Сүүлийн таван жилд 1865 хүн хатгаагаар нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Сүүлийн таван жилд 1865 хүн хатгаагаар нас баржээ

Сүүлийн таван жилд 1865 хүн хатгаагаар нас баржээ

Монголын хувьд Коронавирусээс илүүтэй уушигны хатгалгаа, H3N2 вирус аюулын харанга дэлджээ. Энэ өвчний улмаас 2019 онд 78 мянга гаруй хүн өвчилж, 400 хүний амийг авч одсон гашуун мэдээллийг ЭМЯ-наас дуулгасан. Харин урд хөршид дэгдэж, дэлхийн  10 гаруй улсад тархаад буй коронавирусээр өвчлөгсдийн тоо 9000-д хүрч, 213 хүн алтан амиа алдаад байна. Дэлхий дахинд үхлийн аюултай гэгдээд буй коронавирусийн улмаас нас барагсдын тоог Монголд уушигны хатгалгаагаар амиа алдсан хүмүүстэй харьцуулахад бага тоо гээд хэлчихэд хилсдэхгүй боллов уу. Өнөөдөр Монголд хатгалгаа тусаагүй, хүүхэд нь ханиад хүрч, өндөр халуурч үзээгүй хүн байхгүй.

Уушигны хатгалгаагаар өвчлөгсдийн тоо жилээс жилд өсч, нас баралтын шалтгааны дээгүүрт эрэмблэгдэж байхад эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа салбарын яам нь арга хэмжээ авч чадалгүй өдийг хүрэв үү. Эсвэл агаар, хөрсний бохирдол, хорт зуршил нөлөөлөв үү. Нөгөө талаас хэнэггүй Монгол зангаас болов уу гэх зэрэг олон асуулт хариулт нэхэж байна. Хүн амын дунд “тахал” болсон уг асуудлыг энэ удаагийн сурвалжлагаар хөндлөө.

Ердөө 3.3 сая хүн амтай монголчууд шинэ коронавирусээс айж нийтээрээ үймэлдэх биш бодит аюул та бидний дунд байгааг хайхрахгүй өнгөрч болохгүй.

Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг Монгол орны хувьд иргэд нь цаг уураас шалтгаалан өвлийн турш ханиаданд дарлуулж, эмчийн үүд сахих нь бичигдээгүй хууль. Залуусын хувьд эмнэлгийн босго давахаас төвөгшөөхдөө дур мэдэн эмийн сангаас эм авч уух, сошиалд “их мэдэгч”-дийн зөвлөгөөг дагах нь түгээмэл. Гэвч эмчийн жоргүй эмчилгээ эм бус хор болж, уушигны хатгалгаа, цаашлаад амиа алдахад ч хүргэх аюултай.

Галлагааны улирал эхлэхээс дуусах хүртэл буюу 10-4 дүгээр сар хүртэл томуу томуу төст өвчний дэгдэлтийн улирал байдаг. Оргил үе нь арванхоёр, нэгдүгээр сар. Томуугийн улиралд уушигны хатгалгаагаар өвчлөгсдийн тоо нэмэгдэж, эмнэлгүүд ачаалалд дарагддаг. Тэр тусмаа бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, төрсний дараах ээжүүд болон хавсарсан архаг өвчтэй хүмүүст уушигны хатгалгаа хүнд хэлбэрээр тусах магадлал өндөр аж. Насанд хүрэгчдийн хувьд бактери, вирусийн гаралтай уушигны хатгалгаа болон мэргэжлээс шалтгаалах чиглэлийн уушигны өвчлөл нэмэгдсэн байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд уушигны хатгалгаагаар амбулаторийн үзлэгт бүртгэгдсэн нийт хүн /давхардсан тоогоор / 2015 онд 66.923 байсан бол 2016 онд 104.810 болж өссөн ч  2017 онд 94.893 болж буурсан үзүүлэлттэй байаа юм. Энэ тоо 2018 онд өсч 110.028 мянгад хүрсэн бол 2019 онд 119.191 болж өсчээ. Мөн 0-5 насны хүүхдийн нас баралт сүүлийн таван жилд тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Энэ талаарх мэдээллийг хүснэгтээр дэлгэрэнгүй хүргэе.

ЕРДӨӨ СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛИЙН ДОТОР БИД ХАТГАЛГАА ӨВЧНӨӨР 1865 ХҮНЭЭ АЛДЖЭЭ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга,  анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор Ц.Төмөр-Очирын хэлснээр сүүлийн 10-15 жилийн хугацаанд  уушигны завсрын эдийн хатгаа жилээс жилд нэмэгдэх хандлагатай болсон нь зам тээвэр,  барилга, хотжилт, уур уурхайн салбарын хөгжилтэй холбон тайлбарлаж байна. Уг өвчлөлийн улмаас уушигны хавдар нь монголчуудын зүрх судас, ходоод, улаан хоолой зэрэг нийт хавдрын гуравдугаарт бичигдэх болжээ. Сүүлийн таван жилийн байдлаар уушигны хатгалгаагаар өвчилсөн болон нас барсан иргэдийн тоо буурсангүй. Харин ч өсчээ.

           ХЭНЭГГҮЙ ЗАНГИЙН БАЛГААР ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ОРОЙТОЖ БАЙНА

Засгийн газар, Улсын онцгой комиссоос цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож хөл хорио тогтоосон энэ үед дүүргийн эмнэлгүүдийн ачаалалтай ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн байгууллагуудад өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллах үүрэг болгосны дагуу дүүргийн эмнэлгүүд өглөө 09:00-22:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа. Гэвч эмч нарын ажил дундарсангүй, эмнэлгийн оочир багассангүй.

15:10 ЦАГ Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв хүлээлгийн танхим дүүрэн хүмүүс. Ёстой л найман настай балчраас наян настай буурал хүртэл нас насныхан хүлээлгийн танхимд дугаарлана.Ажил тарах цагаар л ийм ачаалалтай байдаг тус эмнэлгийн эмч нар  өдрийн цагаар ч толгой өндийх завгүй болжээ. Тус эмнэлэг  уртасгасан цагаар 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ч үдээс хойш ачаалал эрс нэмэгдэж, эмч нар хүнээ үзэж хүчрэхээргүй болдог байна. Бага насны хүүхдүүдийн хувьд ихэвчлэн ханиад нь хүндэрч, хатгалгаа болж байгаа гэнэ. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ердийн үед 60 орчим хүүхэд ханддаг байсан бол энэ тоо даруй 200 болж өсчээ. Он гарснаас хойш уушигны хатгалгаагаар 800 гаруй хүн хэвтэн эмчлүүлжээ.

ХАНИАДЫГ ХАТГАЛГАА БОЛЖ ХҮНДРҮҮЛСЭН ХОЙНО НЬ ЭМЧИД ХАНДАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн Их эмч Н.ГАНТӨМӨР:  

-Сурагчдын II улирлын амралт эхэлсэн үед эмнэлгийн ачаалал бага зэрэг буурсан боловч амралтыг дахин сунгаж хөл хорио тогтоосноос хойш эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн. Хоногт 200 гаруй хүүхэд үзэж байна. Томуу томуу төст өвчин нь нянгийн болон вирусийн гаралтай байдаг. Энэ жилийн хувьд А болон В хүрээний вирусээр үүсгэгдсэн онцлог шинжтэй ханиад томуу гэдгээрээ онцлог байна. Ерөнхийдөө 0-5 насны хүүхдүүдийн дунд  уушигны хатгалгаа хүндэрсэн байдалтай эмнэлэгт ханддаг. Хүүхдүүд маш өндөр халуунтай байгаа нь үрэвслийн шинж их байгааг илтгэж байгаа юм. Зарим тохиолдолд 40 градус хүртэл халуурсан хүүхэд ирдэг. Дээр нь их ханиалгаж, шуугьсан, амьсгаадсан, уйлагнасан зэрэг уушигны хатгалгааны шинж тэмдэг илэрч байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ өвчнийг эцсийн шат хүртэл нь хүндрүүлсэн хойно нь асарч эхэлж байна. Уг нь аав ээж нар хүүхдээ өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, анхаарал тавих ёстой.

Гэтэл таван нас хүртэлх хүүхдүүдийн дунд томуу хүндэрч уушигны хатгалгаа болж байгаа нь эцэг эхчүүд хүүхдэдээ асаргаа сувилгааг муу хийдэг, өндөр халуурч уушигны хатгалгаа нь хүндэрсэн хойно эмчид хандаж байгаатай холбоотой. Үүнээс болж цаг хугацаа алддаг. Насанд хүрэгчид ч  мөн ялгаагүй, ханиадыг тоохгүй явснаас болж уушигны хатгалгаа хүндэрч эцсийн шатанд хүрсэн хойно эмчид ханддаг.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэг эмч нэг хүүхдийг 20 минут үзнэ гэсэн стандарт байдаг ч бодит байдал дээр огт хэрэгждэггүй. Хэрэв нэг хүүхдийг 20 минут үзвэл дугаарлаж буй эцэг эхчүүдээс гомдол мэдүүлж зарга үүсгэдэг. Иймд таван минут хүрэхгүй хугацаанд нэг хүүхдийг оношилж үзэж байна. Манай эмнэлэг хүлээн авахын хүчин чадлаа нэмэгдүүлж хоёр өрөөнд зэрэг хүүхдэд үйлчилж байхад ачаалал дийлдэхгүй байна.

Өдөрт 17 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ тоо оройн цагаар нэмэгддэг. Дээр нь эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь өөрсдөө болон хүүхдэдээ амны хаалт зүүлгэхгүй байгаа нь маш буруу. Шаардлага тавихаар хүлээж авдаггүй.

Иргэд эмчид хандахаас илүүтэй хэн нэгний зөвлөгөө, фэйсбүүк сошиал орчноос буруу мэдээлэл авч, эмчийн жоргүй дур мэдэн эмчилгээ хийж, өвчин нь хүндэрсэн хойно эмнэлэгт хандаж байгаа нь маш буруу. Бид ЭМЯ-наас үүрэг чиглэл өгсний дагуу бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой эмч нарын ачаалал эрс нэмэгдсэн. Ийм үед АШУҮИС-ийн 16 оюутан нэмэлт хүчээр ажиллаж, эмч нарын ачааллаас хөнгөвчиллөө. Эдгээр оюутны ажиллах хугацаа нь албан ёсоор дууссан. Бидний хувьд 24 цагийн ээлжээр жижүүрлэн ажилладаг.

16:00 ЦАГ: Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөр ороход  ачаалалгүй нам гүм, хүнгүй байлаа. Харин эмч нар дарга нарын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тус эмнэлгийн ажилтнуудын хэлснээр иргэдийн дунд ханиад нь хүндэрч, уушгины хатгалгаа болж улмаар амиа алдахад хүрч байгаа нь иргэдийн хариуцлагагүй байдалтай холбон тайлбарлав. Хэдийгээр уушигны хатгалгаа эдгэрдэг ч  иргэдийн дийлэнх нь дур мэдэн эмчилгээ хийснээр эцсийн шатанд л эмнэлэг барааддаг нийтлэг үзэгдэл ажиглагддаг гэнэ. Хэрэв хүмүүс ханиад хүрсэн даруйдаа дурын эмийн сангаас эм авч уух биш эмнэлгийн байгууллагад хандсан бол  хатгалгаа өвчин нас баралтын шалтгаан болох учиргүй гэдгийг эмч мэргэжилтнүүд халаглах нь холгүй хэлж байлаа.

Дараа нь Сүхбаатар дүүргийн  Нэгдсэн эмнэлгээр ороход Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй адилхан ачаалалтай, амны хаалт зүүсэн хүмүүс хүлээлгийн танхимд болжмор шиг эгнэн сууцгаана. Угтах үйлчилгээ ч бас ачаалалтай харагдана билээ. Тус эмнэлгийн зүгээс иргэдээс болон эмч мэргэжилтнүүдтэй даргын зөвшөөрөлгүй уулзахыг эрс татгалзсан билээ.

Нийслэлийн есөн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгүүдийн үйл ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хариуцан чиглэл өгч ажилладаг.

АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРАХ ЁСТОЙ

НЭМГ-ын Ахлах мэргэжилтэн Б.БААТАРСҮХ:

Амьсгалын замын халдварт өвчин, цочмог халдвараар жил бүр олон хүн өвддөг. Энэ өвчлөл ч бас дээгүүрт жагсдаг. Уушигны хатгалгааг үүсгэгч олон төрлийн вирус бий. Бактерын гаралтай, бусад H3N2, N1H1 томуугийн вирусээр үүсгэгдсэн уушигны хатгалгаа хүн амын дунд түгээмэл. Иргэд амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь эмчид хандвал уушигны хатгалгаа нь эдгэдэг өвчин. Хүмүүс өвчнөө хүндэрсэн хойно нь эмчид хандаж, эмнэлгийн тусламж оройтдог асуудал байна.  Үүнийг анхаарах ёстой. Амьсгалын замын өвчлөл улсын хэмжээн дэх нийт өвчлөлүүдээс дээгүүрт жагсдаг. Нас баралтад ч бас их дээгүүрт байна.

Одоо бол томуу томуу төст өвчний оргил үе таарч байна. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын эхээр В хүрээний вирус дэгдэж, өвчлөл удаан хугацаагаар даамжирсан. 2020 оны нэгдүгээр сард томуу томуу төст өвчний А хүрээний вирус эргэлтэд орж эхэлсэн. Дээр нь амьсгалын замын бусад 5-6 төрлийн вирус үүсгэгдсэн байгаа юм.

Өвчлөлийн тархалт ихсэх үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо ч нэмэгддэг. Үүнийг л томуу томуу төст өвчний оргил үе гээд байгаа юм. Үүнтэй холбоотой эмч эмнэлгийн байгууллагын ажилчдын ачаалал ихэссэн. Эмнэлгийн ачаалал өмнөх жилүүдээс илүү нэмэгдсэн хандлагатай байна.  Бид амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх асуудалд нэн түрүүнд  анхаарах ёстой.

Коронавирусээс хамгаалах арга хэмжээнүүдийг авч байна гэдэг нь амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн нэг хэлбэр нь л юм. Бид томуугийн дэгдэлт, уушигны хатгалгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор маш олон арга хэмжээнүүдийг шат дараалалтайгаар зохион байгуулж байна. Иргэдэд зөвлөмж өгөх, мэдээлэл авах утсыг дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ажилуулж эхэлсэн. Мөн уртасгасан цагаар ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд ч бас уртасгасан цагаар 19:30 цаг хүртэл  ажиллаж байгааг онцолъё.

Эмнэлгийн ажилчид, эмч мэргэжилтнүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа тул хүний нөөцийг нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах зорилгоор АШУҮИС-ийн 400 орчим оюутан, нарийн мэргэжлийн резидент эмч нарыг  дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт нэмэлт хүчээр ажиллаж байгаа юм.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ДЭГДВЭЛ  БИД БЭЛЭН ҮҮ?

БНХАУ-ын Үханьд анх гарч, дэлхийн 10 гаруй оронд халдаад буй коронавирусийн халдвар хэдийгээр Монголд бүртгэгдээгүй гэж ЭМЯ-наас мэдээлж буй. Гэхдээ коронавирус зөвхөн монголчуудыг тойроод өнгөрнө гэж найдах хэрэггүй юм. Ямар ч үед аюулгүй бэлэн байдлыг хангах ёстой. Томуу томуу төст өвчний оргил ачааллын үед урд хөрштэй хил залгаа оршдог Монгол Улс нь коронавирусийн халдвар тархах магадлалын зэргээрээ өндөрт шилжээд байна. Хэрэв коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, батлагдвал яах вэ, эрүүл мэндийн байгууллагуудад хамгаалах хэрэгсэл, нөөц бий юу гэдэг асуудал үүсч буй. Одоогоор дүүргүүдийн эмнэлэг нэг удаагийн хамгаалах хэрэгслээ бэлдсэн ч энэ нь хангалтгүй байгаа юм байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв гэхэд эмнэлгийн хэрэгсэл, ариутгах бодисоос гадна онц шаардлагатай үед ашиглах нэг удаагийн хамгаалах хувцас эмч мэргэжилтнүүдэд байгааг эмч нар хэлж байлаа.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв гэхэд өнгөрсөн даваа гаригаас эхлэн онцгой үед өмсөх хамгаалах хувцасны  нөөцөө бэлджээ. Тус газрын мэдээлснээр нэг эмчид гурван хамгаалах хувцас ногдсон байна. Дүүргийн эрүүл мэндийн эмнэлэг ч бас хамгаалах хувцас,  ариутгах бодисын нөөцөө бэлджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр коронавирусийн халдвар илэрсэн нөхцөлд улсын хэмжээнд 15.134 эмнэлгийн ор байгаагаас 2195-ыг нь халдварын үед ашиглах бололцоотой юм байна.

Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийг хангах асуудлыг Засгийн газраас шийдвэрлэжээ. Одоогоор нийт 2586 эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэн байгаа нь коронавирусийн шинэ халдвар дэгдсэн үед хангалтгүй гэдгийг салбарын яамнаас тодотгож байгаа юм.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРСЭН ҮЕД ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ХАМГААЛАХ

ХЭРЭГСЛИЙН НӨӨЦ БАЙХГҮЙ

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ:

-Хэрэв коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд бусад байгууллагуудын нөөц бололцоог бүрдүүлэх санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдсэн. Тийм учраас бид халдвар тархсан тохиолдолд бэлэн байдлаа хангах арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Нийт гурван удаа эрсдэлийн үнэлгээ хийсэн. Эхний удаа Монгол Улс дунд зэргийн эрсдэлтэй гэж үзсэн бол дахин хийсэн эрсдэлийн үнэлгээгээр дундаас дээш гэж дүгнэсэн. Гурав дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй орны тоонд орсон.

Та бүхний мэдэж буйгаар БНХАУ-ын 31 мужид коронавирусийн халдвар илэрсэн. Мөн Төвдөд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн Япон улсаас коронавирусийн оношлуурыг авчирч эхэлсэн. Дахин захиалсан тул оношлуур багаж хэрэгсэл дутах асуудал харьцангуй боломжийн түвшинд байна.

Мөн 1990 оноос хойш амны хаалт, эм тариа, эм эмийн хэрэгсэл хувийн хэвшилд очсон. Тиймээс хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах тал дээр анхаарч байна. Монгол Улс амны хаалт үйлдвэрлэдэг ганцхан компанитай. Тус үйлдвэр нь БНХАУ-аас түүхий эдээ авдаг. Гэвч түүхий эд авдаг үйлдвэр нь коронавирусийн халдварын бүс Хубэй мужид байгаа тул хүндрэл үүсч байна. Гэхдээ Монгол Улсын маскны хангамж дууссан гэж хэлэхэд учир дутагдалтай. Маскны асуудлаар олон улсын байгууллагуудтай хэлэлцэж байна. Эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж, ажилтнуудын  хувийн хамгаалах хэрэгслийн талаар олон улсын түншлэгч орнуудтай хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ асуудлаар ОХУ, Япон, БНХАУ, Энэтхэг улсад хандсан. Эдгээр улсуудад маскны нөөц бага орсон. Ихэнх орнууд маскны нөөцөө БНХАУ-аас авдаг. Хэрвээ Монгол Улсад коронавирусийн халдвар илэрсэн нөхцөлд эмнэлгийн тусламжийг тооцож үзсэн. Австрали, АНУ, Япон улсын туршлагаас харахад БНХАУ-ын халдварын голомт Үхань мужид байгаа хүмүүсээ татахдаа халдвартын эмнэлэгт тусгаарлахгүй байна. Тусад нь байршуулж, шинжилгээ, эмчилгээ хийж байна. Тиймээс бид ч бас энэ туршлагаас санаа авах ёстой гэж үзэж байна. Бидэнд өнөөдөр огт байхгүй зүйл нь шинэ коронавирусийн халдвар илэрсэн үед эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа хамгаалах хэрэгслийн асуудал.

Одоогоор 100 хүнд нэг удаагийн хамгаалах хувцасны хэрэгслийн 10 хоногийн хэрэглээ байна. Мянган хүнд 10 хоног хэрэглэх бээлий усны гутал, малгай байна. Нөөц байхгүй тул зайлшгүй яаралтай бүрдүүлэх шаардлагатай. үүнд N95 амны хаалт, малгай, комбинзон, бээлий, усны гутал, цогцос хадгалах уут зэрэг хамгаалах хэрэгсэл багтана.

Гэхдээ манай мэргэжлийн хяналтын байгууллага хамгаалах хэрэгслийн хувцастай ч орчин үеийн шаардлагад нийцэхгүй. Шинэ коронавирусийн халдвар дэгдсэн үед орчин үеийн хамгаалах хэрэгслийг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай.

ОРОН НУТГИЙН ЭМЧ НАРТ ЦАХИМААР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга. Я.БУЯНЖАРГАЛ:

-Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед  урд хөршид короновирусийн халдвар тархаад байна. Эл халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улс Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг нэг сар зогсоож, олон нийтийн дунд арга хэмжээ зохион байгуулахыг хориглож хөл хорио тогтоогоод байна. Эрүүл мэндийн яамнаас үүрэг чиглэл өгсний дагуу эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Улсын хэмжээнд одоо байгаа  хамгаалах хэрэгсэл, ариутгалын халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцөө тооцож, цаашдын нөөц ямар байх талаар талаар бид төлөвлөөд Улсын онцгой комисст танилцуулсан. Мөн Эрүүл мэндийн сайдын А32 дугаар тогтоолын дагуу зөвлөх багийг бүрдүүлэн ажиллаж байна. Зөвлөх багт АШУИС-ийн доктор, профессоруудаас бүрдсэн, нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт өдөр бүр Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хяналт, сургалт, зөвлөгөөг эмч нарт өгч байгаа юм. Орон нутгийн эмч нарт  цахимаар зөвлөгөө өгч байна. Хэрэв шаардлагатай тохиолдолд орон нутагт нэмэлт хүчээр ажиллаж, зөвлөгөө өгнө гэлээ.

 "САРС"-ИЙГ ДАВАН ТУУЛЖ ЧАДСАНТАЙ АДИЛ КОРОНАВИРУСИЙН ТАРХАЛТ ДЭГДСЭН Ч ДАВААД ГАРНА

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.ЧИМГЭЭ:

-Монгол Улс коронавирусээс урьдчилан сэргийлэх, уг вирусийн тархалтаас хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хамгаалахад бэлэн байгаа. Эм, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл нь хангалттай бий. Эрүүл мэндийн яамны сайдын А32 дугаар тогтоолоор батлагдсан зөвлөх багийн эмч, докторууд дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдэд цахимаар өдөр бүр зөвлөгөө өгч байна. Манай эмнэлэгт АШУИС-ийн мэргэжлийн зөвлөх эмч нартай.Шаардлагатай тохиолдолд биечлэн сургалт зааж, зөвлөмж өгөх байдлаар ажиллана.  Эрүүл мэндийн яамнаас үүрэг чиглэл өгсний дагуу уртасгасан цагаар ажиллаж байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн ариутгах бодис, эмнэлгийн ажилчдын хамгаалах хувцас хэрэгслийг нөөцөлсөн байгаа. Бид 2003 онд дэгдсэн САРС-ыг даван туулж чадсан тул коронавирусийн өвчлөлийг  даваад гарна. Коронавирусийн 70 хувь нь САРС-ийн шинж тэмдэгтэй адилхан байгаа юм. Харин уушгины хатгалгаа өвчин бол зөвхөн эмч нараас шалтгаалахгүй ч энэ өвчлөлийг бууруулахын төлөө олон арга хэмжээ авч байгаа гэлээ.

Чихнээсээ байнга шахуу хонх уяулдаг эрүүл мэндийн салбарыг шүүмжлэхээс илүүтэй Монгол хүний амь насанд заналхийлээд буй өвчлөлөөс иргэн, эцэг эхчүүд анхаарлаа хандуулах шаардлагатайг албаныхан анхааруулж байна.

Б.ЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж