Хүн бүрийн амьдралд алдаж боломгүй боломж гэж байдаг. Хэзээ, хэн мэдээлэлтэй байж чадна, тэр хүнд боломж алгаа дэлгэн угтдаг билээ. Дотоодын томоохон тэтгэлгүүдийн нэг ХААН Банкны тэтгэлэгт хөтөлбөр хэзээ зарлагддаг, ямар шалгуур тавьдаг, хэддүгээр курсийн оюутан хамрагдах боломжтой тухай мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.
ХААН Банкны нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2007 оноос хойш ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг уламжлал болгон зарлаж ирсэн. Жил бүрийн хавар 5-р сард тэтгэлгийн зарыг өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн вэбсайтууд, мөн ХААН Банкны албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлдэг аж.
Энэ тэтгэлэгт ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12-р ангид одоо суралцаж буй сурагчид материалаа өгөх боломжтой. Сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгодог уг хөтөлбөр нь сурах хүсэл эрмэлзэл дүүрэн, сурлагын амжилт, нийгмийн идэвх оролцоогоор бусдыгаа манлайлж яваа ахлах ангийн сурагчдад оюутны амьдралд хөл тавихад нь туслах зорилготой юм. Өөрөөр хэлбэл, төгсөх ангидаа сурч байхдаа энэхүү тэтгэлэгт материалаа өгөөд тэнцсэн тохиолдолд намар нь нэгдүгээр курст элсэн суралцахдаа тэтгэлгээ авдаг гэсэн үг.
Монгол орны 21 аймаг болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн сурагчдын дунд зарладаг уг тэтгэлэгт хөтөлбөрт өнгөрсөн 12 жилийн хугацаанд 1,785 оюутны хамрагдаж, ХААН Банк Сангаас нийтдээ 1.85 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Дашрамд сонирхуулахад, ХААН Банк Сангаас оюутны тэтгэлгээс гадна “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж буй. Оюутны амьдралд анхлан хөл тавьж буй залууст бие даан суралцах, шинэ орчинд хурдан дасах, хотын соёлд суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь хөтөч болох зорилготой энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл жил бүрийн намар бүртгэл нь явагддаг гэдгийг мөн дуулгая.
ХААН Банкны шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон “RISE” хөгжлийн хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал ХААН Банкны албан ёсны цахим хуудас www.khanbank.com –ын Мэдээ мэдээлэл хэсгээр орж үзнэ үү.
Холбоотой мэдээ