Хөрөнгийн зах зээл: Төлбөр тооцооны T+2 горимд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээл: Төлбөр тооцооны T+2 горимд шилжинэ

Хөрөнгийн зах зээл: Төлбөр тооцооны T+2 горимд шилжинэ

Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд сэргэсний дүнд манай хөрөнгийн бирж дээр урд өмнө хийгдэж байгаагүй олон тооны IPO амжилттай хийгдэж, монголчуудад хувьцааны хөрөнгө оруулалт хийх сонирхол бий болсон. Түүхий эдийн ханшийн өсөлттэй холбоотойгоор хувьцаат компаниудын ашигт ажиллагаа сайжирч, томоохон компаниуд IPO хийх болсон нь зах зээлийн өсөлтөд ч нөлөөлсөн. Хувьцаа гаргасан компаниуд Хөрөнгийн биржийг урт хугацаанд хямд эх үүсвэр татан төвлөрүүлэх бодит боломж гэдгийг баталснаар хувьцаагаа гаргах компаниудын тоо ч өсөн нэмэгдсэн билээ.

IPO гэдэг нь хувийн компани олон нийтийн өмч болж буй хэлбэр.

Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулалтын сангууд байхгүйг санхүүгийн мэргэжилтнүүд өгүүлдэг. Тиймээс урт хугацаанд хөрөнгө оруулах сангууд байгуулагдаж, IPO хийж буй компаниудад хөрөнгө оруулах, мөн гадаадын томоохон сангуудыг татаж оруулж ирэх асуудал нэн тулгамдаж буй юм. Олон улсын хөрөнгө оруулалтын сангууд манай зах зээлийг ихээр сонирхох болсон ч хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг хөрөнгө оруулагчдад ээлтэй болгож, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулахад хүндрэл учруулдаг зарим зохицуулалтыг засах зайлшгүй шаардлагатай ажээ.

Монгол Улсад хөрөнгө оруулалтын менежмент, хөрөнгө оруулалтын сан байгуулан үйл ажиллагаагаа эрхэлж буй анхны гадаадын компани нь БНСУ-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг “Райнос Ассет Менежмент” компани аж. Тус компани 2018 онд “Лэнд МН ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд стратегийн хөрөнгө оруулагчаар орж байжээ.

Монголын хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай “Хөрөнгийн зах бол гадны хөрөнгө оруулалтыг эдийн засаг руугаа татах томоохон суваг. Энэ сувгаа бүрэн нээхийн тулд нэн яаралтай хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг хөрөнгө оруулагчдад ээлтэй болгох шаардлагатай байна” гэж хэлсэн билээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын сангуудыг татах, оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд таатай хөрөнгө оруулалтын орчин, дэд бүтэц бий болгох, төлбөр тооцооны дараа төлбөрт Т+2 систем нэвтрүүлэх шаардлага тулгарч буй.

Өнөөдөр Монголд үүсгэн байгуулж буй сан бүрийг компани хэлбэрээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх гэх мэт маш их хүндрэл чирэгдэл учруулсан зохицуулалтууд байдаг. Үүнийг олон улсын нийтлэг практиктай нийцүүлж, уян хатан болгохгүй бол хөрөнгө оруулагч “дайжсан” хэвээр байх юм. Гадаадын томоохон хөрөнгө оруулалтын сангууд зөвхөн төлбөр тооцооны Т+2, Т+3 гэх мэт дараа төлбөрт тогтолцоотой зах зээлд хөрөнгөө оруулдаг тул манайх шиг урьдчилсан төлбөрт системтэй зах зээлд хөрөнгө оруулахыг хэтэрхий эрсдэлтэй гэж үзэн хориглодог байна.

Гурван жилийн өмнөөс Монголд Т+2 системийг нэвтрүүлэхээр зах зээлийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж эхэлжээ. Энэхүү горимыг нэвтрүүлбэл олон улсын зах зээлийн зэрэглэлтэй болох боломж бүрдэх билээ. Жишээлбэл, FTSE Russell-ийн Frontier зах зээлийн зэрэглэлтэй болсноор Норвегийн сан зэрэг гадны томоохон хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгийг шууд Монголын хөрөнгийн бирж рүү татах боломж нээгдэх юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Монголын хөрөнгийн биржийн арилжааны төлбөр тооцооны системийг Т+2 горимд тун удахгүй шилжүүлэх бололтой. Уг нь 2020 оны нэгдүгээр сард шилжүүлэхээр төлөвлөж байв.

Хөрөнгийн зах зээлд оролцогчид хоёр жилийн өмнө төлбөр тооцооны Т+2 горимд шилжих хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд тавьсан ч тус хорооны тухайн үеийн удирдлага дэмжээгүй байдаг.

Өдгөө Сангийн яам, “Арилжааны төлбөр тооцоо”, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” хамтран Т+2 горимд шилжих ажлыг гүйцэтгэж буй бөгөөд төлбөр тооцооны Т+2 горимын туршилтыг хийж эхэлжээ. Мөн холбогдох дүрэм, журмыг боловсруулж дуусч буй юм байна. Т+2 нь хөрөнгө оруулагч өнөөдөр арилжаанд оролцож, хувьцаа худалдан авлаа гэхэд ажлын хоёр өдөрт багтаан төлбөр тооцоог нь хийх боломж олгодог горим.

Төлбөр тооцоог дараа нь хийх хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлдэг давуу талтай. Т+2 горимд шилжүүлснээр биржийн хөрвөх чадвар сайжрахаас гадна гадаадын хөрөнгө оруулагчид хувьцаа худалдаж авах боломж бүрдэнэ гэж хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд үзэж буй юм. Одоогоос таван жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд эрх зүй зохицуулалтын өөрчлөлт болон арилжаа, төлбөр тооцооны системд бүрэн өөрчлөлт хийгдэж дуусч, Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны төлбөр тооцоо “Т+1” горимд шилжсэн билээ.

Тус горим нь үнэт цаасны зах зээлийн хөрвөх чадварыг өсгөх, арилжааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мөн цаашид төлбөр, тооцооны бие даасан бүтцийг бий болгож, кастодианы үйл ажиллагааг зах зээлд бүрэн нэвтрүүлснээр уг төлбөр тооцооны горимыг Т+3 хүртэл хугацаагаар сунгах боломжийг нээж буй юм.

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГААР 97.4 МЯНГАН ШИРХЭГ ҮНЭТ ЦААСЫГ
9.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТУС ТУС АРИЛЖЖЭЭ

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 251 удаагийн арилжаагаар 132 компанийн 450.3 сая ширхэг хувьцааг 133.5 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 97.4 мянган ширхэг үнэт цаасыг 9.7 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 143.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Нийт гүйлгээний үнийн дүнгийн 93.3%-ийг хувьцааны арилжааны гүйлгээний дүн, 6.7%-ийг ЗГҮЦ-ны арилжааны гүйлгээний дүн тус тус эзэлжээ.




Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж