Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

МАН-аас хөөгдөгсөд

Аливаа улс төрийн хүчин намын гишүүндээ хариуцлага тооцох, намын дүрэм журам зөрчсөн бол намаасаа хөөх нь зүйн хэрэг. Гэхдээ ихэнх тохиолдолд улс төрийн шалтаг, шалтгаантайгаар намаасаа хөөх нь элбэг. МАН-ын хувьд ч намын эрх барих удирдлага солигдох үйл явц сүүлийн хоёр жилийн хугацаанд өрнөж, эрх баригчид дундаа тэмцэлдэж, тэмцсэний хүчинд өнөөдөр МАН-ын удирдлага өөрчлөгдсөн.  МАН-ын дарга У.Хүрэлсүх болсноос хойш хэд хэдэн хүнийг улс төрийн шалтгаантайгаар намаасаа хөөжээ. Намаасаа хөөхөөсөө өмнө эхлээд намын дүрэмдээ өөрчлөлт оруулсныг нь энэ мөн тодотгоё.

60 ТЭРБУМЫН “АВТОР” ГЭХ Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР

Сүүлийн хэдэн сонгууль дамнаж МАН-ын “автор” мэт болсон 60 тэрбум гэх асуудлаар НИТХ-ын дарга асан, төлөөлөгч Ц.Сандуйг МАН-аас хөөх шийдвэрийг 2019 оны хоёрдугаар сард гаргав. Ингэхдээ намын Хяналтын хороо хуралдаж, "Ц.Сандуй нь МАН-ын нэр хүндийг унагаах 60 тэрбумын бичлэгт байсан хүн бөгөөд 60 тэрбумын схемийг хамтран санаачилж ажил хэрэг болгохоор төлөвлөн намын удирдлагадаа танилцуулсан ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас ийнхүү намаас түдгэлзүүлэх шийдвэр гаргасан” гэж тайлбарлаж байв. Үнэн хэрэгтээ 60 тэрбумын схемийг зурсан нь Г.Доржзодов. Тэр өнөөдөр ямар нэг хариуцлага хүлээгээгүй байгаа бол сонссон Ц.Сандуй нь хоёр жилийн ял аваад, хоригдож байгаа.  Улс төрийн хүрээнд МАН-ыг муухай харагдуулсан 60 тэрбумын хэрэгт хэн нэгэн хариуцлага хүлээх шаардлага үүссэн, хэн нэгэнд хариуцлага тооцож байж нэр цэвэр, шударга харагдаж байгаа учраас МАН-ын дарга ч энэ хэргээ гүйцээсэн. Тиймээс ч Г.Доржзодовт “хулхидуулсан” Ц.Сандуйг, А.Ганбаатартай нь хамт намаасаа хөөсөн. Ц.Сандуйтай хамт хариуцлага тооцуулж, намаасаа хөөгдсөн А.Ганбаатар нь МАН-ын бага хурлын гишүүн, Ц.Сандуйгийн зөвлөх асан, "Шинэ Монгол хаад" группын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. Тэдний хувьд МАН-ын экс дарга М.Энхболдын ойрын хүмүүс гэж яригддаг.

НАМЫН БОДЛОГО СӨРӨГЧ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.МӨНХЧУЛУУН

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун СХД-ээс нэр дэвшин сонгогдсон.  Түүнийг мөн л 2019 оны хоёрдугаар сард МАН-аас хөөсөн бөгөөд намын бодлого зөрчсөн гэж хөөсөн. Ингэхдээ “ С.Мөнхчулууны тухайд хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү нь хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг удаа дараа хууль бус үйлдлүүдэд холбогдсон учраас мөн намаас түдгэлзүүлэх болсон" хэмээн шалтагласан. Үнэн хэрэгтээ С.Мөнхчулуун намын сценарыг зөрчиж, өөрийгөө хотын даргад  дэвшүүлсэн. С.Мөнхчулууныг “Сэлэм Тогмидын” ах гэдгээр нь хүмүүс мэдэх болсон. Учир нь, 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн I хороонд байрлах "Castle" баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдсан хэрэг гарсан. Дээрх сэлэм эргүүлсэн залуу бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт байсан юм. Харин ах С.Мөнхчулуун нь энэ талаар “Насанд хүрсэн хүний хаана, юу хийж явахыг би цагдана гэж байхгүй. Тус тусын амьдралаар амьдардаг хүмүүс шүү дээ. “Садан муу ч салаад явж болдоггүй” гэдэг шиг зарим нэг зүйлийн талаар ярилцахаас цааш хэтэрдэггүй. Юу болсон талаар надад хэлээгүй. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь үнэн бол хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоох биз” хэмээн ярьж байжээ.  Гэхдээ түүний хувьд намдаа олон жил зүтгэж явсан залуу гишүүдийн нэг. 2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, 2016 оны арванхоёрдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллажээ. Улс төрийн хүрээнд төдийгүй МАН дотор түүнийг М.Энхболдын хүн гэгддэг.

Ш.РАДНААСЭД, Д.ДАМБА-ОЧИР НАРТ УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2019 оны тавдугаар сарын 17-нд хуралдаж,  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улс төрийн хариуцлага тооцож, таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг шийдвэрийг гаргав. Ингэхдээ  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс дуусгавар болох заалтыг оруулсан нь түүнд хариуцлага тооцох шалтгаан болсон бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний шалгалтын дүгнэлтийг "Рио тинто"-д хүргүүлсэн гэх үндэслэлээр хариуцлага тооцсон гэж тайлбарлаж байв. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нар ирэх сонгуульд намаасаа өрсөлдөх боломжгүй болгож байв.

Хэдийгээр тэдний зүгээс намын удирдлагадаа хандсан боловч тэдний эрхийг нь сэргээсэн эсэх нь өнөөдөр ч тодорхойгүй байгаа юм.

НАМААСАА, ПАРЛАМЕНТААС “ЯВСАН” Н.НОМТОЙБАЯР

МАН-ын Хяналтын хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хасах шийдвэр гаргасан юм. Ингэхдээ намын дүрэм, ёс зүйн зарчим зөрчсөн гэж үзсэн. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Намаас намайг ёс зүйн асуудлаар хөөх шийдвэр гарсныг танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын журмын гишүүдээсээ уучлалт гуйя. МАН-ын гишүүн биш сул гишүүн болж байна. Удаа дараа би өөрийн биеэр уучлалт хүссэн” гэж тайлбарлав. Намын дүрэм зөрчсөнөө тэр хүлээн зөвшөөрсөн. Яг үүнтэй зэрэгцэн УИХ түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан боловч тогтоолоо баталж чадаагүй, УИХ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөх нууц санал хураахад гишүүд дэмжсэн ч чөлөөлөх тогтоолоо батлах ил санал хураалтаар гишүүд тогтоолоо дэмжээгүй. Өөрөөр хэлбэл, нууц санал хураалтаар түдгэлзүүлье гэж дэмжсэн ч тогтоол батлах ил санал хураалтад зарим гишүүд дэмжсэнээ, дэмжихгүй гэснээр  хууль эрх ойлгомжгүй байдал үүссэн. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авч, дахин ярилцах болсон ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Одоо тэрбээр намгүй, сул гишүүн болсон.

Одоогоор МАН-ын дарга У.Хүрэлсүх дөрвөн хүнийг намаасаа албан ёсоор хасах шийдвэр гаргасан бол хоёр гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ хэлэв.  2020 оны сонгууль хаяанд ирсэн үед энэ цуваа цаашаа үргэлжлэх үү эсвэл гэдгийг ирэх өдрүүд харуулах биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж