Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ шуурхай удирдлагын штабаас дөнгөж сая /2020.01.29/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, Халдвар судлалын үндэсний төвд нэгдүгээр сарын 9-өөс хойш хатгалгаа өвчний улмаас 50 иргэн вируслогийн шинжилгээнд хамрагдсан байна. Эдгээр 50 сорьцоос 27 сорьцод нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн бол таван сорьцод нь ямар нэгэн халдвар илрээгүй аж. Бусад шинжилгээний хариу удахгүй гарна гэлээ.
Энэ үеэр Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэдгийг яамнаас дахин санууллаа. Мөн өмнө нь шинэ коронавирусийн шинж тэмдэг илэрсэн буюу өндөр халуурсан хүмүүст шинжилгээ хийхэд ихэнх хариу сөрөг гарч үгүйсгэгдсэн гэдгийг онцолж байв. Шинжилгээний хариу нь томуугийн А хүрээний H3N2 вирус гэж гарч байгаа гэнэ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор бүх тандалт судалгааг хийж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 6 аймгийн 8 хилийн боомтоор нийт 1200 гаруй хүн орж ирсэн. Эдгээр бүх хүмүүст хилийн мэргэжлийн хяналттай хамтарч эрүүл мэндийн асуумж авч, үзлэг хийж нэвтрүүлсэн. Ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй. Шинжилгээний хариунууд түргэн шуурхай, найдвартай гарч байгаа учраас иргэд оношны баталгаажилтад эргэлзэх хэрэггүй” гэлээ. Иргэдийн дунд томуу, томуу төст өвчний улмаас амьсгалын замын өвчлөл нь ихэнхдээ уушгины хатгалгаагаар хүндэрдэг болохыг ЭМЯ-наас тодотгов. Энэ нь эрс тэс цаг уур амьсгалтай, агаарын бохирдолтой холбоотой аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ