Коби Брайантын хүчирхэг, үзэсгэлэнтэй эхнэр

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Коби Брайантын хүчирхэг, үзэсгэлэнтэй эхнэр

Коби Брайантын хүчирхэг, үзэсгэлэнтэй эхнэр

 “NEWS” агентлаг энэ удаагийн "ХҮМҮҮС"  буландаа Коби Брайантын гэр бүл, гайхалтай хайрын түүхийг өгүүлж байна. Алдарт сагсан бөмбөгч Коби Брайант, 13 настай охин Жианна болон өөр долоон хүний хамт өнгөрсөн Ням гаригт (2020.1.26) Калифорни хотноо нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар нас барсан билээ.


Коби Брайантын эхнэр Ванесса өнчирч үлдсэн гурван охиныхоо төлөө “хүчтэй байх гэж хичээж байна” хэмээн үгээ гүйцээж чадалгүй уйлчхав. Ванесса 18-хан настайгаасаа 20 жил ханилсан амьдралын ханиа бас 13 настай Жианна охиноо золгүй байдлаар алдсан юм. Түүний эргэн тойронд Кобигийн гэр бүл, найз нөхөд гээд тусалж дэмжих хүмүүс олон байгаа ч хэн ч нөхрийг нь орлохгүй. Гэсэн ч Ванесса гурван охиныхоо төлөө хүчтэй байх ёстой. Түүний том охин Наталиа 17 настай, гурав дахь охин Бианка нь гурван нас, бага охин Капри нь дөнгөж долоон сартай.

Коби сагсан бөмбөгийн домогт тоглогч гэдгээсээ гадна гэр бүлсэг хүн байсан бөгөөд аль болох эхнэр, охидтойгоо цагийг өнгөрөөх гэж хичээдэг нэгэн байжээ. Коби саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би энэ дэлхийд дөрвөн хөөрхөн охины эцэг гэдгээрээ хамгийн их бахархдаг. Энэ бол миний хамгийн том амжилт” хэмээн мэдэгдэж байв. Коби гэр бүлтэйгээ аль болох их цагийг өнгөрөөх л зорилгоор ажил, гэрийнхээ хоорондоо нисдэг тэргээр зорчих болжээ. Кобигийн гэр Оранж хотын Ньюпорт эргийн ойролцоо байдаг бол тоглох эсвэл бэлтгэл хийхийн тулд Лос-Анжелес хотын захад байх Стаплес төв рүү 45 орчим милл явж очдог байжээ. Тэрбээр автозамын түгжрээнд олон цаг саатаж, гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаас хугаслахыг хүсээгүй аж. Гэхдээ Коби хожмын өдрийг мэдсэн мэт хэзээ ч эхнэртэйгээ цугтаа нисэхгүй гэсэн гэрээг байгуулсан байжээ. Осолд ордог өдрөө Коби Санта-Ана дахь Жон Уайн нисэх буудлаас 78 миллийн зайтай байх Мамба академи руугаа нисч явсан аж.

ЗАЯАНЫ ХАНЬ

Ванесса 17 настай ахлах сургуулийн сурагч байхдаа Кобитой анх танилцсан. Тэрбээр 1999 онд Оранж гэх жижиг хотын ахлах сургуульд суралцаж байхдаа реппер “Snoop Dog” тэргүүтэй хэдэн дуучны хийж буй дууны клипэнд тоглох үедээ Кобитой танилцжээ. Тухайн үед Ванесса загвар өмсөгч, Коби 20 настай “NBA” буюу Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн гурван улиралд тоглож, алдаршиж эхлээд байв. Коби сагсан бөмбөгийнхөө хажуугаар дуу хөгжмийн карьер эхлүүлэх зорилготой байсан нь тэднийг учруулжээ. Харилцаа нь ч олны анхаарлыг татаж, хосуудын болзож буй зургийг дарахын тулд папарацци зурагчид Ванессагийн сургуулийн дээгүүр нисдэг тэрэгтэй эргэлддэг байжээ. Дээрх нөхцөл байдлаас болж Ванесса ахлах сургуулийнхаа төгсөлтийн үдэшлэгт ч оролцож чадаагүй аж.

Хосууд болзож эхлээд зургаан сарын дараа Ванессаг 18 нас хүрмэгц Коби гэрлэх санал тавьсан байна. Улмаар 2001 оны дөрөвдүгээр сард тэд цомхон боловч романтик байдлаар хуримын ёслол хийжээ. Харамсалтай нь, тухайн үед Кобигийн эцэг, эх тэдний харилцааг эсэргүүцэж байсан учраас хуримд нь оролцоогүй. Кобигийн эцэг, эх тэднийг хэтэрхий эрт гэрлэж байгаад санаа зовниж, хамгийн гол нь Ванессаг Ирланд гаралтай Мексик хүүхэн гэдэгт нь дургүй байжээ. Үүнээс болж Коби хоёр жил аавтайгаа таарамжгүй харилцаатай байсан аж. Коби саяхан эхнэртэйгээ анх танилцаж байсан үеийн зургаа инстаграмдаа оруулаад “20 жилийн өмнө энэ өдөр миний сайн найз, хатан @Ванесса Брайанттайгаа танилцсан юм. Би өнөө орой түүнийгээ Диснейлэнд дагуулан явж хуучин цагаа дурсахаар шийдлээ” хэмээн бичиж байв.

ТЭДНИЙ ХАЙР ЯМАР Ч БЭРХШЭЭЛЭЭС ИЛҮҮ ТОМ БАЙВ

Ванесса анхны охин Наталиаг төрүүлдэг жил 2003 онд Коби маш таагүй хэрэгт орооцолдсон юм. Түүнийг 19 настай эмэгтэй Колорадо мужийн Денвер хот дахь нэгэн зочид буудалд хүчирхийлсэн гэх хэргээр шүүхэд өгчээ. Тухайн үед Коби хэвлэлийн хурал зарлан тухайн эмэгтэйтэй харилцан тохиролцон бэлгийн харилцаанд орсон гэж мэдэгдсэн юм. Хэвлэлийн хуралд Ванесса оролцож, Кобигийн гарыг атган сууж байсан нь олны хайр, хүндэтгэлийг хүлээж байв. Хурлын үеэр Коби эхнэрийнхээ нүд рүү харан “Чи бол зүрхний минь нэг хэсэг, амьсгалах агаар, ар тал минь юм. Бас чи бол миний мэдэх хамгийн хүчтэй хүн. Чамайгаа бас гэр бүлээ ийм зүйлийг даван туулахад хүргэсэнд үнэхээр уучлаарай” хэмээн мэдэгдэж байв. Үүний дараа 19 настай эмэгтэй шүүхээс заргаа буцааснаар хэрэг намжжээ. Энэ хэргийн дараа Коби эхнэртээ дөрвөн сая ам.долларын өртөгтэй, найман каратын алмаазан бөгж бэлэглэснийг “Los Angeles Times” мэдээлжээ. Ванесса 2005 онд хоёр дахь хүүхдээ олсон ч үр зулбаж, үүнд Коби өөрийгөө ихэд буруутгасан байна. Тэрбээр хожим 2015 онд Оскарын шагнал хүртсэн “Showtime” баримтат кинондоо энэ тухай ярьж, хүчингийн хэргийн дуулиан нь Ванессаг хүүхдээ алдахад хүргэсэн гэж өөрийгөө буруутгаж байснаа дурсан ярьжээ.

Хосууд гэрлээд 10 жил болсны дараа 2011 онд Ванесса салах өргөдлөө өгсөн нь багагүй дуулиан дэгдээж байв. Тухайн үед хоёр дахь охин Жианна нь таван настай байжээ. Ванесса гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа хэвлэлийнхэнд “эвлэршгүй ялгаатай байдлаас” болсон гэж мэдэгджээ. Хэрэв хосууд салбал Кобигийн 150 сая ам.долларын хөрөнгийн тал хувийг Ванесса авах байв. Гэхдээ хосууд эвлэрч, 2013 онд салах өргөдлөө эргүүлэн авчээ. Ванесса 2016 онд гурав дахь охин Бианкаг төрүүлсэн. Мөн өнгөрсөн 2019 онд дөрөв дэх охин Капригаа өлгийдөн авсан юм. Коби Инстаграм цахим хуудсандаа эхнэр, охидынхоо зургийг тогтмол оруулдаг. Тэрбээр сүүлд өнгөрсөн зул сараар гэр бүлээрээ авхуулсан зургаа инстаграмдаа оруулжээ.

ГЭР БҮЛИЙН БУЯНЫ САН

Коби 2006 онд “VIVO” нэртэй буяны санг үүсгэн байгуулсан ба хожим Коби ба Ванесса Брайнт гэр бүлийн сан хэмээн нэрийг нь сольжээ. Тус санг АНУ төдийгүй гадны орны гэр бүл, залуусыг дэмжиж, спортоор хичээллэх боломжийг олгох зорилгоор байгуулжээ. Түүнчлэн тус сан нь 2011 оноос орон гэргүй хүүхдүүдэд туслах сантай хамтран ажиллаж эхэлсэн байна. Мөн “Хавдрын эсрэг босъё”, “Мөрөөдөлдөө хүр” гэх мэт сангуудыг дэмжин, хамтарч ажилладаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
236
ХарамсалтайХарамсалтай
91
ЗөвЗөв
15
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж