БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн “2019nCoV” коронавирусийн тархалт хоногт л мянга мянгаар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 9,000 давж, нас барагсдын тоо 213 /хамгийн сүүлийн мэдээллээр/ болоод байна. Түүнчлэн дахин 12 мянга гаруй хүнд уг өвчний шинж тэмдэг илэрсэн буюу сэжигтэй тохиолдол хэмээх ангилалд багтаж байна.
Энэхүү нөхцөл байдлаас үүдэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнгөрсөн шөнө /2020.01.31/ хоёр дахь удаагаа яаралтай хуралдаж, уг өвчний тархалтыг тогтоон барихын тулд “Global Health Emergency of International concern” буюу дэлхий даяар онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа.
Ийнхүү эрсдлийн энэ түвшинг зарласан нь дэлхийн улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж, олон улсын нислэг, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авах нөхцөл байдал үүссэн гэсэн үг юм.
ДЭМБ-ийн дарга Тедрос Аданом Гебреисус яаралтай хурлын үеэр “Эрүүл мэндийг хамгаалах систем муу хөгжсөн улс орнуудад коронавирусийн халдвар тархах вий гэдэгт би хамгийн их санаа зовниж байна” хэмээн онцлон дурджээ.
Эрүүл мэндийг хамгаалах олон улсын хамгийн том байгууллага болох ДЭМБ нь нэгдүгээр сарын 22-ны өдөр коронавирусын асуудлаар анх удаа яаралтай хурал зарлан хуралдсан ч тухайн үед өвчний дэгдэлт харьцангуй бага, хангалттай мэдээлэл байхгүй байна гэж үзээд онц байдал зарлалгүй, анхааралтай ажиглах шийдвэр гаргаж байв.
ДЭМБ өмнө нь дараах өвчний тархалтын улмаас "Global Health Emergency" нөхцөлийг зарлаж байжээ.
- Гахайн томуу, 2009 он. H1N1 вирус нь 2009 онд дэлхий даяар тархаж, 200 мянга гаруй хүний амь насыг авч одсон юм.
- Полиомиелит, 2014 он. 2012 онд энэ өвчин анх гарсан ч өвчний тархалт харьцангуй бага буюу онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй байсан юм. Гэвч 2013 оноос дэгдэлт огцом нэмэгдэж 2014 он гэхэд дэлхий даяар онц байдал зарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ.
- Зика вирус, 2016 он. ДЭМБ Зика вирус Америк даяар тархсаны дараа буюу 2016 онд онц байдал зарлаж байв.
- Эбола вирус, 2014, 2019 онуудад. Энэхүү аюулт өвчин нь ДЭМБ-ыг хоёр ч удаа онц байдал зарлахад хүргэж байжээ. Эхнийх нь 2014 оны наймдугаар сараас 2016 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд Баруун Африкт бараг 30 мянга хүн халдвар авч, 11 мянга гаруй хүн нас барж байлаа. Хоёр дахь удаагийн онц байдлыг өнгөрсөн онд Конго улсад дэгдэлт газар авсны улмаас зарласан байна.
Одоогоор Хятад улсаас гадна дэлхийн 22 улсад уг өвчний халдвар бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Итали улсад хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 90-ээд хувь Хятад улсын иргэд тэр дундаа өвчин анх бүртгэгдсэн Хубэй мужийн оршин суугчид байгаа юм. Коронавирусээр халдварлагсдын дундаж нас нь 59 байгаа ба нийт халдвартай хүмүүсийн 56 хувийг нь эрчүүд эзэлж байна. Түүнчлэн уг өвчнөөр өвдсөн хүмүүсийн 55 хувь нь нэгдүгээр сарын 1-нээс өмнө халдвар авсан байгаа ба тэдгээр хүмүүс бүгд далайн хүнсний захтай холбоотой хүмүүс байгаа аж.
Энэ өвчин нь анх Ухань хотын Хуанань далайн хүнс, амьтны захаас үүссэн гэж үзэж байгаа ба тус захын үйл ажиллагааг даруй зогсоож, битүүмжлэх арга хэмжээг авсан билээ. Тэр дундаа сарьсан багваахай, могойноос уг халдвар анх хүнд дамжсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.
Хятад улсын эрх баригчид халдварт өвчний тархалт өндөр байгаа хот тосгодуудад хорио цээр тогтоож, тэдгээр хотоос гарах, хот руу орох бүх хөдөлгөөнийг хаах, “Цагаан сар”-ын баярыг угтсан үзэсгэлэн худалдаа, урлаг спортын зэрэг олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг цуцлах, халдвар авсан хүмүүсийг тусгаарлан эмчлэх түр эмнэлгийн барилгыг барих зэрэг арга хэмжээг авч байгаа юм.
Харин бусад улс орнууд Хятад улстай хиллэдэг хилээ хаах, агаарын Хятад улс руу үйлддэг нислэгүүдээ цуцлах, иргэддээ тус улс руу зорчихгүй байхыг уриалах, халдварын голомт болсон Ухань хотод болон Хятад улсад байгаа иргэдээд буцаан татах, онгоцны буудал, хил гаалийн үйл ажиллагааг чангатгах, коронавирусийн тусгай нэгж байгуулан ажиллах гэх мэт арга хэмжээг авч халдварт өвчнөөс сэргийлж байна.Мөн зарим улс орнуудад энэ өвчинтэй холбогдуулан Хятад улсын иргэдийг зарим тохиолдолд Азиудыг ялгаварлан гадуурхах хандлага бий болсон байна. Тухайлбал, Хятад оюутнуудыг хичээлд нь суулгахгүй байх, дэлгүүр үйлчилгээний газрууд Хятад хүнд үйлчлэхгүй гэсэн бичиг үүдэндээ наасан зэрэг тохиолдлууд гарсан юм.
КОРОРНАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?
Коронавирус нь ихэвчлэн амьтанд тохиолддог бөгөөд маш ховор тохиолдолд амьтнаас хүнд дамждаг бүлэг вирус юм. Энэхүү вирус нь энгийн ханиадны нэгэн адил амьсгалын дээд болон дунд замын өвчинд амархан өртдөг хүмүүст халдах магадлал өндөртэй. Шинж тэмдэг нь нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах, халуурах, толгой өвдөх гэх мэт энгийн ханиадтай төстэй шинж тэмдэгүүдийг үзүүлдэг. Дархлаа султай хүмүүст болон өвчин хүндэрсэн үед энэ вирус нь уушгины хатгалгаа, бронхиттой адил цээж хөндүүрлэх, амьсгал давчдах, зүрхний цохилт түргэсэх, зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааг сааруулах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг байна.
Тархалтын хувьд амьтнаас хүнд, хүнээс хүнд ахуйн болон амьсгалын замаар дамжих боломжтой. Одоогоор энэ вирусыг дарах тодорхой эмчилгээ, вакцин байхгүй байгаа бөгөөд олон улсын эрдэмтэд вакцин бүтээхээр идэвхтэй ажиллаж байна. Мөн өвчний шинж тэмдэгийг намжаахын тулд зарим тохиолдолд ДОХ-ын эмчилгээний үед хэрэглэдэг эм бэлдмэлүүдийг зөвлөж байгаа юм.
ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД:
- Халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүмүүсээс хол байх
- Гараа аль болох удаан сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагчаар гараа сайтар ариутгах
- Олон нийтийн газраар явахдаа амны хаалт байнга зүүх
- Нийтийн ариун цэврийн өрөөг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд ариун цэврийг дээд зэргээр сахих
- Төстэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аль болох гэрээсээ гарахгүй байж, эрүүл мэндийн байгууллагад даруй мэдэгдэх
- Үхсэн болон амьд амьтанд хүрэхгүй байх
- Мал амьтны гаралтай мах, өндөг зэрэг бүтээгдэхүүнийг гүйцэт болгож идэх
Холбоотой мэдээ