Нийгэм айдастай байгаа энэ үед хүн сэтгэлзүйгээ хэрхэн удирдах шаардлагатайг анагаах ухааны доктор, сэтгэл засалч эмч Б. Жаргалаас тодрууллаа.
-Коронавирусийн халдвар маш хурдан газар авч, хүмүүсийг айдаст автуулаад байна. Ийм нөхцөл байдалд иргэд сэтгэл зүйгээ хэрхэн тогтвортой байлгах вэ?
-Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар манай улсад албан ёсоор бүртгэгдлээ гэсэн мэдээлэл Эрүүл мэндийн яамнаас ирээгүй байна. БНХАУ-д энэ вирусийн халдвар гарч олон хүн амиа алдаад байна. Иймээс Монгол Улс энэхүү шинэ вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хөл хорио тогтоох арга хэмжээ авч байгаа. Одоогийн байдлаар ард иргэдийн дунд буруу ташаа мэдээ мэдээлэл, ойлголт газар авч байгаагаас иргэдийн болон нийгмийн сэтгэл зүй айдас, түгшүүрт автаад байна. Ийм үед аль болохоор үнэн зөв мэдээллийг албан ёсны эх сурвалжуудаас нь авах хэрэгтэй.
Коронавирусийн талаарх мэдээлэл хүмүүст стрес үүсгэж байна. Хүн стрест өртөхөөр нэг бол аюулаас зугтаана, эсвэл тэмцдэг. Стрест ямар хариу урвал үзүүлэх, түүнийг хэрхэн даван туулах вэ гэдэг нь тухайн хүний зан араншингийн онцлог, гэр бүлийн хүмүүжил, биологийн онцлог, нийгэм, хүрээлэн байгаа орчин зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Хүн стрест өртөхөд төв мэдрэлийн тогтолцооны тэнцвэрт байдал алдагдаж бие махбод, сэтгэл санаа, танин мэдэхүй, зан үйлд маш хурдан өөрчлөлт гардаг. Мөн нойрны хямрал, хоолны дуршил буурах зэрэг өөрчлөлтүүд ажиглагддаг.
-Энэ өөрчлөлт нь эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?
-Хүний эрүүл мэнд сэтгэл зүйтэй салшгүй холбоотой. Сэтгэл санаа түвшин амгалан байх аваас хүн эрүүл байна. Энэ үед дараах арга хэмжээнүүдийг амьдралдаа мөрдлөг болгохыг хичээгээрэй.
- Аль болох таагүй мэдээ, мэдээллээс өөрийгөө холдуулах
- Үнэн зөв бодит мэдээллийг эх сурвалжаас нь олж үзэх
- Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх. Ном унших, кино үзэх, хүүхдүүдтэйгээ тоглох
- Тайюшруулах амьсгалын дасгал хийх
- Хангалттай сайн нойрсох
- Тайвшруулах хөгжим сонсох
- Гэртээ иога, дасгал хөдөлгөөн хийх
- Өөрийн сонирхдог, дуртай зүйлээ хийх
- Сөрөг, таагүй бодлоо эерэг бодол болгох
- Дээрх алхмуудыг хийгээд үр дүнд хүрэхгүй бол мэргэжлийн эмч, сэтгэл засалчаас зөвлөгөө авах хэрэгтэй.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ