Ц.Нямдорж: Н.Номтойбаярыг янаглан хорлох хуйвалдаанд чинь би оролцохгүй
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2020.01.30/ гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн.
Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцээд, нууцаар санал хураахад гишүүдийн олонх нь түдгэлзүүлэхийг дэмжсэн ч албажуулах ёстой тогтоолыг дэмжээгүй тул Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргаад байгаа юм.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
Өглөө асуудлыг шийдвэрлэсэн шүү дээ. Бүр чөлөөлөөд энэ хүнийг явуулж болохгүй. Чөлөөлнө гэдэг чинь бүрмөсөн явуулна гэсэн үг. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг ийм байдлаар хянах будилуулах жишиг тогтох гэж байна. УИХ-ын дарга та хуралдааныг хуулийн дагуу явуулах ёстой. Энэ асуудлыг ийм байдлаар шийдвэл Үндсэн хууль зөрчсөн болно шүү. Ордны хуйвалдаан хийх гэж байгаагаа та нар бодохгүй байна уу. Хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Зарчмын асуудал. Одоо яах гэж хачин юм хийх гээд байгаа юм. УИХ-ын дарга та ийм байдлаар асуудлыг шийдэх юм бол УИХ Үндсэн хууль зөрчсөн юм болно шүү. Хамгийн аюултай нь, сонгуулийн үр дүнг хянах жишиг тогтоох гэж байна, та нар. Чөлөөлөгдөх байсан юм бол прокурор санал тавихаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй яасан юм бэ. Та нар хамгаалах биш янаглан хорлож байна. Би энд байгаа цагтаа ийм хуйвалдааныг хүлээн зөвшөөрөхгүй. Би Н.Номтойбаярт хүний ёсоор нөхцөл байдлыг хэлсэн. УИХ-ын ажлыг Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй юм шүү. Санал хураалтаа та нар хийсэн. Одоо үүнийг хянах байдлаар өөрчилж болохгүй. Хожмын урхагтай ийм зүйлд битгий оролцоорой та нар. Би хамгаалж ярьж байгаа юм. Асуудлаа шалгуулчхаад эргээд ажлаа хий гэж байхад хэдэн хоног нүдэж байгаад бүр явуулж байгааг чинь янаглан хорлох гэж байгаа юм. Их муухай юм болж байна. Монголын хувь заяанд туйлын аюултай зүйл руу оруулах гэж байна. Хожмын уршигтай асуудалд битгий оролцооч гэж гишүүдээс аминчлан хүсч байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Энэ асуудлыг өнөөдөр шийднэ. Чөлөөлөх санал хураалт явахгүй бол түдгэлзүүлэх тогтоолыг батална гэлээ.
Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу өглөөний хуралдаанаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжсэн саналыг тогтоолоор баталгаажуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн юм.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Тогтоолыг батлах санал хураалтыг нээлттэй явуулах горимын санал гаргаж, мөн олонхийн дэмжлэг авав.
Ингээд УИХ-ын гишүүн А.Сүхбатын гаргасан шинээр санал хурааж батлах горимын санал дэмжигдсэнээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналын тогтоолыг гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуулийн байгууллагаар шалгагдаад гэм буруугүй гэдэг нь тогтоогдвол эргэн УИХ-ын гишүүнээр ажиллах боломжтой. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдааныг хаалаа.
"Хар машинд итгэдэг болсон"
УИХ-ын чуулганаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолыг батлахын өмнө Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Энэ хуучин машинаа ашиглах зөвшөөрөл авах гээд байна уу, эсвэл шинэ тоног төхөөрөмж худалдаж авах гээд байгаа юм уу. Өмнө нь хэрэглэж байсан хар машиныг хэрэглэх гэж байгаа бол МАН-ынхан үүндээ 100 хувь итгэдэг болсон уу. 65 хүн гарахаар 100 хувь итгэдэг шүү. Одоо та нар сонгуулиар 10 хүн л гарах байх. Хар машин буруугүй гэдгээ протоколд оруулмаар байна. Ялбал машин сайн, ялагдвал машин муу гэдэг байж болохгүй. Танай намынхан өнгөрсөн хугацаанд байнга л хар машиныг шүүмжилдэг байсан. Хамгийн аюултай нь гээд л. Улс төрийн акц хүртэл хийж, хар машиныг шатааж байсан. Одоо техник хэрэгслийн асуудлыг нэг тийш нь болгохын тулд МАН-ыхан 100 хувь итгэж байгаа эсэхээ хэлэх хэрэгтэй.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:
2020 оны сонгуульд өмнө нь хэрэглэж байсан хар машиныг хэрэглэнэ. Бүртгэлд хурууны хээ уншигчийг хэрэглэнэ. Энэ хар машиныг хэрэглэхийн тулд 2019 онд ТЕГ, Сонгуулийн Ерөнхий хорооны Мэдээлэл, технологийн газар, Харилцаа, холбоо, технологийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгалт хийгээд 2020 оны сонгуульд хуучин хар машинаа хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарсан. Шинэ машин худалдаж авах боломжгүй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Бидний хэлж заншсанаар санал авах хар машиныг гурван удаагийн УИХ-ын сонгуульд ашигласан. Энэ олон сонгуульд ямар нэг хэл маргаан гарч байгаагүй. 2012 онд анх удаа хэрэглэсэн учраас эргэлзээ байсан нь үнэн. Сонгуулийн хуульд 50 хүртэл хувьд нь гараар хяналтын тооллого хийх боломжийг давхар олгож байна. Энэ нь санамсаргүй түүврийн аргаар буюу санал хураалт дууссаны дараа аль нэгийг нь сонгож санамсаргүй түүврийн аргаар тооллого хийх боломжтой. Өнгөрсөн сонгуулиудад ингэж тоолоход зөрөөгүй. Хар машинтай холбоотой эргэлзээ цаашдаа байхгүй. Цаашид дэвшилттэй тоног төхөөрөмжтэй болгох зайлшгүй шаардлага бий. Би хувь хүнийхээ хувьд цааш цаашдаа хар машиндаа итгээд тоолуулж байх саналтай байгаа. Цаашдаа хар машиныг солих шаардлага зайлшгүй бий хэмээсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын 24-нд товлолоо
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төсөлд сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 24-ний өдөр байхаар заасан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 25 болгох санал гаргасан ч дэмжилгүйгээр шууд санал хураалт явууллаа.
Хуралдаанд 39 гишүүн оролцсоноос нь 31 нь дэмжиж, сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 24 –н гэж тогтлоо.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өгнө
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чуулганы хуралдаанаас гарч ирснийхээ дараа дараах тайлбарыг сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр “Намаас намайг ёс зүйн асуудлаар хөөх шийдвэр гарсныг танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын журмын гишүүдээсээ уучлалт гуйя. МАН-ын гишүүн биш сул гишүүн болж байна. Удаа дараа би өөрийн биеэр уучлалт өчсөн.
Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцэж байгаад, завсарлага авлаа. Яагаад завсарлага авсан бэ гэхээр санал хураалт нууцаар явсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр би хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Миний баримталдаг зарчим бол та хэдээс зугтаж бултдаггүй. Зогсож байгаад л тайлбараа өгчихдөг. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал 12-ны хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Үгэндээ туйлын хянамгай байхгүй бол болохгүй байна.
Сая гаргасан хоёр шийдвэр нь хоорондоо зөрчилдчихсөн. Тогтоолын төсөл уначихсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аливаа нэг шийдвэр гарахад түүнийг нь УИХ-ын Дэгийн тухай хуулиар тогтоол болгож заавал албажуулдаг. Тэгж байж хүчин төгөлдөр болдог. Гэтэл албажуулах энэ шийдвэр нь нь 35, 65-ын харьцаатай уначихсан. Тиймээс МАН-ын бүлэг 2 цагийн завсарлага авлаа.
Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болж байна гэж гэсэн ойлголтыг нийгэмд зохион байгуулалтайгаар хүргэж байна. Тийм зүйл байхгүй. Тиймээс миний бие сая УИХ-ын чуулган дээр түдгэлзүүлэх саналыг хүлээж авах хуулийн зохицуулалт УИХ-ын тухай хуульд байхгүй. Тэгэхээр би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгье гэдгээ мэдэгдсэн. Мөн үүнийгээ хэвлэлийнхэнд мэдэгдэж байна. УИХ-ын тухай хуулийн 6.6.3-ын дагуу би УИХ-ын гишүүнээс өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгнө.
-Яагаад та ийм шийдвэр гаргав?
-Надад үндэслэл байхгүй. Би ямарваа нэгэн шахалтад ороогүй. Одоо надад шахалт ирэх ч үндэслэл байхгүй. Сул ч гишүүн болсон, намын хамгаалалт байхгүй болсон. Тиймээс би өөрөө өргөдлөө өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явуулж буй олон асуудлын учир начрыг нь би тайлна. Энэ нь миний бас тэмцэх арга хэрэгслийн нэг гэж бодож байна.
–Та УИХ–ын бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр дараа нь магадгүй хэлмэгдүүлэлтэд өртөх вий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Зохион байгуулалттайгаар намайг гэмт хэрэгтэн болгох ажиллагаа явагдаж байна. Тэр нь одоо цагдаа дээр шалгагдаж байна. Эхнээсээ авхуулаад хэний захиалгаар хэдэн төгрөгийг хэзээ, хаана өгөөд юу болов гэдэг бүх юм тодорхой болчхоод байна . Сая Хууль зүйн сайд нь хүртэл ерөнхий прокурорт нэг зүйлийг хэлсэн. прокурорын байгууллагаас зөвшөөрлийг нь өгөөд надтай холбогдолтой нийгэмд ойлгомжгүй байгаа хэд хэдэн асуудлыг заавал мэдээлэхгүй бол мэдээлэхгүй байснаараа өнөөдөр ийм үр дүнд хүрч байна гэдгийг Ц.Нямдорж сайд УИХ дээр хэлнэ лээ.
–Та хэд хоногийн өмнө бүрэн эрхээсээ татгалзах шаардлагагүй гэж хэлж байсан шүү дээ?
-Түдгэлзүүлэх, чөлөөлөх хоёр тусдаа өөр ойлголт. Түдгэлзүүлэх гэдэг нь гэм буруугүй нь тогтоогдоход УИХ-ын тогтоол гарч буцаж ордог.Чөлөөлөгдөнө гэдэг нь бүр мөсөн УИХ-аас явна гэсэн үг. Тэгэхээр чөлөөлөгдөнө гэдэг нь хамгийн хүнд шийдвэр. Энэ шийдвэрийг би өөрөө гаргаж байна.Надад ямар нэгэн шахалт байхгүй. Би тийм зүйлд ч өртөөд байдаг хүн биш. Энэ шийдвэрээ би аль эрт гаргачихсан байсан, одоо л хэлж байгаа нь энэ.
–Та 2020 оны сонгуульд нэр дэвших үү?
Улстөр багийн тоглолт. Ганц хүн улс төрд хэцүү.
-Та улс төрөөс бүр гарч байгаа гэсэн үг?
Хатуу, хариуцлагатай хэлье. Аливаа зорьсон зүйлээсээ би ухардаг хүн биш. Дунд нь хөндлөнгөөс саад болж байна уу гэвэл болж байна. Магадгүй би тодорхой хугацаанд улс төрөөс чөлөө авах зайлшгүй шаардлага байна. гэлээ гээд улс төрөөс гарч байна гэсэн үг огт биш.
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцээд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэж танхимын гишүүд нь үзжээ.
Санал хураалтыг цаасаар нууцаар явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн нь олонх нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ.
Тодруулбал, 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал өгчээ.
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нээлттэй хуралдаж хэлэлцэхгүй бол нийгэмд хардлага дагуулж байна. Нөгөө талаар хаалттай хэлэлцэх ч асуудал биш байна лээ хэмээгээд асуудлыг нээлттэй хэлэлцэх горимын гэсэн санал гаргасан боловч дэгээрээ хаалттай хуралдах ёстой гэдгийг хуралдаан даргалагч хэлээд чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
Сануулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн дэмжсэн бол УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй юм.
Түүнчлэн МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргасан билээ.
Орон нутгийн сонгуульд горилогч наймдугаар сарын 1-нээс өмнө ажлаа өгнө
УИХ-ын чуулганаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 1-д гэснийг ажлаасаа чөлөөлөгдөнө гэснийг наймдугаар сарын 1-нд гэж өөрчлөх Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
Хэрэв сонгууль болохоос зургаан сарын өмнө нэр дэвшигчийг ажлаас нь чөлөөлчихвөл тэд ажилгүй, орлогогүй хэцүүднэ гэж Хууль зүйн байнгын хорооны дарга хэллээ. Нийт хүн амын ажил эрхлэх насны 1.2 сая хүн ам бий. Гэтэл 200 мянга хүрэхгүй нь төрийн албанд ажилладаг. Төрийн албанд л ажиллаагүй л бол өөр ямар ч орлогогүй болчихсон юм уу. Тэгвэл нийт ажиллах насны иргэдийн 90 хувь нь хувийн яаж ажилладаг гэж боддог юм бэ.Асуудалд ялгаж, салгаж хармаар байна. Төрийн албаны л ажлаа хийхгүй бол амьдралгүй, орлогогүй турж үхнэ гэж хэлж байгаатай адил. Энэ нь буруу шүү. Бусад иргэддээ тэгвэл адилхан тогтмол цалин олгодог болчих. Иргэдээ хооронд нь ялгаварлаж байна шүү. Амь амьжиргаагаа аваад явж чаддаг авиалгалд өртөхгүй тэр санхүүгийн чадамжтай хүмүүс нь төрийн байгууллагад ажилла. Тийм учраас зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгд л дөө.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
Хуулийг хүчиндэж болохгүй гэж би хэлж байгаа. Орон нутгийн иргэдийн хувь заяаг шийдэх гэж байгаа сонгуулийн хуулийг ингэж олонхоороо хүч түрэн шийдэж болохгүй гэж би байнгын хороон дээр ч хатуу хэлсэн. Ярьж байгаад аятайхан хууль хийчихмээр байна. М.Билэгт гишүүний ярьж байгаа зөв. Хамгийн үнэ цэнэтэй боловсон хүчнүүд бол төрийн албан хаагчид. Энэ хүмүүсийг ажлаа өг гэж хуулиар шаардах ёсгүй. Чи төрийн албаны хуулийн мерит зарчмаар явах уу эсвэл улс төрд орох юм уу гэдэг сонголтын шийдлээ хий гэсэн үг.Хууль нь тийм. Ажил, амьдралыг нь сүйтгэж байгаа асуудал огт биш. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 1-д гэснийг ажлаасаа чөлөөлөгдөнө найман сарын 1 болгож оруулж байгаа нь асар том алдаа. Та нар бусдын үгийг сонсохгүй. Эрүүл ухаантай нь овоо гайгүй үг хэлж байснаа сүүлдээ бусадтайгаа адилхан согтуу хүн шиг болчих юм. Сонгуулийн хуулийг өөрчилсөн болгон нь унадаг юм шүү, та нарт сануулчихъя. Манайд ч тохиолдож байсан, удахгүй та нар тохиолдоно. Хууль чинь гууль боллоо. Санааны зоргоор ханддаг боллоо. Тийм учраас дараагийн санал хураалтуудад манай зөвлөл оролцохгүй. Хүчиндээд явна гэвэл түрүүгээрээ яв. Та нар бусдадаа ярилцах орон зайг нь олгохгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Зарим гишүүн буруу ойлгоод байна уу. М.Билэгт гишүүн буруу ойлгосон гэж ойлгогдлоо. Ажлаа хийхгүй л бол өлсөж цангаж , турна гэж хэн хэлсэн юм бэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг зургаан сарын өмнө ажлаас нь чөлөөлчихлөө. Эд Монгол Улсын бүтээн байгуулалтын сар эхэлдэг ийм үе. Энэ хооронд төрийн ажил назгайрна. Хэн авч явах юм бэ. Чөлөөлчихлөө гэхэд дараагийн хүн орж ирэх гэсээр байтал аравдугаар сарын 1 болно. Тийм болохоор наймдугаар сарын 1 гэж оруулах нь оновчтой хугацаа. Ялангуяа ард иргэд амралт гээд алга болчихдог. Энэ үед төрийн албаныхан ажлаа хийгээд үлддэг.
Ингээд гишүүд үг хэлж дууссан учир Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 1-д гэснийг ажлаасаа чөлөөлөгдөнө гэснийг наймдугаар сарын 1 гэж өөрчлөх Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувиар уг саналыг дэмжлээ.
Үүгээр зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссан учир Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн бүхэлд батлах нь зүйтэй гэж 78.6 хувь нь үзсэнээр уг хуулийн төслүүд батлагдлаа.
Дараа нь Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийж батлалаа.
Уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг холбогдох байнгын хорооноос гаргасан тул уг саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийг анхны хэлэлцүүлгээр бүхэлд нь баталлаа.
Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд,
1.Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; – /11 саналтай/
3.Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
5.Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
6.“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
7.“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
8.Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
9.“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
10."Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
11.Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
12.Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
13.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал;
14.Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудал;
15.“Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
16.Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороонд Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэх үеэр танилцуулга хийгээд л өнгөрсөн. Асуулт асууж, үг хэлсэн ч хүн байхгүй. Би ганцаараа Төрийн байгуулалтын байнгын хуралдаан дээр Н.Номтойбаярыг өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлзчихээч гэж хэлсэн. Хуралдаан хаалттай явагдахаар олон нийтэд хардлага дагуулж байна. ЖДҮ-гийн асуудал нь орж ирсэн гишүүнийг тухайн Н.Номтойбаяр нь хамгаалсан, тэр нь Н.Номтойбаярыгаа сая хамгаалсан юм билээ. Манай намын зөвлөл шийдвэрээ гаргаж асуудалд нэг байр суурьтайгаа байхаа илэрхийлсэн. Н.Номтойбаярын асуудлыг хаалттай хэлэлцээд байх шаардлага байхгүй юм билээ. Нээлттэй хэлэлцүүлэх горимын санал гаргаж байна.
Холбоотой мэдээ