Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө.
МОНГОЛ УЛСАД 15,134 ЭМНЭЛГИЙН ОР БАЙНА
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Амны хаалт, гар ариутгах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хувийн хэвшил хариуцдаг. Улсдаа бид ганц хувийн үйлдвэртэй. Энэхүү үйлдвэр нь БНХАУ-аас түүхий эдээ авдаг. Тэрхүү түүхий эдийн үйлдвэр нь БНХАУ-ын Хубэй мужид байдаг тул түүхий эдээ авахад асуудал үүсэж байна. Гэхдээ түүхий эдийн нөөц дууссан гэж ойлгож болохгүй. Бид донор орнуудтайгаа ярилцана. Энэтхэг, Солонгос зэрэг улсад хандсан. Эдгээр улсад өөрсдөд нь амны хаалт хомсдож байна. Тиймээс олон улсын байгууллагад хандаж байна. Монгол Улсад 15,134 эмнэлгийн ор байна. Үүнээс 2,195-г нь коронавирусийн халдвар гарсан тохиолдолд ашиглах бүрэн боломжтой.
Мөн боловсон хүчнийг бэлдэж, сургалтыг тогтмол өгч байгаа. Дэлхийн зарим улс Ухань хотоос иргэдээ авахдаа шууд халдварт өвчин судлалын төвдөө хэвтүүлэхгүй байгаа. Туршлагаас харахад өөр бүс нутагтаа тусгаарлаж, шинжилгээнд хамруулж байгаа тул бид ч мөн үүнээс суралцаж, тусгай объектыг судалж байна. Эмнэлгийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийн нөөц алга. Ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай байгаа. Гэхдээ хувийн хамгаалах хэрэгсэл огт байхгүй гэж бүү ойлгоорой. Манай улсад байгаа хамгаалалтын хувцас хуучирсан, орчин үеийн шаардлагыг хангахааргүй байгаа нь үнэн. ДЭМБ-ын мэргэжилтэнтэй маргааш хийх уулзалтаар хамгаалах хувцас нийлүүлэх талаар ярилцана" гэлээ.
ЭРЭЭН ХОТОД 100 ГАРУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “ЗГ-ын ээлжит бус хуралдааны дагуу Ухань хотоос оюутнуудыг авчрах чиг үүрэг хүлээсэн. Гадаад харилцааны яам Хил хамгаалах ерөнхий газартай хамтраад хязгаарлалтын онцгой горим хэрэгжүүлэх талаар албан ёсоор БНХАУ-д мэдэгдсэн.
Хамгийн сүүлийн тоогоор 31 оюутан голомтын бүсэд байгаа. Тэгэхээр 31 иргэнийг авах ажиллагааг бид хийхэд бэлэн болсон. Хятадын талтай албан ёсоор иргэдээ авна гэдгээ мэдэгдсэн. БНХАУ-аас 56 улс иргэдээ авахаар нислэгийн зөвшөөрөл хүлээгээд байж байна. Зөвшөөрлөө аль болох шуурхай авахаар ажиллаж байна. Зөвшөөрөл гармагц онгоцны багт тавих хяналт, тухайн иргэдийг суулгахаас өмнөх шинжилгээг бүрэн хангасан. Ухань хотоос гадна БНХАУ-аас эх орон руу гаа ирэх хөдөлгөөн нээгдэж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй иргэн буцахад дэмжлэг үзүүлээд явж байна.
Өнөөдрийн байдлаар Эрээн хотод 100 гаруй Монгол Улсын иргэн нутаг буцах хүсэлт гаргасан. Мэдээ мэдээллийг бид тухай бүрт нь шуурхай авч хүргүүлэн ажиллаж гадаадад байгаа монгол иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг зогсолтгүй түгээж байна. БНХАУ-аас ирэх бүлэг жуулчны визийг зогсоосон” гэлээ.
Холбоотой мэдээ