Коронавирусийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Коронавирусийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав

Коронавирусийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаан өнөөдөр /2020.01.30/ болж байна. Тус хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийн тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын тухай танилцуулга гэсэн гурван асуудлыг хэлэлцэх товтой.

Хуралдааны эхэнд Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хийв. Шинэ коронавирусийн тохиолдол 28 орчим улсад илэрсэн ч Монгол Улсад өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байгааг мэдээллийн эхэнд дурдсан. Монгол Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжийг мөрдлөг болгон тодорхой төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байгаа гэнэ.

Ингэхдээ ЭМЯ-ны болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, тусгаарлах өрөө тасалгааны судалгаа гарган, нийт 995 орыг бэлдээд байгаа аж. Коронавирусийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг өдөр тутам нутгийн захиргааны байгууллагууд, иргэдэд тогтмол хүргэж байна. Мөн цахим хурлаар үүрэг чиглэл өгч, 360 эмч мэргэжилтнүүдийг сэргийлэх, халдвар авсан нөхцөлд ажиллахад бэлтгэсэн гэнэ. Эм ханган нийлүүлэх байгууллагуудын амны хаалт, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийн хангалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Авто замын шалган нэвтрүүлэх есөн цэгүүдэд эрүүл мэндийн хяналт явуулах боломжийг бүрдүүлж байгаа гэлээ.
Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс холбогдох хүмүүсээс асуулт асууж хариулт авсныг хүргэе.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү: Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгийг хуулийн хүрээнд нийтийг хамарсан халдварт өвчин дэгдсэн, байгалийн гамшгийн үед зориулах заалттай. Коронавирусийн эрсдэлийн үед яг ямар ажил хийв, хэдэн төгрөг зарцуулав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дарга Р.Батрагчаа: Коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах талаар тодорхой зүйлсийг тусгасан. Гэхдээ журмаараа өвчин гарсан тохиолдолд тухайн хөрөнгөөс гаргах нь зайлшгүй юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод өвчин бүртгэгдээгүй байгаа учраас мөнгө гараагүй байгаа.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Улаанбаатарчууд бид онцгой байдал, гамшигт бэлэн биш байгаа нь харагдаж байна. Мэдээллийн найдвартай эх сурвалж хаана байгааг нь мэдэхгүй, сандарч бужигнаад байгаа. Үүнд анхаарах ёстой. Үнэхээр халдварт өвчин, байгалийн гамшгийн үед үнэн зөв мэдээлэл, нэгдсэн зааварчилгаа чухал байдаг. Тиймээс энэ талаар ажилламаар санагдаж байна. Нөгөөтэйгүүр макс, гар ариутгагч тасарсан, хомсдол үүссэн, үнэ хөөрөгдсөн асуудал гарч байна.  Үүн дээр хувийн хэвшлийг буруутгахаас илүүтэй төр нөөцтэй байх, бэлэн байдалд байх шаардлагаттай гэж үзэж байгаа. Энэ тал дээр Нийслэлийн эрүүл мэндийн газар юу хийх вэ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: Нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, халуун хэмжигч, нийслэлийн хэмжээнд есөн шалган нэвтрүүлэх пост ажиллуулахад 570 сая төгрөгийн төсөв гараад хянагдаад явж байгаа. Мэдээллийн найдвартай эх сурвалжийн хувьд өдөр бүрийн 10.00 цагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан мэдээлэл өгч байгаа. Энэ мэдээлэл үнэн бодитой гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийслэлийн зүгээс даваа гарагийн 10.00 цагт мэдээлэл өгсөн.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг: Коронавирус заавал орж ирэхэд зориулж 900 гаруй эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэхээсээ илүүтэй хил хаах нь чухал. Дэлхийн бусад орнууд хилээ хаагаад байна, тиймээс холбогдох газруудад энэ асуудлыг уламжлах ёстой. Нөгөөтэйгүүр амны хаалтын хомсдол үүссэнээс шалтгаалж, үнэ хөөрөгдөх асуудал гарч байна. Үүн дээр ямар хэмжээ авч байна вэ.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа: Хил хаах асуудлыг Монгол Улсын онцгой комисс ярина. Өнөөдөр 13.00 цагаас хуралдахаар зарласан, энэ асуудлыг ярих үгүйг мэдэхгүй байна. Нөгөөтэйгүүр манайд амны хаалт үйлдвэрлэдэг ганцхан үйлдвэр байдаг. Тиймээс бид эм ханган нийлүүлэх байгууллагууд болон үйлдвэрийн төлөөлөлтэй уулзсан. Хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллах, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар ярилцсан.  Хүчин чадлаа нэмэгдүүлэн хоногт 100 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байгаа.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа: Монгол улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн тохиолдол илрээгүй байна. Япон улсаас оношлуурын аппарат ирсэн. Энэ аппаратаар оношлогоо хийгдэж байгаа юу. Боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон нь зөв гэж харж байгаа. Иргэд маань хувийн хариуцлагаа ухамсарлаж, урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтарч ажиллах ёстой. Сошел хөгжсөн үед мэргэжлийн байгууллуудын мэдээлэл итгэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Батчмэг: Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хурдтай ажиллах хэрэгтэй байна. Өнгөрсөн жил сурьеэгийн асуудал яригдаж байсан, жил бүр уушгины хатгалгаагаар болж нас барах тохиолдол олон байна. Энэ тал дээр мэдээлэл муу, анхаарал сул байна. Амны хаалтын үнийг хөөрөгдсөн эм ханган нийлүүлэх байгууллагуудад ямар хариуцлага тооцов. “Босоо хөх монгол” гээд бүлэг хүмүүс вагон вагоноор хятадууд буулаа гэж иргэдийг үймүүллээ.  Энэ асуудлуудад анхаарах ёстой.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа: Эм ханган нийлүүлэх холбооны төлөөлөлтэй уулзсан. Амны хаалт, гар ариутгагчийн үнийн хөөрөгдлийн талаар ярилцаад, хөөрөгдөхгүй байх, хангалтыг нэмэгдүүлэх талаар ярилцсан. ОХУ, Япон зэрэг улсуудаас амны хаалт нийлүүлэхээр ярилцсан, өнөөдрөөс ирж байгаа байх. Үнийн хөөрөгдлийн талаар санал гомдол авах утас ажиллаж байгаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Амны хаалтын үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа эм ханган нийлүүлэх байгууллагуудад хариуцлага тооцох, эсрэгээрээ үнэгүй тарааж байгаа байгууллагууд байвал бодлогын хувьд яаж дэмжих талаар анхаарах хэрэгтэй.

Ийнхүү төлөөлөгчид асуулт асууж, хариулт авсны дараа төлөөлөгчид санал хэлсэн. Тухайлбал, мэдээллийг үнэн зөв, бодитой, шуурхай хүргэх тал дээр анхаарах, эх сурвалжаа нийслэл зарлах шаардлагатай хэмээж байв. Мөн зохиомол эрэлт бий болгохгүй байх, амны хаалтын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гар ариутгагчийн хангалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй гэсэн саналуудыг хэллээ.

Хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудал “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам” батлах тухай асуудлаар үргэлжиллээ. ИТХ дахь ч хоёр намын бүлэг болон хурлын хороодын зүгээс уг журмын төсөлд, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэнээр ирэх сарын хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж