Украины Авлигатай тэмцэх үндэсний товчоо Ерөнхийлөгч асан Петро Порошенког эрх мэдлээ урвуулан ашиглаж, "их хэмжээний" хөрөнгийг шамшигдуулсан, АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийг хувьдаа завшсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тус улсын парламентын гишүүд Порошенког бүрэн эрхийнхээ хугацаанд гадаадын санхүүгийн тусламжийг хууль бусаар ашиглаж, зарцуулсан гэх үндэслэлээр шалгаж өгөхийг эрх баригчдаас шаардсанаар инйхүү түүнийг шалгаж эхэлжээ. Сөрөг хүчний платформын гишүүн Ренат Кузьмин Порошенкогийн эсрэг хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай Авлигатай тэмцэх товчооны баримт бичгийг өөрийн цахим хуудсандаа байршуулжээ. Баримт бичгүүдэд экс Ерөнхийлөгч болон түүний засаг захиргаанд ажиллаж байсан зарим "үл таних хүмүүс" "их хэмжээний хөрөнгө"-ийг замаас нь хулгайлаад, дараа нь хууль бусаар олж авсан хөрөнгөө хууль ёсны болгож харагдуулахын тулд эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн тодотгожээ.
Порошенко өөрөө энэ асуудалд хариу өгөөгүй бөгөөд харин өмгөөлөгчөөрөө дамжуулж Украины Үндэсний Мөрдөх Товчоо, Авлигатай тэмцэх товчоо, цагдаагийн байгууллагаас нэр хүндийг нь унагаасан гэж нөхөн төлбөр гаргуулахаар нийт 14 удаагийн гомдол гаргасан байна. Түүний өмгөөлөгч энэ бүх үйл явцыг одоогийн Ерөнхийлөгч Зеленськийн хийж буй улс төрийн хавчлага хэмээн тайлбарлаж байгаа аж.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ