Эрчим хүчний хуулийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хуулийн төслийг дэмжлээ

Чуулганы хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг өрнөж байна.


Л.Эрдэнэчимэг: Агаарын бохирдолтойгоо тэмцэх асуудлаа хаячихлаа. Цаашид хөнгөлөлтэй цахилгаанаар хангана гэсэн боловч төсөвт энэ талын бүх асуудлыг хассан. Тиймээс энэ айлуудыг ингэж хохироож болохгүй байх. Улаанбаатар хотод тог цахилгаангүй айл олон байгаа. Сонгинохайрхан дүүрэг гэх юм уу нийслэлийн захын гэр хороололд тог цахилгаангүй айл олон байна. Сонгинохайрхан дүүрэгт 5000 айл тог цахилгаангүй байна. 2012 оны төсөвт шинээр тог цахилгаан тавих асуудал суугаагүй байна.

Д.Зоригт: Мөнгөн урамшууллыг дахин сэргээх боломжийг судалж байгаа. Улаанбаатар хотын цахилгааныг сайжруулах ажил жил болгон хийгдэж байгаа. Энэ жил 20 мянган айлыг тог, цахилгаантай болгосон байна. Ирэх жилийн төсөвт суулгаагүй. Л.Эрдэнэчимэг гишүүн үүнийг санаачлаад төсөвт оруулах ажлыг хөөцөлдвөл би дэмжинэ.

Г.Баярсайхан: Эрчим хүч хэмнээд ашгаа олох асар их бололцоо Монголд байна.  Хүмүүсийн сэтгэхүйд эрчим хүчний хэмнэлт хамгийн чухал гэдгийг ойлгуулмаар байна.  Америк даяар эрчим хүчийг хэмнэхдээ улайсдаг лампыг ашиглахыг хориглосон байдаг. Улайсдаг чийдэнг хилээр оруулахгүй байх, хэрэглэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

Ингээд олонхын саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Г.Баярсайхан:  Хэвлэл мэдээллээр монголчууд хавдраар өвчлөх нь их байна гэж бичээд байна. Зун олон хүний харшил хөдөлж байна. Монгол Улсын эрүүл мэндийн заалт байдаг. Тэр заалтыг ашигласан хэчнээн компани байдаг вэ. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх дүгнэлт гарах хууль гэж үүнийг харж байна. Энэ хуулийг хэлэлцээд явах нь зүйтэй. Цаашид барилга барихдаа эрүүл ахуйн стандартаа барьдаг болмоор байна.

Д.Оюунхорол: Энэ хууль бол яаралтай хэлэлцэх ёстой хуулиудын нэг. Өнөөдөр Монгол Улсын орчны асуудал маш их анхаарал татаж байгаа. Улаанбаатарын гэр хороолол, мөн бохирын асуудал байна.  Улаанбаатар хотын хөрсний бохирдол дээд цэгтээ тулсан. Орчноо маш их бохирдуулж байна,гүний усанд нөлөөлөх хэмжээний аюул дагуулж байна. Тиймээс төсөвтөө хөрөнгө мөнгө төсөвлөж гэр хорооллын орчны бохирдол, цэвэрлэх байгууламжийнхаа асуудлыг шийдмээр байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлье гэдэг. Гэтэл аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл нийтийн бие засах газрынхаа асуудлыг шийдэх ёстой. Тиймээс Аглагийн хийд дээр стандартын “00”-ын асуудлыг шийдэж өгсөн. Тиймээс энэ асуудлыг хэлэлцээд дэмжих ёстой. Хэлэлцэхийг нь дэмжинэ.

Ингээд санал хурааснаар 98.3 хувиар байнгын хорооны санал УИХ дээр уналаа.  Харин Эрүүл ахуйн болон бусад хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн тул анхны хэлэцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулав.

Д.Сарангэрэл: Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гээд заачихсан. Гэтэл малын үйлдвэр угсааг сайжруулахад төрөөс дорвитой мөнгө гаргахгүй байгаа. Зуун хувьд малчид өөрсдөө хариуцаад явж байгаа. Хувийн хэвшлийнхэн хамтаръя гэхээр зөвшөөрлийг нь олгохгүй байна гэх юм.

А.Бакей:  Өнөөдөр монгол мал давжаарч байгаа. Энэ нь  генетик нь алдагдаж, муудаж байгаагийн шинж л дээ. Энэ хуулийн гол хэрэглэгч нь малчид. Хуулийн нэр тохирч байна үгүй бас бодмоор байна. Хуулийн нэрийн хувьд оновчтой болгож сайжруулмаар байна.  Хувийн өмч эрхэлж байгаа малчин хуулиар сүргийн бүтцийг нь заагаад өгчихөөр мөрдөх юм уу, үгүй юу. Хэрэв зөрчвөл хууль зөрчсөн гээд малчин хүнтэй хариуцлага тооцох асуудал хөндөгдөж магадгүй шүү дээ.  Ямар ч байсан хэлэлцэхийг дэмжлээ.

Д.Лүндээжанцан: А.Бакей гишүүнтэй санал нэг байна. Ер нь сайн угсааны мал гэж ярьдаг.  Нүүдлийн мал аж ахуйгаа нутгийнх нь онцлогт тохирсон байдлаар авч үлдмээр байна.  Ер нь мал бол нутаг усандаа зохицдог амьтан. Түүнийг нь зохицуулж удам угсааг нь сайжруулж болно.

Д.Оюунхорол: Малын генетик нөөц, удам угсааг сайжруулах асуудалд онцгой анхаарах ёстой. Малын тоо, толгой өсч байгаа ч гэсэн генетик нь муудаж, давжаарч байна. Малын тоо өсөхөөр бэлчээрийн бэрхшээл гарч ирдэг. Үүнээс болоод мал давжаарч байгааг хэлэх ёстой.  Эдийн засгийн энэ хямралын үед малчид чинь сөхөрч унаж байна. Би сая Завхан аймагт ажиллаад ирлээ. Төлөг 50 мянган төгрөг гээд зарагдахгүй байна. Малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ 50-60 хувиар унаж байна. Эдийн засгийн хямралын үед хамгийн их сөхөрч байгаа нь малчид байна. Тэгээд тэнд, энд боом гарлаа гэх юм. Түүнийг нь шуурхай ч зарлах юм. Гэтэл нөгөөх нь экспортод сөргөөр нөлөөлж байна. Мах экспортлох асуудал дээрээ анхаармаар байна. Хөдөө аж ахуйн яамандаа энэ чиглэлийн санхүүжилтээ яаралтай суулгаж өгөөсэй гэж хүсч байна. Энэ хууль бол малчдын хүсэн хүлээсэн хууль. Энэ хуулийг гаргаад орхих биш хэрэгжүүлэх санхүүжилт, орчинг бүрдүүлмээр байна.

Ингээд санал хураалтаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж олонх дэмжсэн тул холбогдох байнгын хороонд шилжүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж