүрэг гүйцэтгэж буй ажилтан албан хаагчдыг хамгаалалтын хэрэгсэл, эм бэлдмэлээр хангах ажлыг авч хэрэгжүүлж байна. Эмнэлгийн ажилтнуудыг дайчлан ажиллуулж байна. 

Өнөөдрийн байдлаар Монголд коронавирусийн тохиолдол илэрсэн албан ёсны тоо мэдээ байхгүй байгаа. Голомтын бүсээс ирсэн, өвчний шинж тэмдэг илэрсэн иргэдийг тусгайлан байрлуулах байр бэлдсэн, холбогдох арга хэмжээг авсан. Шаардагдах санхүүжилтийн асуудлыг тухай бүр Засгийн газар шийдэж, нөөц сангаас хөрөнгө гаргаж шийдэж байна. Зам тээврийн хөгжлийн яамны шугамаар нийтийн тээврийн хэрэгслүүдэд эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт хийж байна.

Хятадаас Монгол Улсад иргэдээ авчрах, нэмэлт шаардлагатай техник хэрэгслийг хуваарилах ажлыг хийж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу бүх улс оронд хэрэгжүүлж буй арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өвчний шинж тэмдэг илрээгүй хүмүүст тусгайлан заавар зөвлөгөө өгч нэвтрүүлж байна.

Буруу ташаа мэдээллээс үүдэн нийгэмд асуудал үүсч байна. Жишээ нь, хэд хоногийн өмнө хүнсний хангамжийн асуудалтай холбоотой зүйл гарч болзошгүй мэдээлэл тархаж, зарим дэлгүүрээс хүнс бөөнөөр нь авах асуудал гарсан. Одоо намжсан байна. Энэ талаар ХХААХҮЯ-наас мэдээлэл авсан, хомдсол гарахгүй гэдгийг мэдээлж байна.

Аймаг, нийслэлийн онцгой комисст өгсөн үүрэг бий. Гэр бүлийн хэмжээнд цагаан сарын баярыг тэмдэглэх, нутгийн зөвлөл төрийн золголт, янз бүрийн арга хэмжээ тухайлбал, үндэсний бөхийн барилдаан явуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Засгийн газраас гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хийгдэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Засгийн газар дөнгөж сая хуралдаж, зарим хилийн боомтуудыг хаах, үйл ажиллагааг нь хязгаарлахаар тогтоод байна. ДЭМБ-аас гаргасан сануулга, зөвлөмж, Хятадтай хиллэж буй улс орнуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд, онцгой нөхцөл байдалд дараахь шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:

Монгол Улс БНХАУ-ын хилийн агаар, төмөр зам, бүх боомтоор БНХАУ-ын болон гуравдагч улсын иргэдийг хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд монгол Улс руу нэвтрүүлэхгүй.

Хятадын талаас ирэх Монгол Улсын иргэдийг Буянт-Ухаа, төмөр замаар хүлээн авна. Сүүлийн өдрүүдэд иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу нэмэлт цуваа, тээврийн хэрэгсэл гарган хүлээн авч байна.

Бусад улсаас Монгол Улсдаа ирэх иргэдээ тодорхой хоёр боомтоор нэвтрүүлээд, түүнээс хойш Замын-Үүд, Эрээний боомтоор нэвтрүүлэх чиг үүрэг өгч байна. Хүчээ нэг газар төвлөрүүлэх үүднээс ийм арга хэмжээ авч байна.

Хятадад байгаа, Монголдоо ирэх хүсэлтэй иргэдэд мэдээ хүргэхэд ирэх сарын 1-нээс хилээ хаах гэж байна. Зүүн, баруун талд хоёр боомтоор Монгол Улс руугаа нэвтэрч болно гэсэн саяын мэдээллийг ард гэр, холбогдох хүмүүс нь хүргэхийг хүсч байна.

Монгол, Хятадын хилийн дагуу авто замын боомтуудыг гуравдугаар сарын 2 хүртэл бүгдийг хаана. Зөвхөн Хятадаас Монгол Улсын иргэд ирнэ, бусад улсын болон Хятадын иргэд Монгол Улсад нэвтрэхгүй. Энэ хооронд Замын-Үүд, Эрээний төмөр замын боомтоор хил нэвтэрч байгаа вагон хуваарийн дагуу зорчино. Урдаас оруулж ирж буй итгэмжлэгдсэн, битүүмжлэгдсэн ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлж буй төмөр замын ажилчид болон агаарын тээврийн үйлчилгээний ажилтнууд хэвийн ажиллана.

Хил хаах нь сөрөг үр дагавартай. Мэдээж хэрэг дэлхий дахинд онцгой байдал зарласан өвчнийг улс орондоо оруулахгүйн тулд авч буй арга хэмжээ. Худалдаа арилжаа, хүнсний бүтээгдэхүүний, Монголоос гаргаж буй, төсвийн орлогыг нэмэгдүүлж буй нүүрс тээвэр зэрэг хуваарийн дагуу хийгдэнэ. Хил дээр тээвэрлэлт хийж буй Авто тээврийн жолооч нарт онцгой анхаарал тавьж ажиллана.

Гашуунсухайт, Шивээхүрэний боомтод ажиллаж буй жолооч нар ажилладгаараа ажиллана. Бүтээгдэхүүн гардгаараа гарна. Тэд хилийн дотор богино эргэлт хийж, Хятадын талаас бүтээгдэхүүнийг ирж авдаг, манайхан буцдаг дэглэмд ороод явж байгааг хэлэх байна.

ЭМЯ бусад яамдын талаар гишүүдийн асуултад хариулт хийх байх.

Буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр гаргасан. Дипломат шугамаар Хятадын талд мэдэгдэж, буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар өвчний голомт болсон Ухань хотод манай олон иргэн амьдарч байгаа. Бүгдтэй нь Бээжин дэх ЭСЯ-наас холбоотой ажиллаж байна. Хоёр иргэн тэндээ үлдэнэ гэсэн, 31 иргэн биднийг ирж аваа чээ гэсэн санал ирүүлсэн. 

Өнөөдөр онгоц нисгэж иргэдээ авах зөвшөөрлийг Хятадын талаас авсан. Онгоцоо хэзээ явуулж, иргэдээ хэзээ татаж авахаа холбогдох байгууллагуудтай тохиролцоод явж байна.

Гишүүд асуулт асууж, харилт авч байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-ЖДҮ-ийнхэн маск оёж нийлүүлэх хөдөлгөөн өрнүүлээд, нийлээд ажиллаж байна. Маскны нөөцийн тухайд аль ч улс орон урьдчилж төсөөлж байгаагүй. Хятад улс маскны нөөцгүй болсон тул Солонгос зэрэг улс тусалж байна. Өнөөдөр маск авах мөнгөгүйдээ биш, халдвар дэлгэрсэн улсуудад нөөц байгаа газраас татах чиглэлд ажиллаж байна. Засгийн газар, Онцгой комисс шуурхай ажиллаж байна. Ээлжит болон ээлжит бус хурлыг удаа дараа хийж, эхний ээлжинд нэн шаардлагатай 10 тэрбум төгрөгийг Сангийн яам шийдвэрлээд, Эрүүл мэндийн ажилтнууд, тэдэнд шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шийдээд явж байна. ЭМЯ нэгд халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр, хоёрт, халдвар илэрвэл авах арга хэмжээнд анхаарал хандуулж ажиллаж байна. Эмнэлгийн ажилтнуудын цалин хангамж, эрүүл мэндэд анхаарч ажиллаж байна.

Иргэдийн хоол хүнсний асуудал яригдаж байгаа. Орлого багатай айл өрхөд нэмэлт хоол хүнс олгох ажил яригдаж байна. Өвчний тархалт хэзээ хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй, тавдугаар сард оргил үе нь байх таамаглал бий гэсэн мэдээлэл өгч байна. Олон улсын байгууллагын мэдээлэл болон сар шинийн баяртай холбогдуулан хөдөлгөөн ихэссэнээс халдварт тархах эрсдэл өндөрсч буй тул аль болох шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлд ажиллаж байна.  

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Хүнсний нөөц хэр байна вэ? Коронавирусээс сэргийлэхэд нэг их наяд зарцуулахаар төсөвлөж байна гэж сонслоо?

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Хоёр төрлийн нөөц яригдах байх. Улсын стратегийн нөөц тусгай зориулалттай. Хэрэглээний нөөц байна. Стратегийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр ард иргэдийн хэрэглээг тогтвортой байлгах үүднээс тодорхой хэмжээнд нөөц бэлтгэдэг. Бидний түлхүү хэрэглэдэг махны нөөц байна. Ноднин зах зээл дээр донсолгоо гарсан. Хэрэглээний нөөцөө бүрдүүлж чадаагүйтэй холбоотой үүссэн. Хэрэглээний нөөцийг нэлээн нэмэгдүүлэх зорилго тавьж байна. Бодлогоор бэлтгэх хэрэглээний нөөц 12 мянган орчим тоннд хүрч байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Бид хэдэн сар айхгүйгээр амьдарч чадах вэ?

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Махны хувьд эсрдэл гарахгүй. Гурилын хувьд хурааж авсан, үйлдвэрүүдэд хадгалсан гурил бүтэн жилийн хэрэглээн дээр донсолгоо гарахгүй байх бололцоо нөөц бий. Сүүний хувьд импортын нийлүүлэлт хангалттай учраас тодорхой доргио гарахгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Гадаадад буй монгол иргэд их хэмжээний маск явуулж байгаа юм билээ. Татвар гээд чирэгдэл учруулж байгаа асуудалд анхаарал хандуулж, асуудлыг шийдэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Засгийн газар хилээ хааж, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг телевизээр заах зөв зүйтэй арга хэмжээ авлаа. Гадаадад энэ вирусээс хамгаалах чиглэлээр маш олон арга хэмжээ авч байгаа юм байна. Манайх гаднаас ирж буй иргэдээ ямар байдлаар тусгаарлаж байгаа юм бэ? Япон, Солонгост тусгай бүс байгуулаад, гаднаас ирж буй өвчтэй халдварласан, эрүүл байгаа иргэдээ 14 хоногийн турш тестэд оруулж байж, нэвтрүүлж буй юм байна. Эрүүл мэндийн салбарын бүх эмч нартаа энэ төрлийн вирусийг эмчлэх, оношлох мэдээллийг хүргэж эрчимтэй сургалтууд хүргэх хэрэгтэй байна. Ямар эм тариа хэрэглэж болохгүй, яаж эмчид хандах вэ зэрэг мэдээлэл өгсөн брошур, хэвлэмэл материалууд түгээх хэрэгтэй юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Засгийн газраас вирусийн эсрэг цаг тухайд нь арга хэмжээ авч ажиллаж байна. Онцгой комиссын шийдвэр дагуу боловсролын сайдын тушаал, чиг бүх аймаг, нийслэлийн сургуулиудад хүргэгдсэн. Сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан байгаа газраасаа сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, сурагчидтайгаа харьцаж ажиллахыг чиглэл өгсөн. Заавал ажлын байран дээрээ ажиллах шаардлагагүй, түүнийг хориглож байгаа. Энэ удаагийнх маш онцгой нөхцөл учраас ийм нөхцөл тавьж, багш нарт энэ хугацаанд ажилласнаар нь цалин, урамшуулал олгоно. Хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж, эрүүл мэндэд нь онцгой анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдийг гэрээс нь гаргахгүй, энд тэнд дагуулж явахгүй байх хэрэгтэй. Гэртээ байгаа хүүхдүүдээ хараа хяналттай байлгах, ахуйн осолд өртөх зэргээс болгоомжилж, эцэг эхчүүд анхаараасай гэж хүсэж байна. Гуравдугаар сарын 2-ноос хичээл эхэлж, эхний таван долоо хоногт бямба гаригуудад хичээллэнэ. Багш нар зургаан сард нэлээн ачаалалтай ажиллана шүү. Энэ бол амралт биш, хөл хорио тогтоолт.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-ЭМЯ, холбогдох газрууд хамтран халдвар орж ирэхээс сэргийлж ажиллаж байна. Шинэ коронавирус агаар дуслаар дамждаг учраас иргэд болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй. Иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр анхаарч ажиллаж байна. Өдөр бүр 11 цагаас хэвлэлийн бага хурал хийж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчноор мэдээллийг түгээж байна. Тэргүүлэх эмч нарыг оролцуулсан мэргэжлийн зөвлөх баг, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. ХӨСҮТ ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вирусийн талаар тасралтгүй шуурхай сургалтууд явуулж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд чимээгүйхэн үүргээ биелүүлээд, маш их ачаалалтай ажиллаж байна. Уханиас 30 оюутан ирнэ. Бэлтгэл ажлыг хангаад байж байна. Австрали, Япон, Америк зэрэг орон иргэдээ Хятадаас зөөвөрлөөд тусгай цэгт байрлуулж буй. Эрсдэлтэй бүсээс ирж буй иргэдээ бид бусад зорчигчидтой хамт нэг хаалгаар нэвтрүүлэхгүй байгаа. Холбогдох бүхий л чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч ажиллаж байна. ХӨСҮТ Австралийн олон улсын эрүүл мэндийн төвтэй хамтарч ажилладаг. Тэндээс монгол иргэний мэдээлэл ирсэн. Гуаньжугаас Австрали ниссэн. Монголоос ниссэн үү,  хажууд нь монгол иргэн байсан уу гэдгийг тодруулсан. Монгол Улсын иргэн Хятад улсын, коронавирус илэрсэн иргэнтэй нэгдүгээр хавьталтай байсан гэдэг мэдээллийг шуурхай өгсөн. Бид мэдээллийн араас шуурхай мөшгиж ажиллаагүй бол асуудал үүсэх байсан. Тэр иргэнээ бид олж авсан. Одоо тэр хүн ажлаа хийгээд явж байна.

Хувийн хэвшил дээр маскны хангамжийн асуудал хангалттай байгаа. Эм ханган нийлүүлэх байгууллагууд ч хамтран ажилладаг байгууллагуудаас маск татах ажил хийж байна. ДЭМБ-аас хүн бүр маск зүүхийг зөвлөхгүй байгаа. Гэхдээ бид өвчнөөс урьдчилан сэргийлэхийг ард иргэддээ зөвлөж байна, цаашдаа ч зөвлөх болно.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Засгийн газраас УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүсмээр байна. Энэ зөв мэдээллийг өгөхөд ажлын алба болон Их хурлын ажлын албанаас бодит мэдээлэл өгөх шаардлагатай байгаа юм. Бид хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, бусад байгууллагуудтай хамтарч ажиллаж, хэл амаа ойлголцож байна. Бид нэгдмэл зохион байгуулалттай байж, бодит мэдээлэл өгч, худал мэдээлэл өгөхгүй байх ёстой. Амны хаалт, өвчний тохиолдолтой холбоотой мэдээллүүд албан хүмүүс болон Их хурлын гишүүдийн амнаас гарч буй болчимгүй үгнээс болж байна. Онцгой байдлын комисс, Шадар сайд, ЭМ-ийн сайд л мэдээллээ өгөг ээ. “Муу хүн дайнд хөөрнө” гэгчээр Ж.Амарсанаа балайраад байж болохгүй. Тэр хүнийг очлоо гэхэд Хятад улс хүлээж авахгүй. Улс төрөө вирусээс өөр юман дээр хийх хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагад, тэр дундаа Эрүүл мэндийн дэд сайд хийж байсан хүн, шаардлагатай бол эрүүгийн хариуцлага ярих болно. 

Ч.Улаан:

-Үнийн түвшинд судалгаа хийж, холбогдох байгууллагуудтай холбоотой ажиллаж байна. Вирустэй холбоотойгоор зарим нэг бүтээгдэхүүн дээр нөөцлөх асуудал гарч, савлагаа үүсч байна. Энэ бол цаг хаугацааны үзэгдэл. Тасалдал гарах эрсдэл байхгүй. Махны нөөцийг боломжоор бүрдүүлж байна. Махны үнэд хэн хяналт тавих вэ? Яам хяналт тавьж чадахгүй, хангамж үйлдвэрлэлийг л хариуцдаг. Мэдээж, хэрэглэгчийн төлөө газар, ШӨХТГ хяналт тавих ёстой.

Г.Тэмүүлэн:

-Хүүхдүүд дөнгөж ханиад хүрээд хэд хоногийн дотор хатгалгаа болж байгаа тохиолдол их байна. Энэ юутай холбоотой вэ? Уушгины хатгалгаа, дутагдлаас хамгаалж, хиймэл амьсгал хийдэг зэрэг тоног төхөөрөмж хэр байдаг вэ? 1-2 ширхэгийг худалдаад авах шаардлага байгаа юм биш үү?

Д.Сарангэрэл:

-Уушгины хатгалгаа дэлхий дээр тулгамдсан асуудал болж байна. Өнгөрсөн жилүүдэд бүх хүүхдүүдэд хатгалгааны эсрэг вакцин хийсэн. Олон жилийн утааны асуудал хүүхэд битгий хэл том хүний уушгины өвчлөлд ихээхэн нөлөөлсөн. 2015 онд зөвхөн уушгины хатгалгааны улмаас 35 хүүхэд нас барж байсан. НҮБ-ын Хүүхдийн сан агаарын бохирдлын улмаас нас барсан гэж дүгнэж байсан. Эмнэлгийн тусламж, тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж Г.Тэмүүлэн гишүүн зөв хэллээ. Дижитал рентген аппарат, амьсгалын аппарат дутагдалтай байна. Уушги орлуулах аппарат гарсан. Хоёр аппаратыг хоёр эмнэлэг дээр байрлуулчихвал хүний амь нас аврах юм. Тийм учраас энэ асуудлаар ажиллаж байна.

Н.Энхболд: -Бид бололцоотой бүх л арга хэмжээг авч байна. Бидний хувьд үүрэг, хариуцлагаа харуулах маш том сорилт болж байна. Асуудалд туйлын хариуцлагатай, ухамсартай хандах шаардлага байна. Бид хил дээр шалгаад, зөвлөгөө өгөөд явуулж байна. Ямар нэгэн сэжиг байвал тусгаарлан ажиллаж байна. 

Нууц үедээ ч халдаж байж магадгүй гэж дэлхийн эрүүл мэндийн томоохон байгууллага мэдээллээ. Болж өгвөл гэр орноороо байгаарай гэж хүсэлт тавьж, гуйгаад явуулж байна. Бусад орнууд яг голомтоос ирсэн хүмүүсийг тусгаарлаж, эмчилж байна. Бид ч ийм байдлаар ялгана, тусгаарлаж арга хэмжээнүүд авна.

Урд хөрш манай талаас тавьсан бүхий л шаардлагад нааштай хариу өгч байна. Бидний саналыг хүлээж авч байгаа Хятад улсын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлье.

С.Жавхлан:

-170-аад хүн дэлхий даяар нас барсан гэж байна. Гэтэл Монгол Улсад 410 хүн томуу, хатгалгаагаар амиа алдаж байна гэж байна шүү дээ. Энэнээс чинь илүү их тахал, сүйрэл гарч байгаа юм биш үү? Ганцхан титэм гэдэг нян ороод ирэхэд яаж бужигнаж байгаагаа хар. Намайг нэгдүгээр ангид байхад хүүхэд болгон амны хаалт хийдэг байсан. Гаднаас юм гуйгаад байх шаардлагагүй.

Болж бүтээд ирэхээрээ эх орноо үгүйсгээд, муулаад байдаг. Болохоо байхаараа эх орноо гэдэг, гэр лүүгээ л явдаг. Сая гурил аваад, хөдөө гэр лүүгээ явж байна гэнэ. Биднийг ганцхан Монгол л аварна.

Д.Сарангэрэл:

-Жавхлан гишүүнтэй санал нэг байна. Бид өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаад, маскаа хангах боломж бий.

Г.Занданшатар:

-О.Батнасан гишүүн 12 мянган амны хаалт Эрүүл мэндийн яаманд хандивласныг онцлон дурдахад таатай байна.

Д.Эрдэнэбат: -Одоо хамгийн их анхаарах үе ирсэн шүү. Би хувь хүнийхээ хувьд Монголд шинэ вирус байхгүй гэдэгт итгэхгүй байгаа. Өнөөдрөөс эхэлж хил гаалийнхаа асуудлыг цэгцэлж байна. Тэр хооронд янз бүрийн улсууд орж гарсан байж таараа. Нутаг дэвсгэрийн хяналтын асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Хороо, дүүрэг, иргэдэд тавигдаж буй хяналт ямар байгаа вэ? Манай орцоор жишээ авахад эрээн мяраан юм цацсан байдалтай байж байна. Энэ жил томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор хүүхдийн өвчлөл асар их байгаа. Монголд, ялангуяа Улаанбаатарт хүүхэд нь өвчлөөгүй айл өрх бараг байхгүй байх. Яагаад ингэтлээ их нэмэгдчихэв ээ? Хүүхдийн өвчлөлд анхаарал хандуулж, олон улсын байгууллагаас туслалцаа дэмжлэг авах шаардлагатай болсон юм биш үү?

Нийслэлийн онцгой комисс хуралдаж, асуудлуудтай холбоотой шийдвэр гаргаж, холбогдох цэвэрлэгээ, ариутгалыг хийж байгааг ажлын хэсгээс дуулгав.

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар:

-2019 онд улсын хэмжээнд амбулаторийн үзлэгт хамрагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 78147 тохиолдол, 431 эндэгдэлтэй. Амьсгалын замын өвчлөл манай улсын номер нэг өвчлөл. Цаг уур нэг хүчин зүйл болдог. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн нийт амбулаторийн үзлэг 14 хувьтай байна

Д.Сарангэрэл:

-Томуу өвчин дэгдэлтийн хэлбэрээр явж байна. Томуугийн вирус хил хязгааргүй хэрэн хэсүүчилж байгаа. Зөвхөн Монголд биш, дэлхийн бүх оронд дэгдэлт хэлбэрээр явж байна. Улаанбаатарт хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн. Жил бүр томуугийн вирус дэгдэнэ гэсэн ойлголттой байгаа. Тийм учраас таны хэлсэнчлэн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Шинэ төрлийн вирусийн талаар мэдээлэл сонсох боломж олгосон УИХ-ын гишүүд болон энэ чиглэлээр ажиллаж буй бүхий л хүмүүст талархаж байгаа илэрхийлье. Баярлалаа.

Г.Занданшатар:

-УИХ-ын гишүүд шинэ төрлийн коронавирусийн талаар мэдээлэл сонсож, асуулт асуун, хариулт авлаа. Холбогдох албаныхан зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллаж байна. Эмийн сангуудад хомсдол үүсээд буй амны хаалт, гар ариутгагч бодисын хангамжийг нэмэгдүүлж ажиллах, хил гааль дээр татвараас чөлөөлсөн арга хэмжээнүүд авч, гурил будаа зэрэг хүмнсний бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэхгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Мал хамгаалах талаар ярьдгаас биш, хүний хамгаалал чиглэлд арга хэмжээ авдаггүй шалгалтад унаж байгаа хэрэг шүү.

Шинэ коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүд мэдээлэл сонсож, асуулт асуун, хариулт авлаа.

14 : 11
2020-1-31

"Аймгуудын төвийг хот болговол ямар ч газрын маргаан үүсэхгүй"

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Хүн амын 50 гаруй хувь Улаанбаатарт төвлөрч, замын түгжрэл бөглөрөл зэрэг бүх асуудалтай тулгарсан. Бид хөдөө орон нутгаа хөгжүүлэхэд анхаарах ёстой. Аймгуудын, бас бүх сумын нутагт хилийн маргаан бий. Өвөрхангайн Арвайхээрийн Тарагт, Баян-Өлгийн Өлгий, Бугат сумдад хилийн цэсэд өөрчлөлт оруулах юм байна. Зөвхөн энэ сумдын иргэд хоорондоо тохиролцоод, зөвшилцсөний үндсэн дээр энэ өөрчлөлт хийгдэж байгаа юм уу, Бусад нь ойлголцоогүй байгаа гэсэн үг үү?

Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү:

-Аймаг хоорондын маргаан харьцангуй бага. Хууль тогтоомжийн буруугаас болж гарсан маргаан нэг байна. Аймаг хоорондын хлийн маргаан хоёр байна. Өнгөрсөн жил Ерөнхий сайдын 89 дүгээр захирамжийн дагуу ажлын хэсэг ажиллаад, 12 аймгийн сумдын хилийн маргааныг шийдсэн. Түүний зэрэгцээ гол гарч буй маргаан нь хилийн цэсээ иргэд өөрсдөө мэддэггүйгээс болж гарсан. Жишээ нь, 1971 онд хийж батлагдсан газрын зураг нууцын зэрэглэлтэй, бүх сумын засаг даргын сейфэнд хадгалагддаг учраас маргаан гардаг. Ийм 140 маргаан гарсан. Тухай тухайд нь иргэдэд ойлгуулах замаар шийдээд явж байгаа. УИХ хилийн цэс, газар усны нэрийн эцсийн шийдвэрийг гаргахаар хуульчлагдсан. Сум орон нутгийн иргэд нь харилцан тохиролцсон, дараагийн шатанд хэлэлцээд ирсэн зүйлийг Засгийн газраар оруулж, Их хурлаар шийддэг зарчмаар ажиллаж байна. Хоёр маргаантай аймаг байгаа. Өвөрхангай аймгийн асуудал 6 жилийн өмнө зөвшилцсөн байсан нь, Баян-Өлгийнх дөрвөн жилийн өмнөөс зохицсон байсан одоо цэгцрээд орж ирж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Аймаг, сумдад сугалаа гэлгүй газар өмчлөх эрхийг нь гэр бүлийн хэрэгцээнд нь өгч байвал хот руу төвлөрөх байдал буурна. Тэнд өмчилсөн газартай болчихсон юм чинь амьжиргаагаа дээшлүүлж, ажлын байртай болох нөхцөл бий болох юм. Цаашид яаж зохицуулах вэ?

Ц.Ганхүү:

-Аймгийн төв нь өөрөө сум болчихсон. АИХ-ын шийдвэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн хилийг тогтоосон. Дараа нь аймгийн төвүүдийг хот болгож, 1994 онд бүгдийг нь эргүүлээд сум болгочихсон. Эндээс маргаан үүсээд явж байгаа. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар сум өөрийн хил дотроо ажиллана. Үндсэн хуулийн 57.1 дээр хот гэдгийг сэргээж өгөх санал тавьсан ч батлагдаагүй. Бүр аймгуудын төвийг хот болговол газрын ямар ч маргаангүй болж, бүх эрх зүйн харилцаа нээгдэж, хил хязгаарт баригдахгүй байх боломжтой болно.

Эрдэнэт хот болчихоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн заалтаар өөр аймгийн нутаг дэвсгэр дээр ч газар нь байж болно. Тосгон мөн ялгаагүй. Сүмбэр суманд хилийн цэсийн ямар нэгэн маргаан байхгүй. Газрын маргааны нийт 150 өргөдөл, гомдол ирсэн, 89.7 хувь нь хилээ өөрсдөө мэддэггүй, газар усаа өөр өөрөөр нэрлэдэг учраас ойлголтын зөрүүнээс маргаан үүсээд байдаг. Ойлгуулаад явж байгаа.

Газар зохион байгуулалтын хэлсийн дарга Ж.Батсайхан:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжих үед Эрдэнэт хот гээд, тэг гортиг тогтоож өгнө. Тэр гортиг нь хэдэн ч сумын хилийг дамнасан байдлаар байж болно.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Хоёр аймгийн дөрвөн сумын асуудлыг ярьж байна. Дараа дараагийн, асуудал дэгдээд байгаа газруудын асуудлыг хэзээ оруулж ирэх вэ? Зарим сум орон нутгийн хилийн цэсийг өөрчилж байна. Зарим нь нөөц газар, цогцолбор газар, дархан цаазат газрын ангиллаар байдаг. Байгаль орчны яамны саналыг авсан уу? Сумд, аймгийн хилийн цэсийг өөрчлөхөд тухайн орон нутгийн малчдын хооронд асуудал үүсдэг. Малчдын өвөлжөө хаваржааны асуудлыг яаж шийдэх вэ?

Ж.Батсайхан:

-Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжээд, харилцан шийдсэн асуудлууд. Бусад аймгуудад албан тоот хүргүүлсэн. Өөр хооронд зохицсон тохиолдол асуудлыг шийнэ. Төв аймгийн зүүн сумд тэлээд Сэргэлэн сумын нутагт байдаг. ИТХ-аас нь нутгаасаа өгөхгүй гээд шийдвэрлэх боломжгүй байдалтай. Сум орон нутгаас хэлэлцээд оруулж ирвэл асуудлыг шийдэх боломжтой. Монгол Улсын иргэн аль ч газар нутагт газар эзэмших эрхтэй.

УИХ-ын гишүүн М.Энхболд:

-Улсын хэмжээнд аймаг, сум, нийслэл, дүүргийн газрын маргаан яагаад шийдвэрлэж болдоггүй асуудал байдаг юм бэ? Ямар зарчим барьж энэ асуудлыг шийдвэрлэж байна вэ? Өвөрхангайнхыг салгаж оруулж ирж байгаагийн шалтгаан юу байна вэ? Төв аймгийн нутаг дэвсгэрт нийслэлийн хилийн цэстэй холбоотой асуудал бий. Сэргэлэн сум, Баянзүрх дүүрэг сумдын нутаг дэвсгэрийн маргаантай асуудал байна. Мунзуширын хийдийн асуудлыг яагаад шийдэхгүй удаад байгаа юм бэ? Эрдэнэ сум Налайх дүүргийн хооронд газар нутгийн маргаантай асуудал багаа. АИХ-ын шийдвэр, УИХ-ын тогтоол хоёулаа хүчинтэй. Орон нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй энэ асуудлыг хэдийд оруулж ирж цэгцлэх вэ? Сум дундын энэ маргаантай асуудалд танай яам ямар ажил хийж байна вэ?

Ц.Нямхүү:

-Өмнөговь, Говьсүмбэр аймгаас бусад бүх аймагт хилийн цэсийн маргаан бий. Зөвхөн Төв аймаг, Улаанбаатар хоёрын маргаан их. Эрдэнэ сум, Налайх 57 мянган га газрын маргаантай. Хоёр талаас нь газар олгодог. Кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байдаг. Бид энэ зөрчлийг цахим мэдээлллийн систем үүсгэснээр шийдэж байна. Төлөвлөлтийг програмчилсан. Цаашид маргаан гарах үндэслэл байхгүй. Үүссэн байгаа маргааныг нийслэл, Төв аймаг хоёрт аргачлал зааварчилгаа өгсөн. Өнгөрсөн сард Хан-Уул, Төв аймгийн ажлын хэсэг байгуулагдсан. Эрдэнэ сумын хувьд сайдын хэмжээнд хоёр удаа хуралдсан. Харилцан зөвшилцөж, газар дээр нь очиж хэмжилт хийсэн ч хоёр талдаа бие биенийхээ саналыг хүлээж авахгүй учраас шийдэгдээгүй байна. Газрын давхцал маргааныг асуудлыг цахимжуулж, бүх бүртгэлийг мэдээллийн системд оруулсан. 1971 оны хилийн цэсээр бүртгэлээ бүртгээд оруулсан. Маргаантай асуудлыг цэгцэлж байгаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж дууслаа.

Байнгын хорооны саналаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалаа.

Санал хураалтад 45 27 60,0 хувийн саналаар дэмжигдэж, хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

13 : 22
2020-1-31

СЗХ-ны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томилохыг дэмжлээ

Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигч Түдэвийн Цэрэнбадрал, Нанжидын Хүдэрчулуун нараас асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар юу хийх вэ?

Н.Хүдэрчулуун:

-Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн хөгжил эхлэлийн шатандаа явж байна. Тодорхой ахиц дэвшлүүд гарч байгаа боловч цаашид анхаарах ёстой. Технологийн эрин зуунд шилжиж буй энэ үед хөрөнгийн зах зээл, санхүүгийн энэ салбарт технологид суурилсан бүтээгдэхүүн маш эрчимжиж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар хөрөнгийн зах зээлийг илүү хөгжүүлэх боломж бүрдэх байх. Цахим бизнес, шинээр бизнес эрхэлж буй старт апп зэргийг бодлогоор дэмжих шаардлагатай. СЗХ хамтын удирдлагын байгууллага. Шинэ нэгжүүд байгуулах, дүрэм журмуудыг хийх шаардлагатай байгаа. Энэ асуудлуудад илүү анхаарч ажиллах болно.

Б.Бат-Эрдэнэ:

-СЗХ их хэл ам таталсан байгууллага байсан шүү. Банкууд нийт активын ихэнхийг эзэмшиж байгаа гэж буй ч олон байгууллага танайд хамаарч байгаа. ФАТФ-тай холбоотой хоёр төрлийн ажлыг танайхан хэрэгжүүлсэн. Санхүүгийн чиглэлээр ажиллах тодорхой туршлагатай байх. Танай байгууллагыг тойрсон асуудал, ямар алдаа завхрал юунаас үүдэн гараад байна бэ? Та нарт алдааг давтахгүй чин шударгаар ажиллаж чадах уу гэдэг итгэл үнэмшил байна уу? Төвөгтэй шүү. Танайх зөвшөөрөл өгдөг, хянадаг. Үүнийгээ дагасан олон асуудал гардаг. Нөлөө бүхий хүмүүс танайхаас зөвшөөрөл аваад, банк бус санхүүгийн байгууллага, халгаламж зээлийн хоршоо байгуулаад, түүгээрээ дамжуулаад янз бүрийн хууль бус, шударга бус үйл ажиллагаа явуулдаг, Саарал жагсаалтад оруулах, ангалын ирмэгт аваачих та бүхний эрх зөвшөөрөлтэй холбоотой. Ийм зөрчил тасрахгүй байгаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-СЗХ-ноос орж ирж буй хоёр залуугаас хэдэн юм асууя. Банк бус санхүүгийн байгулулагын эрх зөвшөөрилйг ямар болзол хангаж, яаж авдаг юм бэ? Борооны дараахь мөөг гэдэг шиг олон болчихлоо. Нэлээдгүй их мөнгө эргэлдэж байгаа. Янз бүрийн мэдээллээр голдуу эрх бүхий албан тушаалтан, Монголбанк болон СЗХ-ны ажилтны хамаарал бүхий хүмүүс дор бүрнээ ББСБ-тай байна гэж яригдаад байгаа. Энэ хаана, хэнд хамааралтай, түүнийг нь зарладаг газар байна уу? Банкны болзол хангахгүй байгаа нь ББСБ-ын зээл аваад байгаа. Өндөр хүүгээ төлж чадахгүй нэгээс нөгөө ББСБ руу дамжаад, өр нь анх зээлснээсээ 50, 100 дахин өсөөд явдаг. Оросын нэвтрүүлгээр гарсан. Хэрхэн мөлжлөг явуулдаг тухай. Хүү арай л өндөр байгаа. Хүү дээр шалгуур үзүүлэлт байна уу? Эсвэл хүүгийн хүү гээд даблдаад авчихдаг юм уу. Улам нэмж өгөөд хүмүүсийг өрөнд оруулаад байх юм. Энд ямар арга хэмжээ авдаг вэ? Монголбанк, ББСБ хамтарч долларын ханш өсгөөд байна гэсэн хардлага байна. Доллар хомсдоод байна гэдэг. Гэтэл ББСБ дээр байж байдаг. Энэ нь хүмүүсийн худалдан авалтад муугаар нөлөөлж байна. Би банкнаас иргэн доллар худалдаж авлаа гэж сонсоогүй. Өрөө төлж чадахгүй байгаа улсуудыг цаашид яах юм бэ? Өр барагдуулах алба гэж хэсэг хүмүүс гарч ирэх нь л дээ…

Т.Цэрэнбадрал:

-ББСБ-ын үндсэн шалгуур үзүүлэлт бий. СЗХ-ноос тусгай зөвшөөрөл олгохдоо шинээр зөвшөөрөл авах, 1.5 эрбум хөрөнгөтэй, мэргэжилтний ёс зүй гэсэн шалгуур үзүүлэлт бий. Гүйцэтгэх удирдлагуудад нь мэргэжлийн талаас нь хичээл орж сертифат олгож байна. Харилцагчдад үйлчлэх байр байх шаардлага тавигддаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 539 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Зээлийн хүг бууруулах стратегийг баталсан. Макро, микро орчинд байгаа эдийн засгийн хүрээнд хүүг бууруулах чиглэлд анхаарч ажиллана.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулав. Түвэдийн Цэрэнбадралыг СЗХ-ны орон тооны гишүүнээр томилъё гэсэн саналаар санал хураалтад 50 гишүүнээс 34 нь зөвшөөрч, 68,0 хувиар дэмжигдлээ.

СЗХ-ны гишүүнээр Нанжидын Хүдэрчулууныг дэмжие гэсэн санал хураалтад 50 гишүүн оролцож, 34 нь зөвшөөрч, 68 хувийн саналаар дэмжигдээв.

Мөн СЗХ-ны гишүүн Отгонбатын Батбилэгийг орон тооны гишүүнээс чөлөөлөх санал хураалтад 51гишүүн оролцож, 33 нь зөвшөөрч, 64,7 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын тогтоол батлагдав.

"Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тодорхой шалтгааны улмаас хойшлуулах санал гарав. Санал хураалтад 49 гишүүн оролцож, 30 гишүүн зөвшөөрч, 61.2 хувиар дэмжигдсэн учраас хэлэлцэх асуудлаас хойшлууллаа.

12 : 48
2020-1-31

Монгол Улс олон улсын олон талт 287 гэрээнд нэгдэн орсон

УИХ-ын гишүүд Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ төслийг хэлэлцэж баталлаа. 

Үргэлжлүүлэн Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийг илтгэлийг Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хийв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Асуулт асууж, хариулт авах гишүүн байхгүй гэж Дэг зөрчигдөж байна. Энэ асуудалд бид нэлээн яриа болж нэгдэж байсан. 8 дугаар зүйлд нь манайх бүтнээр нь нэгдээд ороогүй юм уу. Яасан дуусдаггүй гэрээ вэ? Коронавирус гээд дэлхий нийтээрээ том сорилттой тулж байна. Энэ вирустэй холбоотойгоор дайн байлдаан нь сатаарч намждаг болов уу. Ер нь Ромын гэрээтэй холбоотойгоор өөр хэдэн асуудал үлдээд байна вэ? Манай улс ийм ийм зүйлд нь нэгдэхгүй гээд нэгдээгүй юм уу? Дайн түрэмгийллийн асуудлаас нь манайх татгалзсан байх ёсгүй гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Манайх бүхэлд нь батлаад явсан. Хоёр нэмэлт ухагдахуун ойлголт орж ирсэн. Энэ дүрэм дээр урд байгаагүй шинэ зүйлүүд орж ирж байгаа. Химийн зэвсэг, тэлэгч сум хэрэглэх тохиолдол. Анх Ромын дүрэм хэлэлцэж байх үед тохироонд хүрээгүй, гэмт хэргийн тодорхойлолт оруулалгүй гадна нь үлдээсэн. Одоо Монгол Улс хүлээн зөвшөөрч, оруулж ирж байна. 

ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Анхбаяр:

-Цаашид Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт орохгүй байх. Магадлал бага. Гэхдээ аливаа олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт ороод явахыг үгүйсгэхгүй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Манай улс олон улсын хэдэн гэрээ, конценцид нэгдэн орсон бэ. Манайх орж ирсэн болгоныг зурдаг. Дараа нь гадаадынхан танайх юмаа мэддэггүй, гэрээгээ биелүүлдэггүй зэрэг асуудал ярьдаг. Коронавирустэй холбоотойгоор олон улсад SOS буюу онцгой байдал зарласан. Манайх энэ хүрээнд ямар гэрээ конвенцтэй вэ. Монголд хичнээн хятад иргэн орж ирэх хүсэлт өгөөд байна вэ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Бид Тусгаар тогтносон улс. Гэрээ байгуулаад, тэр гэрээнд бид давхиж ороод байх тухай асуудалб айхгүй. Бидний хамтын ажиллагаанд хэрэгтэй, тус дэм болох гэрээ, конвенциуддээ ороод явж байгаа. Олон гэрээнд бид ороогүй явж байгаа. Олон улсын эрүүгийн шүүхийн асуудал бол өөр. Угаасаа энэ гэрээтэй гэрээгүй олон улсын гэрээ дүрмээр, заншилт хуулийн дагуу зайлшгүй хэрэгждэг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргүүдийн тухай яригдаж байгаа юм. Дэвжин хөгжөөд, шинэ шатандаа гараад, олон улсын хэмжээнд дагаж мөрдөнө. Нэгд бид аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Бусад орнууд манайд үйлдэл хийгээд өөр оронд гарсан иргэний хэрэгт хэрэг үүсгээд явах бололцоо гарч ирж байна. Бид түрүүн хэлсэн. Бүгд гэрээ хэлэлцээрүүд, хоорондоо уялдаатай гэрээ хэлцлүүдэд л ороод явж байгаа. 

Н.Анхбаяр: -Монгол Улс олон улсын олон талт 287 гэрээнд нэгдэн орсон. 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Санал хураалтад 44 гишүүн оролцож, 24 нь зөвшөөрч, 54,5 хувиар батлагдлаа.

Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Асуулт асууж, санал хэлэх гишүүд байсангүй.

Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалаа. Санал хураалтад 46 гишүүн оролцож, 27 нь зөвшөөрч, 58,7 хувийн саналаар дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

11 : 29
2020-1-31

Ц.Мөнх-Оргил: Их л амбицтай, том жагсаалт байна

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.01.31/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11.09 цагт эхэлж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудлын жагсаалтад заасны дагуу хуралдааныг "Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр эхлүүллээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг С.Бямбацогт танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хаврын ээлжит чуулганаар цуглаж чадвал маш чухал хуулиуд орж байна. Ялангуяа шинэ Үндсэн хууль батлагдаад таван сарын 12-нд хүчин төгөлдөр болно. Энэ үед Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа ярихгүй бол болохгүй. Жил, нас өөр болсон. Бид амжих уу? Зургадугаар сарын 20-нд сонгуулийн сурталчилгаа явна, санал хураалт дуусна. Ажлын хэсэгт таныг гомдоллоод байхаар чинь хүчээр оруулж байна гэсэн. Би намуудын төлөөллөөр ерөнхийлөгчийн зөвшилцөл хийх ёстой. Таван сарын 12-ноос хойш суудалгүй намуудыг дуудаад, хэлэлцүүлэг хийгээд, 50 настай хүмүүс бүгд л сонирхож байгаа байлгүй дээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Шинэ Үндсэн хуулийг баталж, Ерөнхийлөгч ёсчилсон. Шинэ Үндсэн хууль зуны эхэн сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болохоор баталсан. Шинэ Үндсэн хуультай нийцүүлж, 46 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулсан. Тиймээс Их хурал хавар нэлээн ачаалалтай ажиллах онцлог байдал үүсч байна. Иймд ажлын хэсгүүд нэлээн зарчимтай ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн хуулийг заавал батлах ёстой. Тавдугаар сарын 20-ноос наана батлаад, Шинэ Үндсэн хуулийн хүрээнд батлах ёстой. О.Баасанхүү гишүүн таныг идэвхтэй ажиллаасай гэж хүсч байна. Хийе, бүтээе, болгоё гэвэл болохгүй зүйл байхгүй. 2020 орны эхний хагас жилд амжуулж батлахын тулд ажиллана. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-УИХ, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг хэлэлцэхээр оруулж ирсэн. Дэгийн хуулийг хасвал яасан юм бэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар, УИХ-тай холбоотой өөрчлөлтүүд оруулсан. УИХ-ын тодорхой бүрэн эрхийг хязгаарласан. Хяналт шалгалт хийх эрх мэдлүүдийг нэмэгдүүлсэн зэрэг өөрчлөлтүүд орсон. Тийм учраас УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Энэ асуудлыг шинэчилж найруулахаар хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Таны хэлсэнчлэн УИХ-ын гишүүд ямар хууль санаачилж байгааг ил тод болгох асуудлыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Их л амбицтай, том жагсаалт байна. Үндсэн хуулийн дараа орохоор 16 орчим том хуулийг араас нь жагсаажээ. О.Баасанхүүгийн "Амжих уу" гэдэг ортой л доо. Нэг санал байна. Засгийн газраас өргөн бариад, УИХ-аас ажлын хэсэг гараад, Үйлдвэрчний эвлэл, эрдэмтэн, судлаачид багш нарын бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг ажилласан Хөдөлмөрийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлмээр байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын хоёр дахь заалт бий. Хөдөлмөрийн тухай хууль чухал хууль. Хоёр дахь заалтын хүрээнд хэлэлцэх асуудал нээлттэй байгаа. Байнгын хороо ажлын хэсэг анхаарал хандуулж, хэлэлцэх бүрэн бололцоотой. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан үг хэлье. Нийгэм, эдийн засагтай холбоотой гол гол хуулиудыг хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Яам болон Засгийн газраас оруулсан хэд хэдэн хуулиуд бий. Шинжлэх ухаан технологийн хуулийг өргөн барьсан. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль бий. Соёлын тухай, Киноны тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа. Музейн тухай хуулийг ойрын хугацаанд өргөн барихаар бэлтгэж байна. УИХ-аар тухай бүрд нь хэлэлцээд явах боломжтой юм байна гэж ойлгож байна. Соёлын тухай багц хуулийг Шинжлэх ухааны тухай хуулиудтай хамтад нь хаврын чуулганаар оруулж хэлэлцүүлэх тухайд нь дэмжиж өгөөрэй.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улсад ам.долларын ханш 2750 болж өслөө. Манайд Худалдааны хууль, худалдааны зохицуулалт байдаггүй. УИХ, Засгийн газар дээр хэд хэдэн хувилбартай байдаг гэж сонссон. Монгол төгрөгийн ханш унаж байгаа нь худалдааны зохицуулалттай холбоотой. Яагаад худалдааны хууль санаачилж батлуулж болдоггүй юм бэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Хаврын чуулган гурван сар орчим хуралддаг. Намрын чуулгантай харьцуулахад харьцангуй богино хугацаатай. Дээрээс нь сонгуулийн жил. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг аль болох цөөхөн тавихыг хичээсэн. Зайлшгүй хэлэлцэх ёстой хуулиуд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор зайлшгүй хэлэлцэж батлах ёстой хуулиудыг оруулж ирсэн. Нийтдээ 133 хуулийг шинэчилж өөрчилж өгөөч гэсэн санал ирсэн. Таны ярьж байгаа шинжлэх ухаан болон Худалдааны тухай хуулийг хэлэлцэж амжихгүй, та зөв ойлгоно байх.

УИХ-ын гишүүн П.Пүрэвдорж:

-НӨАТ-ын тухай хуулийг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч ээ. НӨАТ-ын татвар 5 хувь, буцаан ойлголт нь 2 хувь байхаар тусгагдсан. Энэ хуулиар жижиг аж, ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд учирдаг НӨАТ-ын дарамт багасна, ард иргэдэд илүү хямд бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломж бүрдэнэ. НӨАТ нь баруун бүсийн худалдаа эрхлэгчдэд дарамт болж байна. Энэ хуулийг баталснаар татварын бааз суурь нэмэгдэж, үүний үр дүнд татварын орлого нэмэгдэнэ. Ц.Оюундарь, С.Бямбацогт нарын санаачилсан хуультай хамтатгаад хэлэлцээч ээ гэсэн санал хэлж байгаа, боломжгүй юм. НӨАТ-ын тухай хуулийг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хэлэлцүүлж өгнө үү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Ц.Оюундарь, С.Бямбацогт, Л.Пүрэвдорж гишүүн бид НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх хуулийн төслүүдийг өргөн барьсан. Хэлэлцэх асуудлын дараалалд оруулж ирснээр тухайн үед нь хэлэлцээд явах боломжтой.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хаврын чуулган их онцлогтой чуулган болох нь ээ. Сонгуулийн өмнөх хаврын чуулган болгон онцлогтой болдог. Энэ чуулган 1992 оны хаврыг давтаж байгаа юм. Менежментийг анхаармаар байна. Хот тосгоныг яах вэ гэдэг асуудал 20, 30-аад жилийн маргааны гол асуудал байсан тулд бид энэ хавар энэ завсарлааанаар маш хүчтэй ажиллаж, гишүүд тал талаасаа ажиллах хэрэгтэй байна. хаврын чуулган эхэллээ гэхэд нэг бүтэн өдрийг авах асуудал оруулж ирмээргүй байгаа юм. Нэг хууль дээр ямар хугацаа байх вэ гэсэн цагалбар гаргаж байгаад хэлэлцэх ёстой. Хуумгай хууль гаргаснаас гаргаагүй нь дээр. Эдийн засгийн алсын хараа, Үндэсний баялгийн хууль гээд асар чухал хуулиуд орж ирэх гэж байна. Хэдэн смар ч яригдаж болох асуудал шүү дээ. ТИийм учраас чуулганы завсарлагаанаар маш сайн ажиллах шаардлага байна. Дээр нь Төрийн байгуулалтын хороо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хуулиудыг гарцаагүй тавих ёстой. Улс төрийн намуудын санхүүжилтийн хуулийг хичээн жил ярих юм бэ. дахдаа үзэл баримтлалыг нь тогтоод явмаар байна. Бид хийгээгүйн, буруу хийснийхээ, хариуцлагагүйн буруугаа Үндсэн хууль руу түлхсээр байгаад 30-аад жил явж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Барьцаа хөрөнгө шаарддаггүй итгэлийн зээлийн тухай хууль оруулж ирсэн. Бид ажилгүй, тэтгэвэр халамж авдаггүй иргэддээ боломж олгож, итгэлийн зээл олгох асуудлыг шийдвэрлэмээр байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-Хүрмэн, Номгоны нутгаар “Цагаан дэл уул-өлзий” боомтын асуудал хүчтэй яригдаж байна. Иргэд чадлаараа эсэргүүцэж байна. Энэ дээр төр давуу эрх эдлээд, байгаль орчны нарийвчилсан дүгнэлт хийгээгүй. Иргэд тэмцсээр байдаг. Шөнө үйл ажиллагаа нь яваад, иргэдийг бухимдуулдаг асуудал газар авч байна. Засгийн газар асуудлыг анхааралдаа аваад, газар дээр нь очиж үзээд, анхаарч ажиллаад өгөөч ээ. Шаардлагатай гэж үзвэл УИХ тогтоол гаргаад, Засгийн газарт үүрэг өгөөд ажиллах шаардлага үүсч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулаад дагалдаж гарах 30 гаруй хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Үүнд бүгд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна. УИХ-аас батлагдан гарч буй хууль, тогтоомжид онцгой анхаарахгүй бол, биелэлтүүдийг гаргаж ирэхгүй бол болохгүй нь. Хичнээн их цаг зав, хүн хүч ордог билээ. Гүйцэтгэл, хэрэгжилт байхгүй болчихоод байна. Үүнийг УИХ-ын түвшинд анхаарах шаардлагатай байна. Үр дүнгүй, эргэж хариуцлага ярьдаггүй байвал утгагүй болно.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Энэ хавар парламент нэлээн өндөр ачаалалтай ажиллана. Их хурлын тухай, Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Хууль тогтоох талдаа бус, хуулийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавих зэргээр томоохон өөрчлөлтүүд орно.

Тогтоолын төслийг баталъя гэсэн санал хураалтад 46 гишүүн оролцож, 25 нь зөвшөөрч, 54,3 хувийн саналаар баталлаа. 

11 : 09
2020-1-31

Чуулган: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

2020.01.31-ний Баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад дараахь асуудлууд багтав. Үүнд:

1. "Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2. Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

3. Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

4. Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудал;

5. “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6. Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

УИХ-ын Баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар:

Монгол Улсын Засгийн газрын мэдээлэл /Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар/ сонсоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж