Хуралдаанаар “Үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанд дэд бүтцийн байгууллагуудын төлөөлөл оролцож санал дүгнэлт илэрхийллээ.
Өнгөрсөн хугацаанд Хороо, олон улсын байгууллагуудаас гарсан зөвлөмжид тулгуурлан “Үнэт цаасны төлбөр тооцооны горимыг дараа төлбөрт горимд шилжүүлэх” чиглэлээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, дүрэм, журмыг боловсруулах, DVP/Т+2 зарчмыг нэвтрүүлэхтэй холбоотой программ хангамж, системийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар хамтран ажилласныг онцлох нь зүйтэй юм.
Өнөөдрийн шийдвэрт үнэт цаасны төлбөр тооцооны горимын шилжилт, төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг Хороо тусгай зөвшөөрөлтэй дэд бүтцийн болон зохицуулалттай этгээд, өөрийгөө зохицуулах байгууллагатай хамтран нарийвчилсан төлөвлөгөөний хүрээнд энэ оны 2, 3 дугаар сард багтаан бэлтгэл ажлыг гүйцэтгэж, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор шилжилт бүрэн хийгдсэн байхаар тусгасан.
Үнэт цаасны зах зээлд төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлснээр дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын санхүүгийн болон программ хангамжийн чадавхыг сайжруулж, арилжааны хэмжээ, хөрвөх чадварын түвшинг дээшлүүлж, эрсдэлийн удирдлагын цогц тогтолцоог бүрдүүлж, гадаадын томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хөрөнгийг өөрийн зах зээлд татах нөхцөл бүрдэх юм.
Хуралдаанаар зарим даатгалын компанийн эрх бүхий албан тушаалтныг томилох, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц бүрэлдэхүүн, оноосон нэрийн өөрчлөлтийг болон даатгалын бүтээгдэхүүнүүдийг шинээр бүртгэх, нэр бүхий иргэдэд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж шийдлээ.
Мөн нэг үнэт цаасны компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай тусгай зөвшөөрөл олгож, хадгаламж зээлийн хоршоо, ББСБ-уудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрөл нэмж олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаанаар зохицуулалтын салбарын танилцуулгуудыг хэлэлцэж, цаашид Хорооноос баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл гаргаж ажиллахаар болсноос гадна тодорхой эрсдэл бүхий салбар, үйл ажиллагаанд хяналт, зохицуулалтын орчинд онцгой анхаарч ажиллахыг холбогдох нэгжид үүрэг болголоо.
Эх сурвалж: СЗХ