Худалдааны төвүүдийг хаахгүй, хүнс нөөцлөх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Худалдааны төвүүдийг хаахгүй, хүнс нөөцлөх шаардлагагүй

Урд хөршид дэгдсэн шинэ коронавирусийн дуулианаар монголчууд сошиалд орчинд тархсан мэдээлэлд итгэн хүнсээ нөөцөлж эхэлсэн нь наймаачдад бүтээгдэхүүнийхээ үнийг хөөрөгдөх шалтаг болоод зогсохгүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ "шахах" далим ч болсон. Иймээс томоохон худалдааны төвүүдээр орж, иргэдийн худалдан авалт болон хүнсний хомсдол үүсэх нөхцөл бүрдсэн эсэхийг сурвалжиллаа.


БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВ ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА

"Бөмбөгөр" худалдааны төвд өчигдөр /2020.01.29/ 13.00 цагт очиход лангуунууд  дүүрэн гурил, будаа, талх, нарийн боов өрөөстэй байлаа. Худалдагчийн хэлснээр зах худалдааны төвүүд хаагдаж магадгүй гэсэн сургаар иргэд үймэлдэж, худалдан авалт эрс өссөн байна. "Өчигдөр, уржигдар энүүгээр хүмүүс их “оволзсон”. Өнөөдөр бараг хүнгүй шахам байна. Өвчний хажуугаар цагаан сарынхаа хүнсийг базааж байгаа хүмүүс ч их байна” гэсэн мэдээллийг худалдагч нар өгөв. Харин үнийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гараагүй болохыг хэллээ.

Иргэдийн байр суурийг сонсоход Х.Баатар “Өнөөдөр л дэлгүүр орж байна. Хүнс нөөцлөөд байх шаардлагагүй. Хүмүүс зохиомлоор л хомсдол үүсгэж байна. Үнийн хувьд бага зэрэг нэмэгдсэн байна” гэлээ.

Гурилын үнэ тус худалдааны төвд “Алтан тариа” дээд зэрэг нь 1350-2500 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна. Задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1400-1560 төгрөгийн үнээр худалдаалагдах аж.

СҮҮЛИЙН ХОЁР ХОНОГТ ХҮМҮҮС НЭГИЙГЭЭ ДАГАЖ ИХ ШУУРЧ БАЙНА

"Барс" захад дээрхтэй мөн ижил дүр зураг угтлаа. Хүмүүс ганц нэг шуудай, тороор хүнсээ цуглуулж, голдуу мах, хүнсний ногоо бөөндөж байв. Гурил будааны павильонууд “Атар”, “Хурх”, “Алтан тариа”, “Улаанбаатар” зэрэг гурилыг шуудай шуудайгаар нь эгнүүлэн тавьжээ. Тус захын наймаачид болон иргэдээс байр суурийг асуулаа.

Б.Ганзориг “Хүмүүс ер нь нэг нэгийгээ дагаж, хөөрөөд аваад байна. Гурилын хомсдол бол үүсэхгүй. Харин үнэ нэмэгдсэн тал бий. Шинэ он гарсны дараахан л үйлдвэрээсээ үнээ нэмсэн гурил нийлүүлж эхэлсэн. Тэгсэн мөртлөө одоо болохоор сошиалаар "үйлдвэрлэгчид нь үнээ нэмээгүй" гэж хэлээд байдаг. Үйлдвэрлэгчид 30-40 төгрөгөөр үнээ нэмэхээр төдийлөн мэдэгдэггүй. "Алтан тариа "-н дээдийн дээд гурил шуудай нь 32 мянган төгрөг байсан. Гэтэл үйлдвэрийнх нь үнэ шуудай нь 45 мянга болчихсон. Тэгээд бид нар чинь түрээс төлж байгаа болохоор дээрээс нь мянган төгрөг нэмэхээс өөр аргагүй. Сүүлийн хоёр хоногт нэгийгээ дагаж л хүмүүс их шуурч, худалдан авалт хийж, бөөнөөр нь гурил, будаагаа базааж байна” гэлээ.

ХУУЧИН ЯМАР ХАНШААР ЗАРЖ БАЙСАН ТЭР ХЭВЭЭР БАЙНА

Б.Мөнхчулуун “Хүмүүсийн худалдан авалт сайн байна. Хүмүүс өвчин гэхээр юм бөөндөж аваад байж болохгүй. Үнийн хөөрөгдөл бол цаанаасаа. Жишээ нь "Улаанбаатар гурил" шинэ он гарангуут л гурилын үнээ нэмсэн. Бид тэрний дагуу л зарж байгаа. Хүмүүс буруу ойлголттой байна. "Алтан тариа" компани бол үнийн хөөрөгдөл хийхгүй энэ хэвээр байна гэж байсан. Манай "Барс" захад үнэ нэмсэн зүйл байхгүй. Хуучин ямар ханшаар зарж байсан тэр хэвээр байна” гэлээ.

Д.Баяр “Хүмүүс өчигдрөөс эхлээд юм аа цуглуулаад байхаар нь дууриагаад авлаа. Цагаан сарынхаа бэлтгэлийг арай базааж эхлээгүй байна. Дөхүүлж байгаад байдлыг харъя гэж бодож байна” гэв.

 

МОНГОЛ УЛС 158 ХОНОГИЙН ГУРИЛЫН НӨӨЦТЭЙ, 15 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХТАЙ БАЙНА

Агуулахад байгаа гурилын үлдэгдэл: 18 мян тн /Томоохон 12 үйлдвэрийн мэдээ, 2020.01.28/

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан Монгол Улсын хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн тухай мэдээллийг хүргэе. Монгол Улс өнөөдрийн байдлаар 158 хоногийн гурилын нөөцтэй байна.

Монгол Улсын хүн амын жилийн хэрэгцээнд 227 мян.тн гурил буюу 302 мян тн улаанбуудай шаардлагатай байдаг аж.

Үнийн хувьд “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-2500 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна. “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1400-1560 төгрөгийн үнэ ханштай байна. Харин“Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

МАХНЫ НӨӨЦ:

Одоогоор Монгол Улс 15 мянган тн махны нөөцтэй байна. 2020 оны нэгдүгээр сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8687 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10652 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 624 төгрөгөөр , үхрийн цул махны үнэ 495 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногт  үхрийн ястай махХүчит шонхор хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин“Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөг байна.

ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ  ХААХ ШИЙДВЭР  ГАРААГҮЙ

Нийгмийн сүлжээгээр зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэл цацагдаж, түүнд итгэсэн иргэд  бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, үнийн хөөргөдөл үүсгэсэн байж болзошгүйг албаныхан санууллаа. Тодруулбал, томоохон зах, худалдааны төвүүдийг нийслэлийн хэмжээнд хаах шийдвэр  албан ёсоор гараагүй. Харин ч захирамжийн дагуу томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, аюулгүй байдлыг сайтар хангах зөвлөмжийг хүргүүлжээ. Тиймээс худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, үнийн хөөрөгдөл үүсгэх шаардлагагүй” гэж Нийслэлийн захиргаанаас мэдээллээд байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж