Рио-Тинтод 34 хувиа наймаалцах сайдуудын эхний "БАЙ" ТУЗ

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Рио-Тинтод 34 хувиа наймаалцах сайдуудын эхний "БАЙ" ТУЗ

Рио-Тинтод 34 хувиа наймаалцах сайдуудын эхний "БАЙ" ТУЗ

Оюутолгойг тойрсон олон ээдрээтэй асуудлыг тайлах эхний гарц “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөж буй гурван гишүүнийг чөлөөлөх асуудал ойрын үед яригдах нь тодорхой боллоо. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д  Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах зарчимд шилжүүлэхээр болжээ.

Тодруулбал, Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотгосон.

2010 оны тавдугаар сараас хойш “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлж байжээ. Тэгвэл цаашдаа ТУЗ-ийн гишүүнийг нэг жилийн хугацаатай томилж, ажлыг нь жил бүр дүгнэж явах юм байна.

Өдгөө “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон Ц.Сүхбаатар нар Монголын талыг төлөөлж байгаа. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувьд Оюутолгой төслийн гэрээг байгуулсан цагаас буюу 2010 оноос эхлэн МАН эрх барих бүрийд Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д томилогдсоор ирсэн “дархлагдсан” ганц хүн нь. “Эрдэнэс Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт 2018 оны зургадугаар сард “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Сүүлд ТУЗ-ийн гишүүнээр очсон нууц эрхэм бол Ц.Сүхбаатар юм. Түүнийг оны өмнөхөн  Засгийн газраас томилсон гэнэ. УИХ-ын гишүүд ч уг томилгоог бараг мэдээгүй өнгөрсөн. Ц.Сүхбаатар нь ямар мэргэжилтэй,  өмнө нь хаана, юу хийж байсан тухай энэ бүх мэдээлэл  нь бүрхэг. Олон төрийн өмчит компанид ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг, залуу боловсон хүчин гэх мэдээлэл л бий юм.

Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байсан хүмүүс хангалтгүй ажиллаж ирснийг УИХ-ын гишүүд шүүмжилсээр ирсэн. Энэ нь ч үнэний ортой. Ялангуяа олон жил ТУЗ-д төлөөлөгчөөр ажиллаж байгаа Н.Багабанди юу хийдэг нь тун бүрхэг. Харин ТУЗ-ийн төлөөлөл гэсэн нэрийн дор маш өндөр цалин авдаг ч харамсалтай нь Монголын талын идэвхтэй байр суурийг тэр илэрхийлж байсангүй.

Өнгөрсөн онд УИХ-ын чуулганаар Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтэд хийсэн ажлын хэсгийг тайланг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүд Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүд юу хийсэн талаар тодруулахад ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт  “ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар дээд байгууллага буюу “Эрдэнэс Монгол”-оосоо удирдамж авч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд Монголын талын өгөөж, хувь нийлүүлэгчдийн болон санхүүжилтийн зээлийн хүү, зардлын хэтрэлд анхаарал тавьж ажилласан. Бид Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийгээд, хөрөнгө оруулагчаа шалгаруулах ажлыг хийж байна.  Мөн алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар ажиллаж байна. Бэлтгэн нийлүүлэлтийг Монголын компаниудаар хийлгэхэд анхаарч байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтад оруулж байгаа хөрөнгө оруулалтын 80 хувийг Монголын компаниудад зарцуулж, тэднээс бараа бүтээгдэхүүн авч байгаа” гэсэн тайлбарыг өгч байв.

Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай доорх долоон чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлэлцээрийн ширээний ард суух  ажлын хэсэг   юуны түрүүнд ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөж  ТУЗ-ийн одоогийн гишүүдээс шинэ сонгон шалгаруулалтын дагуу шалгалт авах юм байна. Ялангуяа хэлний өндөр боловсролтой,  олон улсын мэргэжлийн эрх зүйч, банк санхүүгийн мэргэжлийн хүн байхаас гадна өмнө нь том төсөл удирдаж байсан зэрэг эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг голчилно.

Одоогийн ТУЗ-ийн гурван гишүүн дээрх шаардлагыг хангана гэдэг нь тун эргэлзээтэй. Үүнийг ч Л.Оюун-Эрдэнэ сайд битүүхэндээ илэрхийлж, "Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд бусад компанийн ТУЗ-тэй харьцуулахад мэргэжлийн ур чадвар хангалттай биш байна" гэдгийг  онцолсон. Тэд ямар шалгуураар ТУЗ-д очсон нь  тодорхой бус. “Оюутолгой”-н гэрээ, хөрөнгө оруулалт ашиг гээд  тулгамдсан олон асуудал яригдсаар байхад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн, төрийн тэргүүн байсан Н.Багабанди Оюутолгойн төслийн талаар ганц үг хэлж байсангүй.

Тэгэхээр ТУЗ-д очих хүнд тавигдах гол шалгуур нь мэргэжил, боловсрол, уул уурхайн өндөр мэдлэгтэй байхаас гадна Монголоо гэсэн чин сэтгэлтэй хүн очиж байж Монголын талын 34 хувиа хамгаална.

Одоогийн ТУЗ-ийн гишүүдийн боловсрол, ажлын туршлагыг нь шинжвэл,

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н. Багабанди:

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж, Улсын Их Хурлын анхны даргаар 1992 онд томилогдож Монгол Ардын Хувьсгалт Нам (одоогийн Монгол Ардын Нам) -ын даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2010 – 2013 онд Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байна. Н. Багабанди 1987 онд философийн ухааны дэд доктор эрдмийн зэргийг дүүргэж Украйн, Казахстан, Турк, Япон, АНУ зэрэг улсуудын нэр хүндтэй их дээд сургуулиудаас хүндэт доктор цол хүртсэн юм. 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд олон төрлийн ном зохиол, эрдмийн ажлууд туурвисан эрдэмтэн улс төрийн зүтгэлтэн гэжээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Түмэнцогт:

2018 оны зургадугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон 2016 оны есдүгээр сараас хойш “Эрдэнэс монгол” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байв. Үүнээс өмнө 2011-2016 онд Монгол дахь “Женерал электрик”-ийн Гүйцэтгэх захирал мөн Эрчим хүчний Сайдын Зөвлөх, Эрчим хүч зохицуулалтын комиссын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан. Тэрбээр цахилгааны инженер болон нийтийн удирдлагын мэргэжлээр тус тус магистрын зэрэг хамгаалсан. Ц.Түмэнцогт Монголын CEO клуб, Монголын бизнесийн зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж