НИТХ-ын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2020.01.30/ АН-ын бүлэг ээлжит сюрпризээ барив. Тэд хотын удирдлагуудад зүг чигийг заагч луужин дурсгасан байна . Учир нь нийслэлийн удирдлагуудын аливаа шийдвэрүүд ямар ч тооцоо судалгаагүй, иргэдийнхээ саналыг аваагүйгээс нийслэлчүүдийг хохироож байна гэж тус бүлэг үзжээ. Иймд нийслэлийн Засаг даргын дараагийн шийдвэрүүд мэргэн байхыг бэлгэдэж, луужин дурсгахаар бэлдсэн юм байна.
Баталснаа эргэж өөрчилдөг, барьсанаа нураадаг, үндэслэлгүй шийддэг, сэтгэл хөөрлөөр асуудалд ханддаг, орон зай орчны баримжаагүй олон шийдвэрүүдийг тэд эрс шүүмжилжээ.
Энэ талаараа дүгнэлтдээ “Энэ бүх эргэж буцсан шийдвэрүүдийн цаана нийслэлчүүдийн татварын орлогоор бүрдсэн төсвийн хөрөнгө уйлахгүй байна. Нийслэлийн удирдлага та бүхэн 2016 оноос хойш 4 удаа нийслэлийн төсвийг баталлаа. Баталсан 4 төсөвтөө 8 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, нийт 12 удаа нийслэлийн төсвийг хэлэлцжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажлын өөрчлөлтийг тоолох аргагүй олон удаа хийсэн байна. Энэ хугацаанд хийсэн халаа сэлгээ, томилгоо, зөрчилд зориулсан хурал, хуйвалдааны тоо түүхэн дээд амжилт тогтоохоор олон боллоо. Харин нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалт, иргэдийн амьжиргаа сайжрахгүй байгааг иргэд илэрхийлж байна” гэжээ.
Тэдний дурдсан “Эргэж буцсан шийдвэрүүд”-ийн онцлох 10 шийдвэр нь дараах байдалтай байна.
- 2017 оны наймдугаар сарын 15-наас төв замаас зүүн эргэлтийг хориглов. Зүүн эргэлтийг хориглосон тэмдэг, тэмдэглэгээнд 956 сая төгрөг зарцуулав. Иргэдийн шахалт шаардлагаар 11 хоногийн дараа дахин цуцлав
- 2018 оны зургадугаар сарын 8-нд 23 цагт шөнийн гэрэлт гудамж нээв. 1,3 тэрбум төгрөг зарцуулав. Оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, 2019 оны 04 сарын 23-нд шөнийн гудамжийг хаав.
- 2018 оны зургадугаар сарын 20. Баянзүрхийн тойргоос Барс заххүртэлх дугуйн зам хийхээр явган хүний замын талыг улаан өнгөөр будав. Иргэдийн шүүмжлэлтэй тулгарч улаан будгаа зогсоов.
- 2018 оны гуравдугаар сард хотын захиргааны байрыг Баянхошуунд барихыг зогсоолоо. Яармагт 97 тэрбум төгрөгөөр хотын шинэ захиргааг бариулав.
- 2018 оны арваннэгдүгээр сарын 07-нд Зуун айлын барилгын материалын худалгааны төвийг нүүлгэх ажлын хэсгийг байгуулж, 2019 оны 3-р улирал гэхэд бүрэн нүүлгэхээр шийдвэрлэв. 2020 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар Зуун айлын барилгын материалын худалдааны төв байрандаа байна.
- Тусгай замын автобус – BRT төслийг хэрэгжүүлэхээр хийгдсэн зураг төсөл ТЭЗҮ-г өөрчлөх чиглэл өгөв. 2020 онд ашиглалтад орох ёстой тус төсөл өнөөдөр ч эхлээгүй байна. 276 сая долларыг төслийн хий дэмий зарцууллаа.
- 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатарын талбайн өмнөх автозогсоолыг усан оргилуур болгохоор хаав. 14 хоногийн дараа дахин автозогсоол болгож нээв.
- 2019 оны наймдугаар сарын 15-наас автозамын бүсчлэл тогтоож, А, В, С бүсэд нэвтрэх автомашинд тусгай шаардлага тавихаар журамлав. Иргэдийн бухимдлаас шалтгаалан 8 хоногийн дараа цуцлав.
- 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд Сүхбаатарын талбайг тойруулан чулуу байршуулав. Гэнэтийн шаардлагатай үед зарцуулах ёстой Засаг даргын нөөц хөрөнгөөс 152 сая төгрөгийг гаргаж хууль зөрчсөн байна. Олон нийтийн шүүмжлэлтэй тулгарч, чулууг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд хурааж авав.
- 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэхээр батлав. 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хүчингүй болгосноор автозамын ажил хийхгүй гэдгээ Засаг даргыг орлогч нь мэдэгдэв.
Холбоотой мэдээ