Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо | News.MN

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2020.01.30) Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт нийслэлийн зургаан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны төлөөлөл болсон 80 гаруй төлөөлөгч оролцлоо.

Хуулийн төслийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм.

Мөн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулан байгуулсан.

Орон сууцны тухай хууль анх 1999 онд батлагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй, өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй, орон сууц ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан зохицуулалтууд нь хуулийн зорилгыг бүрэн хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тогтоогдсон байна.

Түүнчлэн 2003 онд батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалт амьдралд нийцэхгүй, хэрэгжилт хангалтгүйгээс зөрчил маргаан гарсаар байна. Улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн 1064 холбоо, мэргэжлийн 130 байгууллага ажиллаж байгаа боловч ШӨХТГ-т 2018 онд л гэхэд иргэдээс 1850 гомдол ирсний дотор хамгийн их буюу 31.6 хувийг барилга, орон сууц, сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах асуудал эзэлж байгаа юм.

СӨХ-нд мэргэжлийн бус хүмүүс ажилладаг, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах хөрөнгийн хуримтлал бүрдүүлдэггүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүй, нөгөө талаас холбогдох зардлыг иргэдээс шууд нэг дор төвлөрүүлэх санхүүгийн боломж байхгүй байгаа зэрэг асуудлаар иргэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд байнга ханддаг байна.

Тиймээс нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах, мэргэжлийн байгууллага, СӨХ-ны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, орон сууцны барилгын ашиглалтыг сайжруулж, сууц өмчлөгчдийн эрх ашигт нийцүүлэх шаардлагыг үндэслэн Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалтуудыг нэгтгэн Орон сууцны тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан талаар төслийн танилцуулгад дурджээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлд учир дутагдалтай, засаж сайжруулах зохицуулалт олон байгааг дурдаад Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны хуулийг тус тусад нь боловсруулах, иргэд болон СӨХ-ны төлөөллийг оролцуулан дахин хэлэлцүүлэг хийх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариулсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэгтгэн Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочид 2020-01-30 202.21.97.90

сөх-өөс болж өрх гэр ядуурч байгаа шүү зарим сөх-н дарга нар нь өөрийн гэрийнхээ сөх-д төлөх мөнгөө бусад айлуудаар хувааж төлүүлдэг шүү дээ сөх-н хуулийн хяналт хаана байна сөх-д төлдөг мөнгийг ОСК-Т ТӨЛДӨГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ТӨР ЗАСАГ БАЙГАА ЮМ БОЛ СӨХ-Н ХЭДЭН АВГАЙГ НОМОНД НЬ ОРУУЛЖ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ БУСААР АВСАН МӨНГИЙГ НЬ АЙЛ ӨРХҮҮДЭД БУЦААЖ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

зочид 2020-01-30 202.21.97.90

бадилхан ганбаатар нарыг сөх-н асуудлыг ОСК-т шилжүүлэх талаар юү ч хийхгүй бол дахиж битгий сонгоорой

Avatar

зочид 2020-01-30 202.21.97.90

сөх-н талаар суугчид л санал өгөх хэрэгтэй түүнээс сөх-н хэдэн шуналтай авгай мэдэх ёсгүй энэ хэдэн авгайг АТГ-с шалгах хэрэгтэй сөх-н хураадаг мөнгийг нэгдсэн тарифтай болгох хэрэгтэй тэгээдОСК-т төлдөг болох энэ мөнгөнөөс ньцэвэрлэгч жижүүрийн цалинг ОСК-с өгөх хэрэгтэй асуудал гарсан үед сөх -н утас мэддэг хүн хаана ч байдаггүй шүү дээ хулгай гарах лифт гээд хүнд үед хаалгаа тавьдаггүй утсаа авдаггүй одоо харин төрийн ордонд ичмээр авгайчууд инженеэрийн мэдлэггүй өндөр настай хулгайчууд шүү

Avatar

Зочин 2020-01-30 202.179.27.109

СӨХ-дын дарга, захирал нараас биш үйлчилгээг нь авдаг оршин суугчдаас л санал авах хэрэгтэй. Эрх зүйн хяналт, зохицуулалт султай байдлыг ашиглан нийтийн хөрөнгөөс /цугларсан мөнгийг/ зүй бусаар ашиглах овжин аргатай СӨХ-дын зарим дарга нар шинэ хуулийн төслийг эрс эсэргүүцэж байж болзошгүйг анхаарах

Avatar

Зочин 2020-01-30 182.160.39.237

СӨХ-ийг орон сууцны конторт нь өг. Тэгэхгүй бол маш заваан байна

Avatar

Зочин 2020-01-30 202.21.108.164

Сөх ийн хууль хэрэггүй. Орон сууцны хуулиараа л зохицуул. Дандаа хулхи сөх-ийн дарга нар гацаах гээд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж