Хар тамхи борлуулбал бүх насаар нь хорино

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Хар тамхи борлуулбал бүх насаар нь хорино

Хар тамхи борлуулбал бүх насаар нь хорино

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо жил бүр манай орны залуучууд дунд өсөн нэмэгдэж байгаа. Тэдний 80 гаруй хувь нь 16-35 насны залуучууд. Энэ онд бүртгэгдсэн хэргийн нийт холбогдогчдын 49 хувийг 19-25 насныхан, 43 хувийг 26-35, долоон хувийг 36-45, үлдсэн нэг хувийг 46-55 насныхан эзэлж байна. Мөн 2019 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой нийт 169 гэмт хэрэг гарчээ. Үүнд 294 холбогдогч шалгагдсан гэсэн тоон мэдээлэл байна.

Энэ нь хар тамхитай тэмцэх төрийн бодлогодоо шинэчлэл хийх болсныг сануулсан тоо баримт. Сүүлийн үед олны танил эрхмүүд ялангуяа урлаг, соёлын одод, бизнесмэний хүүхдүүд хар тамхины гэмт хэрэгт холбогдсон ч торгууль төлөх зэргээр хөнгөн шийтгэл хүлээх болсон нь нийгэмд буруу үлгэр дуурайлал болж байна.

Жишээг татвал ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-ны 00.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноож, Цагдан хорих 461-р ангид саатуулагдсан 28 хоногийг хасч, нэг жил 11 сар 2 хоног хорихоор болсон ч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн.

-Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудалд мансуурч байхад нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, баривчилсан.

"Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн хүү М.Мөнхтэнгэр хэд хоногийн өмнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах бодис хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан.  Тэрбээр  хэрэг гарах үед мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан хоёр төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олонд танигдсан залуу жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчлан саатуулж,  150 мянгаар торгожээ.

"Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаярыг хар тамхи хэрэглэж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр баривчилсан.  Түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэрбээр өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр зургаан сарын хорих ялаар шийтгүүлж байв.

Энэ мэтчилэн урлаг соёлынхон хар тамхины хэрэгт холбогддог ч тэдэнд ял, шийтгэл оногуулахгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээ авах эсвэл торгууль төдийгөөр шийтгэдэг нь өнөөдөр хар тамхины хэрэглээг улам бүр нэмэгдүүлж байна.

Хэдийгээр цаасан дээр бичсэнчлэн Эрүүгийн хуулийн 20.7.1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,

20.7.2-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Тэгвэл саяхан буюу энэ сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан Эрүүгийн хуульд "Хар тамхи улсын хилээр оруулж ирсэн бол  8-15 жилийн ялтай болгохын зэрэгцээ зохион байгуулалттай бүлэг этгээд буюу нийлүүлэгч ашиг хонжоо олох зорилгоор оруулж ирсэн бол бүх насаар нь хорих ял оногдуулахаар тусгасан. Энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй. Эдгээр этгээдийг илрүүлтлээ хууль хяналтын байгууллага мөрдөж, мөшгөнө гэсэн үг. Хар тамхийг хэрэглэсэн этгээд гэхээсээ илүү оруулж ирээд байгаа зохион байгуулалттай бүлэглэлтэй тэмцэх эрүүгийн хариуцлагыг чангатгасан.

 Дэлхийн улс орнуудын туршлагыг харахад хар тамхийг нийлүүлж, худалдан борлуулж тэндээс онц их хэмжээний ашиг олж байгаа гэмт бүлэглэлтэй хатуу тэмцэж тодорхой үр дүнд хүрсэн байдаг. Тухайлбал,

МАЛАЙЗ

Малайзад хар тамхи зарсан хүмүүсийг цаазаар авах ялаар шийтгэдэг. Харин хэрэглэсэн тохиолдолд торгуулж, хоригдож, эсвэл улсаас хөөх хүртэл арга хэмжээ авдаг.

ХЯТАД

Хятадад хар тамхи хэрэглэсэн бол Засгийн газрын мэдэлд хар тамхины нөхөн сэргээх эмчилгээнд хамрагддаг. Харин хар тамхи наймаалцах гэх мэт арай хүнд хэрэгт цаазын ял оноодог.

ВЬЕТНАМ

Вьетнамд хар тамхины гэмт хэргийг маш ноцтой авч үздэг. Хэрэв 600 граммаас их героинтэй баригдвал шууд цаазын ялтай.

ИРАН

Хөрш Афганистанд хар тамхи үйлдвэрлэгддэг тул Иранд хар тамхины хэрэглээ том асуудал. Хэрэв хар тамхи хэрэглээд баривчлагдсан бол  их хэмжээний торгууль, цаазын ял сонсох болно.

ТАЙЛАНД

Тайландад хар тамхины наймаа хийвэл цаазаар авдаг. Мансууруулах бодис хэрэглэвэл заавал нөхөн сэргээх эмчилгээ хийдэг.

ДУБАЙ

Дэлхийн бусад орнуудад хууль ёсны эрхтэй, жороор олгодог эм Дубайд шоронд орох шалтгаан болно. Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүст дөрвөн жилийн хорих ял оноож, дараа нь улсаас хөөх нь элбэг. Мансууруулах бодисын шинжилгээ эерэг гарвал биедээ хар тамхи агуулаагүй байсан ч баривчлагдана.

САУДЫН АРАБ

Саудын Арабт мансууруулах бодис зарах нь ихэнхдээ цаазын ялд унагадаг.  Согтууруулах ундаа, мансууруулах бодис  хэрэглэсэн бол өндөр торгууль, удаан хугацаагаар хорих, эсвэл цаазаар авах ялаар шийтгэдэг.

СИНГАПУР

Сингапурт биедээ мансууруулах бодис авч явбал хэмжээнээс үл хамааран хар тамхи зарсан, зарахыг завдсан хэмээгдэн баривчлагдана. Хэрвээ зарсан гэж үзвэл цаазаар авах ял оноох болно.

КАМБОЖ

Камбожид хар тамхи хадгалсан бол олон жилийн, эсвэл бүх насаар нь хорих ял оноодог. Өмнөд Азийн бусад орнуудаас ялгаатай нь Камбожид хар тамхины наймаанд цаазын  ял оногдуулдаггүй.

ИНДОНЕЗ

Индонез улс хар тамхины гэмт хэрэгт хатуу тэмцэг.  Хэрэв марихуан хэрэглээд баригдвал 20 жил хүртэл шоронд сууна. Бусад мансууруулах бодис дээр 12  жил хүртэл хорих ба зарсан тохиолдолд цаазаар авах ял оногдуулдаг.

ЛАОС

Хэрэв Лаост хар тамхи хэрэглэвэл 35,000 доллараар торгуулна. Хэрэв биедээ мансууруулах бодистой баригдвал 10 ба түүнээс дээш жил шоронд хоригдох болно.

ХОЙД СОЛОНГОС

Хойд Солонгост хар тамхи хэрэглээд баригдвал насаар нь хорих ял оногуулдаг. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбоо тогтоох ямар ч боломжгүй. АНУ-ын Засгийн газар ч хөндлөнгөөс оролцоход маш хэцүү.

ФИЛИППИН

Филиппинд хар тамхины наймаачдад цаазаар авах ял оноодог. Биедээ 10 граммаас илүү хар тамхитай байхад л наймаачин гэж тооцогдоно.

ТУРК

Турк улсад хар тамхи хадгалсан хэрэгт их хэмжээний торгууль, урт хугацааны хорих ял оноодог. Харин зарсан тохиолдолд  илүү хатуу шийтгэнэ.

КОЛУМБ

Хэрэв  Колумбад хар тамхи хэрэглэвэл маш чанга дэглэмтэй шоронд удаан хугацаагаар хоригдоно. Цагдаа нар өдөр бүр колумбын нисэх онгоцны буудалд олон тооны гадаадын иргэдийг баривчилдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж