“СӨХ-дыг буяны байгууллага болгох гэж байна”

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

“СӨХ-дыг буяны байгууллага болгох гэж байна”

“СӨХ-дыг буяны байгууллага болгох гэж байна”

Орон сууцны тухай хуулиар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны хуулийг хүчингүй болгох нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэнгүйдүүлж байна гэж өнөөдөр /2020.01.30/ СӨХ-дын төв зөвлөлөөс Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийлээ.

“СӨХ-НЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА”

“Энэ хуулийн төслийг санаачилсан Х.Баделхан гишүүнээ Орон сууцны тухай хуулиар хувийн орон сууцны компаниудыг цэгцлэх ёстой. Төрийн орон сууцны конторуудаа өөрсдөө удирдаач ээ. Ингэж иргэдийн эрх ашгийг зөрчиж СӨХ-оор оролдож байхаар орон сууцны конторуудаа цэгцэл гэж хэлмээр байна. Өнгөрөгч 2003 оноос хэрэгжиж буй Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дангаар нь засч сайжруулаад, бүлэг заалтаар нь нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл асуудлыг өнөөдөр Орон сууцны тухай хуульд хуулж оруулаад, СӨХ-ны тухай хуулийг хүчингүй болгох гэж байна. Энэ хууль зүгээр нэг эрх мэдэлтэй хүний улс төрийн тоглоом боллоо. Хэвийн 20 жил жил үйл ажиллагаа явуулж ирсэн СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулснаар оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна. Хоёр тусдаа байгууллага тус тусын хуультай байх ёстой. Үүний уршгаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1200 гаруй СӨХ-ны хэдэн мянган оршин суугчийн эрхийг зөрчиж байна. Энэ хууль батлагдсан ч гэсэн удахгүй. Хэдхэн сар жил хэрэгжих хооронд оршин суугчид хохирно.

Өнөөдөр нэг шинэ орон сууц баригдаж, тухайн орон сууцыг барьсан компани нь гурван жилийн хугацаанд ашиглалт, үйлчилгээг нь хариуцах нэрээр өөрсдийнхөө хувийн орон сууцны конторыг байгуулчихдаг. Хүчээр СӨХ-г байгуулахгүйгээр явчихдаг. Гэтэл хуулиараа барилгын баталгаат хугацаа дууссаны дараагаар СӨХ байгуулагдах ёстой” гэдгийг иргэд ойлгохгүй байгаа талаар СӨХ-дын төв зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Нямдорж хэлж байв.

“ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ 2-3 ДАХИН НЭМЭГДЭНЭ”

Энэ үеэр СӨХ-дын нэгдсэн зөвлөлийн дарга Н.Бямбадорж “Орон сууцны тухай хууль батлагдвал орон сууцны ашиглалтын зардал 2-3 дахин нэмэгдэнэ. Орон сууцны контор СӨХ-ны бүх үйл ажиллагааг хийх юм байна. Харин орон сууцны СӨХ гадна талбайд мод тарих, орчноо цэвэрлэх юм байна. Энэ үйл ажиллагааны төсвийг тусгаж өгөөгүй. Тиймээс СӨХ буяны байгууллага болох юм байна. Мөн уг хуулийн төсөлд СӨХ-г байгуулж болно. Бас байгуулахгүй ч байж болно гэж тусгажээ. Тэгэхээр СӨХ-дын зөвлөл болон оршин суугчидтай зөвлөлдөж, батлахыг шаардаж байна. Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хоёрдугаар зүйл заалтыг эсэргүүцэж байна.

Учир нь “Аймаг, нийслэлийн Засаг дарга дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд зориулж сууц өмчлөгчдөөс хуримтлуулсан хөрөнгийг Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцож, орон сууцны засвар, арчлалтын санд шилжүүлнэ. Өр авлагын тооцоо нийлж, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгүүлэх арга хэмжээ авна” гэж тусгасан. Оршин суугчид тодорхой шалтгааны улмаас СӨХ-ны мөнгөө төлөлгүй өр авлага үүссэн байдаг. Гэтэл энэ зардлыг СӨХ-оос гаргуулж, өрийн дарамт үүсгэхийг эсэргүүцэж байна” гэв.

Харин Баянгол дүүргийн тавдугаар хорооны иргэн Э.Батцэцэг “УИХ-ын гишүүн Х.Баделханы санаачилсан Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл одоо буцаагдсан байгаа. Энэ хуулийн  төслөө ирэх хаврын чуулганаар орж ирж батлуулах юм байна. Монгол Улсын хэмжээнд 1200 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байгаа. Оршин суугчдын мөнгөн дээр сонгуулийнхаа мөнгийг босгох гэж байна” гэсэн юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж