Хятадын Ухань хотоос дэлгэрсэн коронавирусын халдвар хоногт 1,700 орчмоор нэмэгдэж, нас барагсдын тоо 170 гараад байгаа билээ. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр /2020.01.30/ уг асуудлаар дахин яаралтай хуралдаж, дэлхий даяар онц байдал зарлах эсэхийг шийдэх юм байна.
Тус байгууллагын Эрүүл мэндийн шуурхай хөтөлбөрийн тэргүүн Майк Райн дэлхийн нийт коронавирустэй тэмцэхэд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэмээгээд, аливаа сорил шалгуур хүнд боловч түүний өмнө хүлээх үүрэг хариуцлага илүү чухал гэдгийг Хятадын эрх баригчдад хандан хэлжээ.
Вирусийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авсан тухай зарим эх сурвалжууд мэдээлж байгаа ч туршилт хийж, чанарын шаардлага хангасан эсэхийг батлахын тулд багадаа жилийн хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн коронавирусийн тархалттай холбоотойгоор Хятад улстай хил залгаа Казахстан, ОХУ, Киргизстан зэрэг улс орнууд тус улстай хиллэдэг хилээ тодорхой хугацаанд хаагаад байна. Мөн Казахстан улс Хятадын иргэдэд виз олгохоо зогсоожээ.
Эх сурвалж: BBC, RIA NOVOSTI