БАЙР СУУРЬ: Дипломат алба дампуурсан

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Дипломат алба дампуурсан

БАЙР СУУРЬ: Дипломат алба дампуурсан

Засгийн газраас 11 Элчин сайдыг томилуулахаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, МАН-ын бүлэгт танилцуулсан. Гэвч, Ерөнхийлөгчийн "санал" болгосон нэр дэвшигчдийг олонхийн бүлэг дэмжээгүй учраас Ерөнхийлөгч зөвшилцсөн саналаа эгүүлэн татсан юм. Яг ийм нөхцөл байдал, улс төрийн шалтгаанаар Монгол Улсын гадаад улсад төлөөлөх суух Бүрэн эрхт Элчин сайдын томилгоо сүүлийн гурван жил гацаж байна.  Шинээр томилогдохоор нэр дэвшиж байсан Элчин сайдууд ирэх парламентыг үзэх бололтой. Зарим улс оронд суух Элчин сайдуудыг томилохгүй, улс төрийн дэмжлэг авч чадахгүй байгаа нь улсын гадаад бодлого, дипломат албанд ямар нөлөөлөл үзүүлж болох талаар судлаачдын байр суурийг хүргэж байна. 


                         ЗАРИМ УЛС ОРОНД ЭЛЧИН САЙДАА ТОМИЛЖ ЧАДАХГҮЙ УДАЖ БАЙГАА НЬ 2 ТАЛЫН ХАРИЛЦААНД ТААТАЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ

Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор, профессор Д.УЛАМБАЯР

-Монгол Улсаас гадаадад суух зарим Элчин сайд нарыг томилох асуудал одоо болтол тодорхойгүй байна. Элчин сайдаа томилж чадахгүй байсаар гурван жилийг үдсэн ч тохиолдол байна. Энэ нь гадаад бодлогын хувьд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Миний санаж буйгаар хоёр  жилийн өмнө Засгийн газраас Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр ирүүлсэн Элчин сайд нарын нэрс дотор ажлын туршлага, мэргэжлийн байдал, нас намба зэрэг нь шаардлага хараахан хангахгүй байна гэдэг үндэслэлээр буцааж байсан. Тухайлбал, Канад, Австрали, Япон, Тайланд зэрэг оронд Элчин сайдад нэр дэвшигчид ийм байсан болов уу. Ер нь гадаад оронд Элчин сайдаар ажиллах хүнд тавигдах шаардлагад ажлын туршлага, мэргэжлийн байдал, гадаад хэл, орон судлалын мэдлэг, дундаж нас чухал шалгуур байх ёстой.

Манай гадаад харилцаа, дипломат албаны практикт анх удаа  нэг сонин тохиолдол гарсан.  Тэр нь 2017 оны арваннэгдүгээр сард УИХ  үнэмлэхүй олонхын саналаар хошууч генерал Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилохыг дэмжин баталж байсан. Гэтэл үүнтэй нэгэн зэрэг Б.Хурцын талаар нээлттэй сонсгол хийж, түүний хууль зөрчиж байсан үйлдлүүдийн талаар дэлгэрэнгүй ярьсан байдаг.  Тиймээс ч БНСУ-ын талаас хариу ирүүлээгүй болов уу.

Түүнээс хойш Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд томилогдоогүй удаж байна. БНСУ бол Монгол Улсын “гуравдагч хөрш”, хамгийн ойрын чухал  түнш орон.  Тус улсад 50 гаруй мянган иргэн ажиллаж, сурч, хөдөлмөрлөж байна. Энэ бол Монгол Улсын бараг 22 дахь аймаг гэж хэлж болохоор. Мөн БНСУ-ыг монголчуудад ажил олгогч улс гэсэн хошигнол байдаг. Нөгөө талаар Монголын 3.3 сая иргэнд үр ашгаа хүртээж буй улс юм. Монгол Улсын гадаад бодлогод “гуравдагч хөрш”-ийн чухал байр суурь эзэлдэг орондоо Элчин сайдаа томилж чадахгүй удаж байгаа нь хоёр талын харилцаанд таатай нөлөө үзүүлэхгүй нь ойлгомжтой. Энэ жил гэхэд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн тохиож байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 500 сая ам.долларын хөнгөлөлттэй  зээлээр “Солонго-1, 2” хороолол, Баянголын аманд түрээсийн орон сууц барих томоохон төсөл хөтөлбөрүүд хүлээгдэж байна.  Хэрэг түр хамаарагчаар асуудлыг бүхэлд нь урагшлуулж чадахгүй нь мэдээж.

Нөгөө талд УИХ-ын 2018 оны намрын чуулган  ширээ, сандал булаацалдан  маргалдсанаас бараг  хоёр сар шахам хуралдаж чадаагүй. 2019 оны  хавар, зуны ээлжит бус чуулган, намрын чуулган Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцсэн зэрэг цаг үеийн нэн шаардлагатай асуудлууд байсан.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэхэд өөр асуудал хэлэлцэж болдоггүй хуулийн зохицуулалттай.  2019 оны намар БНСУ Монголд Улсад суух элчин сайдын томилгоог маш хурдан шуурхай шийдвэрлэх боломж байсан. Бидэнд  хурд дутагдаж байна. 

-Улсаа төлөөлөх Элчин сайд гэдэг тухайн улсын нүүр царай, бодлого, харилцаа гээд олон зүйл тодорхойлогддог. Хэдийгээр хуучин Элчин сайдууд нь үүргээ гүйцэтгэж байгаа ч дараагийн хүмүүсийг нь ямар нэг шалтгаанаар томилж чадахгүй байна гэдэг өөрөө ямар асуудал дагуулж болох вэ?

-Онц бөгөөд Бүрэн эрхт гэдэг нь онцгой  тохиолдолд бие дааж шийдвэр гаргах, мөн  тухайн улсыг бүхэлд нь төлөөлнө гэсэн үг. Тиймээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд нэн чухал үүрэгтэй оролцдог.  Үүнд аюулгүй байдал, улсын нууцтай холбоотой асуудлууд ч хамаарна.

Элчин сайдыг томилох хүртэл өмнөх Элчин сайд нь ажлаа үргэлжлүүлэхэд асуудал байхгүй. Харин элчин сайд нь бүрмөсөн нутаг буцсанаас хойш шинэ Элчин сайдаа томилохгүй удах нь тийм ч таатай биш.

Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар солигдох үед элчин сайд нарыг томилох асуудал удаашрах  тохиолдол байдаг. Үүнийг аль, аль тал нь ойлгодог. Агреманы хариу ирчхээд байхад Элчин сайдыг томилохгүй байх  практик дипломатын түүхэнд бараг л байгаагүй.  Тийм тохиолдолд манайд гарч байсан санагдаж байна. Ер нь бол дипломат алба хуулиараа төрийн тусгай алба байдаг. Тиймээс улс төрөөс ямагт ангид байх шаардлагатай.  Гэхдээ түнш болон холбоотон орнуудад томилох Элчин сайдаар өөрийн найдвартай итгэлтэй хүнээ томилох нь дипломат практикт түгээмэл байдаг л даа. Элчин сайдаас шалтгаалж хоёр орны харилцаа сайн урагшилсан, эсвэл муудсан гээд олон улсын харилцааны түүхийн сургамж олон байдаг.

-Элчин сайд нарын томилгоон дээр дотооддоо бол улс төрийн шалтгаан илүү нөлөөлж байна гэж шүүмжлэх хүмүүс байна. Элчин сайдаа ч томилж чадахгүй Засгийн газар, төртэй байна гэж шүүмжлээд байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Парламентад үнэмлэхүй олонх болсон улс төрийн нам өөрийн хүнийг Элчин сайдаар томилуулж чадахгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Гэтэл Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудал хуулиараа Ерөнхийлөгчийн бүрэн эрхт хамаардаг. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хангах тухай чухал асуудал дээрхтэй холбоотой.  Тиймээс цаашид хуулийн энэ зөрчилдөөнийг нэг талд нь гаргаж Элчин сайд нарын томилгооны асуудлыг хууль, эрх зүйн хувьд нарийвчлан зохицуулах шаардлагатай.  Түүнчлэн Элчин сайд нарын томилгоог хаалттай горимоор хэлэлцдэг, нэгэнт томилогдсон Элчин сайд нарыг харин нээлттэй мэдээлдэг байх нь зохимжтой байж болох юм. Хууль эрх зүйн орчныг л боловсронгуй болгочихвол асуудал үүсэхгүй.  Би  хэн нэгэн субъект, институтийг буруутгамааргүй байна. 

-Ер нь Элчин сайдаа томилж чадахгүй байх үзэгдэл өмнө нь гарч байсан уу. Дипломат ёс, дипломат алба ямар байх ёстой, түүнд нь ажиллах хүмүүс нь ямар байх ёстой гэсэн зарчим мөрдөгдөх ёстой болов уу?

-БНХАУ-д “соёлын хувьсгал” ид өрнөж байсан жилүүдэд буюу 1967-1971 онд Монгол Улс БНХАУ-д Элчин сайдаа томилж чадахгүй байсан. Шалтгаан нь тухайн үед ЗХУ, “социалист  хамтын нөхөрлөл”-ийн гэгдэж байсан орнууд БНХАУ-тай харилцаа хурцадмал байсан. Үүнийг социалист системийн хүйтэн дайн гэж нэрлэж байсан. Дипломат хүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенцыг мөрдөх, 2000 онд анх удаа баталж, хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон Дипломат албаны хуулиа баримтлах ёстой. Дипломат ёс зүй гэж заншлын хэм хэмжээ байдаг. Хууль дээдлэх, хариуцлагатай байх, ёс зүйтэй байх нь боловсон хүчний чухал шалгуур үзүүлэлт. 

-Сүүлийн үед Элчин сайд, Эдчин сайдын яамдад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчид гэмт хэрэгт холбогдсон хар тамхитай холбоотой хэд хэдэн тохиолдол гарлаа. Энэ нь дипломат албаны хүний нөөцтэй холбоотой юу эсвэл өөр зүйл үү. Ер нь Элчин сайдууд ямар нэг "асуудалд" холбогдох нь улсын нэр хүндэд сөрөг байх?

-Би үүнийг дипломат албаны хүний нөөцтэй холбоотой гэж харахгүй байна. Ойрмогхон Францад сууж байсан элчин сайд оффшорын хэрэгт холбогдсон тухай хэвлэлээр гарч байсан. ЭСЯ-ны дипломат ажилтнууд хар тамхины хэрэгт нэр холбогдох, үйлдэл дээрээ баригдсан гээд асуудлууд гарч байна.

Энэ нь юуны өмнө хувь хүний мөн чанар, ёс зүйтэй шууд холбоотой гэдгийг онцолмоор байна. 

Европын Холбоо дэлхийн  125 оронд дипломат төлөөлөгчийн газартай. Тэдгээр Элчин сайд, суурин төлөөлөгчид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаарх өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, давуу талаа нээн харуулж уралдаж, дараа нь Европын холбооны Гадаад харилцааны алба шалгаруулж томилдог журамтай байх жишээтэй.


ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн  бүс нутаг, олон улсын харилцаа, судлал салбарын эрхлэгч, Доктор (Sc.D), профессор А.ДАВААСҮРЭН
ДИПЛОМАТ АЛБА НЬ ЗАРИМ УЛСТӨРЧДИЙГ УЛС ТӨРӨӨС ТҮР ХОЛДУУЛАХ АРГА ХЭРЭГСЭЛ БОЛЖ ХУВИРСАН

 Гадаадад суух элчин, дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн болон ажилтнууд томилогдохгүй удааширна гэдэг нь  нэгдүгээрт, тухайн улстай Монгол Улсын байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт зогсонги байдалд орно гэсэн үг. Хоёрдугаарт, Монгол Улсын дотоод улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан гадны компани аж ахуйн нэгжүүд эргэлзэх сайжрах цаг хугацааг хүлээж харзнаж тодорхойгүй байдлаас болоод хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг зогсох магадлалтай. 

Гуравдугаарт,  Монгол Улсаас тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашиг  их бага хэмжээгээр хохирох эрсдэлтэй. Тухайлбал, манай иргдийн эрх зөрчигдсөн тохиолдол гарахад хууль эрхзүйн зөвлөгөө туслалцаа авах, гадаадын иргэн манай улсад зорчих виз авахад хүндрэл учирч болзошгүй болно. Дөрөвдүгээрт хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүд дээрх тодорхойгүй байдлаас үүдэн царцах эсвэл цуцлагдах хүртэлх эрсдэл үүснэ.

Гадна улсад Монгол Улсын  элчин сайдын яам, Ерөнхий Консулын газар байна гэдэг нь тухайн улсад манай улсын зүгээс томоохон эрх ашиг байгааг илтгэж байгаа юм. Хоёр улсын хоорондын урт хугацааны хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, нийгэм, соёлын  бүх талын харилцааг өргөжүүлэхэд дипломат төлөөлөгчдийн газрууд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Харин элчин сайд нарыг томилж чадахгүй байгаа нь  улс төр  болон намуудтай холбоотой байх.  Учир нь сүүлийн жилүүдэд  Элчин сайдын яаманд мэргэжлийн бус хүмүүс томилогдох болсон. 

Мэргэжлийн бус гэдэг нь эрх барьж байгаа намын хүнийг мэргэжил, туршлагыг үл харгалзан улс төрийн томилгоог хэлж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад дипломат алба нь эрх барьж байгаа намыг сонгуульд ивээн тэтгэсэн мөнгөтэй бизнес эрхлэгч эсвэл зарим албан тушаалтны шагнал, зарим улстөрчдийг улс төрөөс түр холдуулах арга хэрэгсэл болж хувирчхаад байна.

Сайд эсвэл агентлагын даргын ширээнээс буугаад гадаадад Элчин сайд болж байх жишээтэй. Гэтэл гадны улсад томилогдож очиж байгаа дипломатууд тухайн улсынхаа хэл, соёл зан заншил, уламжлал, нөхцөл байдлыг сайн мэддэг гэхчлэн бүх асуудлыг мэддэг байхаас гадна дипломат ажлын туршлагатай хүн байх ёстой. Гэтэл бодит байдал дээр ямархуу байгааг хүн бүр мэдэж байгаа. Томилогдож байгаа хүмүүс гадаад хэлний мэдлэггүй, дипломат албанд ажиллаж байгаагүй мэргэжлийн, бус хүн ажиллаж байна.

Уг нь эсрэгээрээ тэд дипломат албаны ёс жаягийг сайн мэддэг, мэдлэг чадвартай, 2-3 хэлтэй хүн тухайн улсдаа улс орноо сурталчлах чадвартай байх ёстой. Тухайн орныхоо хэл, соёлыг мэддэг хүн чинь уг орны иргэд, хүмүүстэй хэл, амаа ойлголцож, цаашлаад найз нөхдийн түвшинд очиж чадна. Өөрийгөө болон Монгол Улсынхаа онцлогыг сайн  ойлгуулж чадна. Англи  хэлээр  ярьж өөрийгөө ч  бүрэн гүйцэт ойлгуулж чаддаггүй хүн дипломат албанд очихоод орчуулагчаараа дамжуулан хичнээн сайхан  үг хэлээд ч  нэмэргүй шүү дээ. Энэ нь амьд биш харилцаа гэсэн үг  л дээ.

Үнэндээ сүүлийн арван гаруй жилийн дотор Монгол Улсын дипломат алба дампуу болчихсон. Одоо бол хэн дуртай нь  дипломат албанд томилогдоод байхаар мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүнд унаж байна. Дипломат албаны ажилтнууд гадаад улсад Монгол Улсын нүүр царай болдог хүмүүс. Гэтэл бизнес, наймаа хийж байсан хүн элчид сайдад томилогдож өөрийнхөө бизнесийг явуулж байх жишээтэй.

Монгол Улсын нэр хүндийг гадаадад өндөрт өргөх тангараг өргөсөн дипломат албаны ажилтнууд хар тамхины хэрэгт орооцолдож байгаа нь дипломат албыг ямар түвшинд байгааг харуулж байна. Монголчууд бид дэлхий дээр ганцаараа амьдраагүй. Өчнөөн олон улс оронтой дипломат харилцаатай. Тийм байж монголчууд бид ганцаараа амьдарч байгаа юм шиг ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байна.

Ийм байдлаас болж Монгол Улсынхаа нэр төрийг унагаж, тэдний зүгээс бидэнд итгэх итгэлийг унагаж монголчууд ерөөсөө итгэж болохгүй бүтэхгүй хүмүүс гэсэн ойлголтыг өгч гадаад улсад хууль дүрмийн дагуу ажиллаж, амьдарч байгаа хэсэгтээ гай тарьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж