МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиг үүргийг өглөө. Үүнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудыг түр зогсоолоо. МУИС-ийн хувьд энэ хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох биш, сургалтыг танхимын хэмжээнд явуулахыг түр зогсоосон байгаа. Үүн дээр Улсын онцгой байдлын комисс, БСШУС-ын сайдын удирдамжууд ирсэн. МУИС дээрх шийдвэртэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, сургууль болон дотуур байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч ажиллаж байна.
Бүх сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тэгэхээр гуравдугаар сарын 02-ыг хүртэл оюутан цахим буюу зайны сургалтад хамрагдана.
МУИС-ийн шинэ хичээлийн улирал хараахан эхлээгүй байна. Иймээс ирээгүй байгаа оюутнууддаа ирэх шаардлагагүй, гэрээсээ болон орон нутгаасаа цахим хэлбэрээр сургалтандаа хамрагдах удирдамжийг хүргүүлсэн.
Дотуур байранд байгаа оюутнуудыг эцэг, эхтэй нь яриад бүгдийг нь шат дараатай буцааж байна. Өөрөөр хэлбэл, дотуур байранд байрлах шаардлагагүй. Мөн номын сангийн үйл ажиллагааг зогсоосон. Өөрөөр хэлбэл, номын сангийн танхимаар үйлчлүүлэх боломжгүй, гэрээр ном авч болно.
Багш нарын хувьд хичээлээ цахим хэлбэрээр бэлдэж, буцаагаад даалгаварыг цахим хэлбэрээр авахыг зөвлөж байна. Багш өөрөө цахим хэлбэрээр буюу зайнаас сургалт явуулах тул шаардлагагүй тохиолдолд сургууль дээрээ ирэх хэрэггүй.
Харин багшаас бусад ажилчид ажил дээрээ ирэх шаардлагатай тул сургуулийн зүгээс вирусээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай үзлэгийг хийгээд явж байна.
-Дотуур байранд оюутнууд байх шаардлагагүй гэж үзэж байгаа юм байна. Хөдөө орон нутгийн оюутнууд нутаг буцах байх. Гадаад оюутнуудыг яах вэ?
-МУИС-ийн хичээл хоёрдугаар сарын 03-аас эхэлнэ. Амралтынхаа хугацаанд эх орноо зорьсон оюутнуудыг ирэх шаардлагагүй гэсэн мэдээллийг өгсөн. Нэгэнт Монголд ирчихсэн байгаа 100 гаруй гадаад оюутнууд байна. Тэднийг дотуур байранд нь байлгаж, өдөр бүр эрүүл мэндийг нь үзэж, шаглаж байна. Мөн дотуур байранд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байна. Нөгөө талаас гадаад оюутнуудыг аль болох дотуур байрнаасаа гарахгүй байхыг зөвлөж байна.
-Иргэдийн зүгээс сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарсан хэр нь хичээл сонголтын төлбөр авч байна гэсэн шүүмж гарч байна. Үүн дээр та тайлбар өгөхгүй юу?
-Их дээд сургуулиудын үйл ажиллагаа бол зогсоогүй. Сайдын удирдамжид сургалтыг зайн хэлбэрээр явуулахыг тушаасан. Иймээс энэ бол амралтын биш, хөл хорио гэж ойлгох хэрэгтэй. Оюутнуудын хувьд амралтын өдрүүдэд хичээллэх санаачилга гарсан. Гэхдээ энэ анги танхим, багшийн хүрэлцээ, оюутны ачаалллын хувьд ямар ч боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаж, ийнхүү цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Ингэхдээ гуравдугаар сарын 02-оос хичээл эхэлмэгц эхний долоо хоногтоо цахим хэлбэрээр явуулсан хичээлийг тоймолсон хичээлийг орохыг багш нартаа үүрэг болгосон. Хэдийгээр хөл хорио тогтоосон ч хичээл зайнаас буюу цахим хэлбэрээр явагдаж байгаа тул хичээл сонголтын төлбөрийг төлөх нь зүйн хэрэг юм.
Холбоотой мэдээ