Н.Номтойбаярын араас ЖДҮ-чдээ хөөчих

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярын араас ЖДҮ-чдээ хөөчих

Н.Номтойбаярын араас ЖДҮ-чдээ хөөчих

Ардын намынхан шороотой хутгасан рейтингээ Н.Номтойбаярыг хөөж явуулснаар сэргээнэ гэж горьдов уу, УИХ нь У.Хүрэлсүхийнхээ эсрэг зогсож эхэлсэн учраас бүлэггүй ч болгож чадна шүү гэдгийг сануулах зорилго байв уу. ЖДҮ-чдээ хөөгөөгүй Хяналтын зөвлөл нь өчигдөр гэнэтийн хурал зарлаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргав. Олон нийтийн газар биеэ зүй зохистой авч явж чадаагүй, зодоонд холбогдсон үндэслэлээр хөөжээ.

Хэзээ мөдгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхгүй болж, хуулийнханд шалгагдах нь тодорхой болсон Н.Номтойбаярын хувьд МАН-аас “жийгдэх” асуудал биш.

Алдаан дээр нь хэн дөрөөлж, хонжоо гарган тоглолт хийх нь вэ гэдгийг харах л чухал байсан. Нөхөд нь ч тараа таниулж,  “ноход” болж хувирах нь тэр.  Сайн явахад садан  олон, саар явахад дайсан олон гэдэг л болж байна.

Гэхдээ хэрэг үйлдсэн бол намын гишүүн ч байсан шоронд орно, үйлдээгүй бол намаас хөөсөн ч оруулж чадахгүй гэдгийг МАН-ын Хяналтын зөвлөлийн гишүүд мэддэггүй бололтой. УИХ-д суугаа олон хэргийн эздээсээ нэгийг нь сугалж аван намаасаа хөөсөн нь рейтингийг нь өргөх гэхээсээ фракц дундах зөрчлийг нь хурцатгасанаас цааш хэтэрсэнгүй.

УИХ-д суух МАН-ын 64 гишүүнээс ганц Н.Номтойбаяр нь хар хэрээ гэвэл том эндүүрэл.  ЖДҮ, тендер, 60 тэрбум гээд жагсаавал 40 гаруй гишүүнийх нь бүрэн эрх яригдана.  Гэвч нам нь гүлдийж, бүлэг нь ч чимээгүй суусаар УИХ ын сонгуулийн жилтэй золгосон юм.

Уг нь жил гаруйн өмнө  Улсын ерөнхий прокурор,  Б.Батзориг, Г.Солтан, Д.ДамбаОчир, Л.Энхболд нарын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ д тавьсан ч  бүлэг нь олонхиороо хамгаалаад үлдсэн. Энэ шийдвэрийг тухайн үед Хяналтын хороо нь шүүрч аваад ЖДҮ-д холбогдсон таван гишүүнээ хөөх шийдвэр гаргачихсан бол өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх нь Н.Номтойбаярт хэлэх үгтэй, өмгөөлөөд яваа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ана мана ач тач үзэн, танхимаасаа хөөж суухгүй юу. Харамсалтай нь, Хяналтын хороо нь энэ асуудлыг хэлэлцээгүй, намын удирдлага нь ч шахаж шаардаагүйн горыг өнөөдөр эдэлж сууна.

Нийтлэг эрх ашгаас илүү нэг хэсгийг бодож, гаргасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрсний хар гайг нь өнөөдөр нам нь үүрээд ЖДҮ-чин, яргачнаараа дуудуулаад олны нүүр ч харах аргагүй л сууцгааж байна.

Ямар аргатайдаа л улс нь өрөндөө баригдчихсан байхад ахмад настны тэтгэврийн зээлийг чөлөөлнө гэдэг популист шийдвэр гаргаж, УИХ-аар батлуулж байх билээ дээ.

ЖДҮ-чид жилийн гурван хувийн хүүтэй зээл аваад ард түмний боломжийг хулгайлчихсан, нэгээр тогтохгүй нэлээд хэдэн хүнийх нь авсан зээл нь зориулалтын бусаар зарцуулагдсан байж болзошгүй эрүүгийн шинжтэй үйлдлүүд илэрсэн тул түүнийгээ цайруулах, УИХ-ын сонгуулиар санал авах зорилго дор тэтгэврийн зээл чөлөөлөх шийдвэрийг УИХ-аар гаргуулсан ч хэрэгжүүлэх болоход үнэт цаасаа ч гаргаж чадаагүй тул  эцэс сүүлдээ банкныхныг царай алдахаас аргагүйд хүрээд байна.

Гэхдээ хамгийн гол нь МАН УИХ-ын сонгуулийн өмнө нэр хүндээ жаахан ч болтугай өргөе гэвэл Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компанидаа зээл авсан гишүүдээ хөөхгүй л бол ганц Н.Номтойбаярыг явуулснаар гал намжаана гэвэл олон нийт хүлээн авахгүй.

Шударга ёс тогтооно гэдэг алагчилж асуудалд хандахыг хэлдэггүй. Буруутай үйлдэл хийсэн болгон хариуцлагаа хүлээх зарчмыг адил тэгш тавьж байж,  бусаддаа хүлээн зөвшөөрөгдөнө.

УИХ нь ЖДҮ-чдийг хамгаалсан бол нам өмөөрөхгүй гэдгээ харуулаад одоо Н.Номтойбаяр гишүүний араас ЖДҮ-чдээ л хөөчих.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж