УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцэж байна. Байнгын хороод түүнийг “авч үлдэх” шийдвэр гаргасан бол нам нь өчигдөр түүнийг гарсанд тооцох болсноо зарласан. Бүтэн долоо хоног асуудлыг шийдээгүй саатсан Халдашгүй байдлын дэд хороо түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр яагаад гаргаснаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбарлахдаа “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шалгуулаад ир ээ гэсэн байр суурийг баримталлаа. Гэхдээ өөр асуудлаар шалгах вий гэж дэд хорооны гишүүд санаа зовж байна. Энэ хэрэгт Улсын ерөнхий прокурор өөрөө хяналт тавьж байгаа, санал оруулж ирсэн учраас хариуцлагыг нь өөрөө цаашид хүлээх биз. Бидний зүгээс өөрөө оруулж ирсэн асуудлынхаа хариуцлагыг мэдэж байгаа биз гэж Б.Жаргалсайханд санууллаа” гэсэн билээ.
Түүний хэлснээс харвал Н.Номтойбаярыг буруутгаж байгаа асуудал байхгүй, УЕП бантсандаа өөр хэрэг хүлээлгээд дуусч магадгүй байдал Ц.Нямдоржид анзаарагдав уу, эсвэл ийм тохиролцоо явагдсаныг олж мэдэв үү. Ямартаа ч Ц.Нямдорж яагаад санаа зовсон нь анхаарал татаж байна.
Н.Номтойбаярыг гурван үндэслэлээр эргүүлэн татах хүсэлт прокуророос оруулсан. Гэхдээ Улсын ерөнхий прокурор эргүүлэн татах хүсэлтээ ихэд нууцалж, “Хуулийн нэг гол зарчим бий. Н.Номтойбаярыг гэм буруутай гэж өнөөдөр хэн ч тодорхойлоогүй. Гагцхүү шүүх л гэм буруутайг тогтоодог. Өнөөдөр зөвхөн яллах, цагаадах нотлох баримт цуглаж байна” гэх тайлбарыг өгсөн. УЕП-ын тайлбараас харахад бас л эргэлзээ төрж буй. Н.Номтойбаярыг гэм буруутай гэж тодорхойлоогүй юм бол ямар учраас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулснаа УЕП мэдэн будилав уу. Бас Н.Номтойбаярыг "цагаадах баримт цуглуулж байна" гэсэн нь түүнийг цагаатгана гэсэн үг үү?
Н.Номтойбаярын хувьд өөрийгөө улс төрийн золиос болж байгаа гэж үзэж буй. “Г.Батхүү агсны дүү Дорнодод нэр дэвших гэж буй учраас улстөржүүлж байна” гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Тиймээс чуулганы хуралдааны хаалттай биш нээлттэй явуулахыг шаардаж буй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ч "Н.Номтойбаярын асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагагүй" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Прокурор ба Ц.Нямдорж хоёрын үгэн доторх үгнээс харахад Н.Номтойбаярыг эргүүлэн татан үндэслэл байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг. Учир нь, “хүн олдвол хэрэг тохоход амархан” гэгчээр өөрөөсөө өөр үзэлт бодолтнуудаа намаасаа хөөдөг, ялладаг шинэ манан бүлэглэлийн шинэ хэлмэгдүүлэлт эхлүүлэв үү гэсэн айдас олон нийтэд байна. Ямар ч байсан Н.Номтойбаярыг МАН түшээд авах уу, түлхээд хаях уу гэдгийг харах л үлдлээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ