Дани дахь БНХАУ-ын ЭСЯ Данийн өдөр тутмын сонинд гарсан зурагт ихэд бухимдан, уучлал гуйхыг шаарджээ.
Тус ЭСЯ-наас "Jyllands-Posten" өдөр тутмын сонин, зураач Ниельс Бо Божесен нар нэгдүгээр сарын 27-ны дугаарт гарсан коронавирустэй холбоотой нийтлэл дээрээ БНХАУ-ын төрийн далбааг гутаан доромжилсондоо бүх Хятад ард түмнээс уучлал гуйх ёстой" хэмээн үзэж байгаа аж.
БНХАУ-ын ЭСЯ "Ямар ч хүн чанар, сэтгэл зүрхгүй энэ үйлдэл иргэншсэн, соёлт нийгмийн хил хязгаарыг давж, хэвлэлийн ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хүний ухамсрын доройтлын туйлыг үзүүлж байна" хэмээн мэдээлжээ.
Өмнө нь тус сонин 2005 онд лалын ертөнцөд шуугиан тарьж асан Мухаммедийг доромжилсон өнгө аястай зураг нийтэлж, олны шүүмжлэлд өртөж байжээ.
Харин сонины эрхлэгч Жэкоб Ниброе энэхүү нийтлэлд шинэ коронавирус Хятадад үүссэн, нөхцөл байдал хэр байгаа талаар бичсэнээс биш БНХАУ-ыг доромжлох зорилгогүй учир уучлал гуйхаас татгалзаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр "Бид буруу зүйл хийгээгүй учир уучлал гуйхгүй. Бид болон бидний нийтлэл, зураг БНХАУ-ыг доромжлох зорилго агуулаагүй" хэмээн ярьжээ.
Мөн Данийн улс төрчид БНХАУ энгийн сонинд ийм их анхаарч, дарамт учруулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа аж. Жишээ нь, Консерватив намын удирдагч Сорен Пап Пулсен "Jyllands-Posten сониныг бүрэн дэмжиж байна" хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: REUTERS