"Хүүхэд асрах эхчүүд 26250 төгрөгөөр даатгуулж болно"

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

"Хүүхэд асрах эхчүүд 26250 төгрөгөөр даатгуулж болно"

"Хүүхэд асрах эхчүүд 26250 төгрөгөөр даатгуулж болно"

Шинээр мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалын хуультай холбогдох асуудлыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхөөс тодрууллаа.


-Эхчүүд хүүхэд төрүүлэх, асрах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадалгүй тасалдах тохиолдол олон байдаг. Энэ асуудлыг зохицуулах хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчид, тэр дундаа даатгуулагч эхчүүд рүү чиглэсэн хэд хэдэн өөрчлөлт орсон нь энэ оноос хэрэгжиж эхлээд байна.  Таны хэлсэнчлэн эхчүүд хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа шимтгэл төлөлт нь тасрахгүй байх нөхцөл бүрдсэн гэж хэлж болно.

Тодруулбал, хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч нь, сайн дураар даатгуулсан эх тэтгэмж авах эрх үүссэн бол 50 хувийг өөрөө, 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, бусад тохиолдолд 50 хувийг эх өөрөө, үлдсэн 50 хувийг төрөөс төлөхөөр зохицуулсан.

-Ажил хөдөлмөр эрхэлж байсан эхчүүдийн хувьд нөхцөл нь өөрчлөгдөөгүй юм байна. Харин бусад нөхцөлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Сайн дурын даатгуулагч эхчүүдийн хувьд тэтгэмж авах эрх нь үүссэн буюу нийт 12 сар шимтгэл төлсөн байх, үүнээс сүүлийн зургаан сар нь тасралтгүй төлсөн гэх болзлыг хангасан тохиолдолд хүүхдийнх нь гурван нас хүртэлх хугацааны шимтгэлийн 50 хувийг даатгуулагч эх өөрөө, 50 хувийг нь тэтгэмжийн даатгалын сангаас төлнө. Үүнд нийт 7.2 мянган сайн дурын даатгуулагч ээж хамрагдах тооцоо гарсан ба тэтгэмжийн даатгалын сангаас 2.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөгдсөн байгаа. Харин бусад эхчүүдийн хувьд ногдох шимтгэлийн 50 хувиа өөрөө төлсөн тохиолдолд 50 хувийг нь төрөөс төлөхөөр  зохицуулсан. Үүнд нийт 51.5 мянган ээж өөрийн төлөх шимтгэлийн 50 хувийг төлсөн тохиолдолд улсын төсвөөс 13.6 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр төсөвт тусгасан.

Тэгвэл тухайн эхчүүд сард хэдэн төгрөг өөрөө хариуцаж төлнө гэсэн үг вэ?

-2020 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн тогтоосон. Үүнээс тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд 12.5 хувиар тооцож, сард 52 мянга 500 төгрөг төлөх ба үүний 50 хувийг даатгуулагч өөрөө хариуцна гэхээр 26 мянга 250 төгрөг төлнө гэсэн үг. Ингэснээр хүүхдээ гурван нас хүртэл хөнгөлөлттэй нөхцөлөөр даатгуулах боломжтой болж байгаа юм.

-Нийгмийн даатгалаа өндрөөр төлөх хүсэлтэй эхчүүд яах вэ?

-Ер нь тэтгэмжийн даатгалын сан болон улсаас хариуцаж төлөх дүн нь тогтмол гэж ойлгож болно. Тухайн эх шимтгэл төлөх орлогоо хэд ч  гэж тодорхойлж болно. Харин шимтгэл ноогдох дүнгээс 26 мянга 250 төгрөг хөнгөлөгдөж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төлөх шимтгэлийн хамт үлдсэнийг нь өөрөө хариуцаж төлнө.

-Ямар материал бүрдүүлэх ёсто вэ?

-Бүрдүүлэх материалын тухайд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэртэй бол дэвтрээ, дэвтэр шинээр нээлгэх бол 1 хувь цээж зураг, хүүхдийн төрсний гэрчилгээний хамтаар харъяа нийгмийн даатгалын хэлтэстээ хандана.

-Ярилцлагын төгсгөлд тэтгэврийн нэмэгдлийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу? Сая нэг нэмэгдсэн, ирэх сард дахиад нэмэгдэх гэнэ гээд ахмадууд маань төөрөлдөөд байх шиг?

-Эдгээр нь тусдаа эрх зүйн актууд юм. Энэ нэгдүгээр сард зарим иргэний тэтгэвэр дээр 50 мянган төгрөгийн нэмэгдэл орсон. Энэ нь 2020 оноос хэрэгжиж эхэлсэн “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн дагуу  БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр 1991 оны нэгдүгээр сарын 01-нээс 1994 оны арванхоёрдугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэвэр нэмэгдсэн. Харин ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө 500 мянгаас доош тэтгэвэртэй иргэдийн хувьд 30 мянга, 500 мянга ба түүнээс дээш бол 25 мянган төгрөгөөр нэмэгдэх ба ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болно. Тодруулж хэлэхэд Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарсан иргэдийн тэтгэвэр ч мөн ирэх хоёрдугаар сарын 1-нээс дахиад нэмэгдэнэ.

 

Ярилцсанд баярлалаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж