Бид амьдралынхаа ихэнх өдрүүдийг хөрш айлууд шигээ ижилхэн өнгөрүүлж байна. Эцэг эх нь ажлаа хийгээд л, хоёр хүүхэд нь хичээлдээ яваад л, цаг агаарын байдлаас болж зарим өдөр нь хүүхдүүд гадаа тоглоно. Хүмүүс хүссэнээсээ илүү завгүй амьдардаг. Учир нь шаардлагагүй олон зүйл хийдэг бөгөөд тэдгээр нь амьдралыг улам хэцүү болгодог.
Бүх айлд хүүхэд нь гэрийн даалгавраа хийх гэж долоо хоногийн таван өдөр, олон цагийн турш тэсвэр тэвчээрээ шалган толгойгоо гашилган сууна. Эцэст нь ээж нь хоолоо хийж, арайхийн гэр бүлээрээ амар тайван хооллочхоод унтана.
Харин үүний оронд бид бие биедээ цаг гаргаж, хамтдаа байж болно. Ямар ч дарамт, асуудал, бүтээл байхгүй ердөө л аав, ээж, хүүхэд.
Сүүлийн үед гэрийн даалгавар хүүхдэд хэрэгтэй эсэх талаар олон судалгаа хийдэг болжээ. Албан ёсны, академик үнэлгээ бүхий, сургуулийн насны хүүхдүүдээс авсан судалгааны үр дүнгээс харахад бага ангийн хүүхдийн боловсрол, хөгжилд гэрийн даалгавар огт нөлөөлдөггүй гэнэ. Харин анги ахих тусам гэрийн даалгаврын ашигтай нөлөө өсдөг ч бидний боддог шиг тийм ч ихээр өсдөггүй байна.
Харин эсрэгээрээ гэрийн даалгавар гэж байдаггүй бол хүүхдүүдэд болон эцэг эхэд аль алинд нь ашигтай тал олон байна.
Сургуулийн цагийн хуваарь болон соёл аль өнгөрсөн мянганд л зохиогдсон зүйл. Тэр ёсоор бол хичээлийн бус цагаар хүүхэд гэр бүлтэйгээ байх ёстой. Гэвч орчин үед олон гэр бүлд эцэг эх нь давхар ажил хийдэг, эсвэл ганц бие байна. Тиймээс боловсролын тогтолцоог үндсээр нь өөрчилж, өнөө цагийн соёлд нийцүүлэх нь өдгөө маш чухал, шаардлагатай асуудал болоод байна. Бодит байдал дээр орой болоход гэртээ хүүхдээ анхаарах завгүй, баяр, амралтын өдрүүдэд гэртээ байдаггүй, гэр бүлдээ гаргах цаг байдаггүй нийгэмд бид амьдарч байна.
Энэ бүгдийг засахын тулд албан байгууллагууд цалинтай амралтыг ихэсгэх, ажлын цагийг богиносгохоос гадна сургуулийн хичээллэх цагийн хуваарийг шинээр бодолцож үзэх шаардлагатай. Эдгээр нь амар, хурдан ажил биш. Нөгөө талаар ядаж л бага ангийн хүүхдэд гэрийн даалгавар өгөхөө бүрмөсөн болих хэрэгтэй.
Өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд дэндүү завгүй амьдарч байна. Дагаад үр хүүхдүүд маань ч завгүй хүн болж төлөвшиж байна. Бид бүгд аз жаргалаа золин байж завгүй амьдарч байна.
Сүүлийн үеийн 2000 эцэг эхээс авсан судалгаанаас үзэхэд нийт эцэг эхчүүдийн талаас их хувь нь эцэг эх байгаагийн жаргалыг анзаарах ч сөхөөгүй ажилладаг аж. Өөр нэгэн ижил хүрээний судалгаанаас харахад бас л нийт эцэг эхчүүдийн талаас их хувь нь гэрийн, гэр бүлийн хариуцлагаа үүрэхийн тулд маш их зүдэрдэг гэнэ. Бид бүгд л ажил дээрээ хэрхэн амжилт гаргахаас үл хамааран гэр бүлийнхээ өмнө буруутай ч юм шиг, бас маш их ядарч туйлдсан мэдрэмжид хутгалддаг. Амралтын өдөр хүртэл энэ мэдрэмжээ дааж авч явахад хэний ч тэвчээр барагддаг.
"Цаг бол алт" гэж бид ярьдаг. Тэгвэл хором, минут бүр үнэ цэнэтэй гэсэн үг. Тиймээс өчүүхэн мэт санагддаг бага ангийн гэрийн даалгавар хийх цагийг чөлөөлбөл амьдралд багагүй өөрчлөлт гарах болно.
"Завгүй нийгэм дэх хайр, ажил, хөөр" номын зохиогч, "Илүү сайхан амьдралын лаборатори" байгууллагын захирал Брижид Шьюлт "Гэр бүлээрээ хамт байх цаг хэний ч төсөөлдгөөс дэндүү богинохон байна. Эцэст нь арайхийж хамт байх богинохон цаг ирэхэд бүгд ядарчихсан байдаг. Та ажлаасаа ядарчихсан, стрестчихсэн ирээд хайр халамж авалгүй дэндүү удаан хүлээсэн бяцхан үрээ гэрийн даалгавраа хий хэмээн загнадаг. Өдөр тутмын амьдралд дандаа давтагддаг энэ бүхэн л гэр бүлийн нандин харилцаа, хайраар дүүрэн байх ёстой гэр орныг хөлдүү зоорь болгож, гэр бүлийг хэцүү уур амьсгалтай болгодог" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: cnn.com
Холбоотой мэдээ