Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нар өнөөдөр 2015.10.22/ БНСУ-ын парламентын гишүүн, Хөдөлмөрийн намын конгрессын дарга хатагтай Ким Ён Жү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол уулзалтын эхэнд төлөөлөгчдийг манай оронд тавтай зочлохыг уриад, Монгол, Солонгосын найрсаг харилцаа, хамтын ажиллагагааг хөгжүүлэхэд эмэгтэйчүүд бидний үүрэг маш их байдаг хэмээн онцлов. Тэрээр 2011 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын чуулга уулзалтын 19-р чуулганд БНСУ-ын парламентын эмэгтэй гишүүд идэвхтэй оролцож байсныг дурдаад хоёр орны эмэгтэй улс төрчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
БНСУ-ын парламентын гишүүн, Хөдөлмөрийн намын конгрессын дарга хатагтай Ким Ён Жү Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдтэй уулзаж байгаадаа баяртай буйг хэлээд энэ айлчлалын зорилго нь Солонгос, Монгол ард түмний найрамдалт нөхөрсөг харилцааг улам баяжуулах, хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар харилцан туршлага солилцоход оршиж байгаа юм гэлээ.
БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жү Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаагийн урилгаар манай оронд энэ сарын 24-нийг хүртэл албан айлчлал хийж байгаа бөгөөд өнөөдөр НАМЭХ-ны Удирдах ажилтнуудад хандан Монгол, Солонгосын эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар ярилцаж, 2016 оны орон нутаг, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдэд тулгамддаг нийтлэг асуудлууд мөн эмэгтэй улс төрчдийн бэрхшээл, хэвлэлийн пиар, сонгогчидтой хэрхэн ажиллах гэх мэт асуудлуудаар Тусгаар тогтнолын ордны Удирдах зөвлөлийн танхимд сургалт зохион байгуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ