Коронавирусийн 2500-3000 оношлуур захиалжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Коронавирусийн 2500-3000 оношлуур захиалжээ

Коронавирусийн 2500-3000 оношлуур захиалжээ

Эрүүл мэндийн яам коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.1.30/ мэдээлэл хийлээ.


14 СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ҮГҮЙСГЭГДСЭН

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 28-нд ХӨСҮТ-ийн клиникт 14 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнд Ухань хотоос ирсэн дөрвөн оюутан, Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг оюутан,  Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн оюутан, дөрвөн хавьтал багтсан. Үүний хариу сөрөг буюу хэвийн гарсан тул, зөвлөгөө өгөөд иргэдийг явуулсан. Өчигдрийн хувьд ХӨСҮТ-д мөн дөрвөн сэжигтэй иргэн ирэхэд нь тусгаарлаад, шинжилгээ авахад хариу нь өнөөдөр сөрөг гарсан. ДЭМБ-аас Монголд оношлуур өгөхөөр болсон. Одоогоор 2500-3000 оношлуур захиалаад байна” гэлээ.

323002 ДУГААРЫН УТСААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА

Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирустэй холбоотой мэдээллийг өдөр бүрийн 11.00 цагт өгч байгаа. Хэрэв яаралтай мэдээлэл гарвал өөрийн пэйж хуудсаар шууд дамжуулж байгаа. Шинэ төрлийн коронавирус улс орнуудад дэгдсэн тул Монгол Улсын эрүүл мэндийн салбар 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа. Мөн эрүүл мэндийн 323002 дугаарын утас дээр мэргэжилтнүүд арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа. Улсын онцгой комисс болон Засгийн газарт шинэ коронавирустэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь өгч байгаа” гэлээ.

АНЭУ-Д ДӨРВӨН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН

Дэлхий эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Дэлхий дахинд энэ халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар 6065 тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан байна.  /өчигдрийн байдлаар/. Энэ тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа. Халдварын тархалт Хятадад эрчимтэй явагдаж байна. Тохиолдол бүртгэгдсэн улсын тоо нэгээр нэмэгдэж Арабын Нэгдсэн Эмират улсад дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Энэ сарын хугацаанд шинэ коронавирустэй холбоотой заавар зөвлөмжийг ДЭМБ гурав дахь удаагаа шинэчлээд байна. Тархалт идэвхтэй явагдаж байгаа Хятадын хилийн цэгүүдэд хяналт явуулахыг зөвлөж байгаа. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандахыг зөвлөж байгаа. Шууд нислэгээр явж буй зорчигчдод хяналт тавих нь үр дүнтэй гэж зөвлөж байна. Хүнээс хүнд халдварлах тохиолдол нэмэгдэж байгаа тул Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дэргэдэх онцгой комисс өнөөдөр дахин хуралдахаар болсон. Өнгөрсөн даваа гаригт Японы Халдварт өвчний хүрээлэнгээс Монголд оношлуур авчирсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ЭМЯ-тай хамтран дахин оношлуур авчрахаар болсон. Энэ ажлыг хоёрдугаар сарын 5-ны дотор хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авч буй эрүүл мэндийн байгууллагын ажилчдадаа баярлалаа” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж