Ном ба номтой холбоотой “аар саар” үзэгдэл | News.MN

Ном ба номтой холбоотой “аар саар” үзэгдэл

Ном ба номтой холбоотой “аар саар” үзэгдэл

Философийн ухааны доктор Б.Батчулуун

Ном. Ном бол хүн төрөлхтний хувьд гал, дугуй, нум сумаас дутахааргүй ач холбогдолтой ололт-нээлт мөн. Эдгээр ололт-нээлтийг ач холбогдлоор нь дэс дараалуулах тун хэцүү. Бүгд л тухай, тухайн үедээ хүмүүнийг хүн болоход шийдвэрлэх ач холбогдолтой байсан. Аль нэг нь байгаагүй бол Homo sapiens жинхэнэ утгаараа гарч ирэхгүй байлаа. Өнөөгийн компьютерын шинжлэх ухаан, нано-технологи зэргийг ач холбогдлоор нь дээрх нээлтүүдтэй харьцуулах юм бол “юу ч биш” хэмээн хэлж болно. Ийм аугаа үзэгдлүүдийн нэг болох номын тухай сэтгэгдлээ товч хуваалцъя.

Ном нь мэдлэгийг мэдлэг байдлаар хадгалан авч үлдэх ой санамж болсноороо хүмүүний аж төрлийг асар их хөнгөвчилжээ. Ном гарахаас өмнө хүн  ертөнцийн талаар танин мэдсэн мэдлэгээ өөрсдийн хийсэн багаж зэвсэг, эд өлгийн зүйлд шингээдэг байж. Гэтэл бусад нь тэдгээр багаж зэвсгээс хэрэгтэй мэдлэгээ яг таг олж авахад хүндрэлтэй байв. Өөрөөр хэлбэл, тэдгээр зүйлсийг ном уншдагтай адил “унших” бололцоо тэр бүр байдаггүй. Тэгвэл ном гарснаар чухам яг юу хэлэх гээд байгаагаа ярьж буй мэтээр үгээр үлдээх боломжтой болсон хэрэг.

Манай дэлхийн анхны хэвлэлийн газар болоод хэвлэх үйлдвэрийн эзэн хэмээн хэлж болохуйц хүн. Иоханнэс Гутенбэрг. Герман, 1397? – 1468 он

Ном хэвлэл. Юмс үзэгдэл өөрчлөгдөн хувирдаг жамаар ном ч хувьсаж өөрчлөгдөв. Ном арилжааны хэрэгсэл боллоо. Номд хэрэгтэй хэрэггүй, тэр ч бүү хэл хүмүүний эсрэг чиглэсэн “мэдлэг”, мэдээ, мэдээлэл хадгалагдах болов. ХХ зуунд номыг орлох эд зүйлс ч гарч ирлээ. Тэр бүхнийг тоочин бичих аргагүй.

Ном нь арилжааны хэрэгсэл болсноор сөрөг гэмээр үр дагавар ч багагүй гарах болсон. Мэдээж, номыг ашиг гэж харахдаа хариуцлагатай ажилладаг, ёстой бахдамаар сайхан хэвлэдэг компани, хэвлэлийн газар дэлхийд зөндөө байна. Ямар гоё хэвлэлүүд гээч. Харин манайд. Бид юмыг дандаа гутааж, оромддог. Ном хэвлэх гэж баллаж хаядаг газрууд Монголд мөн ч их байна. Ямар тэдэнтэй бүгдтэй нь харьцах биш. Харьцдаг болон харьцаж байсан газруудаасаа нэг л жишээ хэлье, хэвлэлийн “Нэпко” компани. Уг нь энэ компани хэвлэн гаргах номынхоо сонголт дээр гайгүй. Гэхдээ номд хэтэрхий хүндэтгэлгүй хандах юм.

Энэ компаниас гаргасан дэлхийн уран зохиолын түүхтэй холбоотой 2 боть номыг уншив. Нэгдүгээр ботийг нь харж дуусчихаад 2-р ботийг авч, гарчгаас нь эхэллээ. Гэтэл нэгдүгээр боть дээрх гарчиг яг тэр чигээрээ байж байх юм. Доторх нь болохоор гарчгаасаа өөр. 2-р ботио хэвлэхдээ 1-р ботийнхоо “Агуулгыг” тавиад хэвлэчихсэн байв. Мөн нэг залуугаар ном орчуулуулчихаад өөр хүний нэр тавиад хэвлэчихсэн гэнэ лээ. Тэрээр хэлэхдээ 70-80%-ийг орчуулсан гэж байсан. Миний хувьд ч гэсэн энэ компанитай холбоотой асуудлууд гарч л байлаа. Орчуулсан номыг минь хэвлэхдээ англиас орчуулсныг оросоос гээд гаргачихдаг юм. За энэ ч яах вэ, би гэдэг хүн олон хэлнээс орчуулга хийдэг “мундаг хүн” болж харагдах юм байгаа биз. “Нэпко”-гийнхон сүүлдээ бүр амар болсон байна лээ. Аль хэлнээс хөрвүүлснийг тавихаа болиод, ердөө  “Орчуулсан …” гээд гаргачихдаг болсон. Франц, герман, итали, орос, англи хэлний алинаас орчуулсан юм, бүү мэд. Ийм бүдүүлэг, соёлгүй юм гэж байх уу даа. Энд нэг муу явган заль яваад байна уу гэж би харддаг. Англи, франц, герман зохиогчийн номыг оросоос дам орчуулчихаад аль хэлнээс гэж тавихаа мэдэхээ болихоороо “Орчуулсан …” гээд тавиад байх шиг байна уу даа гэж. Нэгэнт л англи, франц, герман хэлнээс орчуулаагүй байж “Англи, франц, герман хэлнээс орчуулсан” гэлтэй биш, “Орос хэлнээс  орчуулсан …” гэж тавих гэхээр номыг зохиогчийн нэр илт франц, герман нэр байдаг, дээр нь “эх хэлнээс нь орчуулчихгүй яасан юм бол” гэсэн шүүмжлэлт бодол хүмүүст төрнө гэдгийг тааварлаа биз. Тэгээд ийм “явуургүй арга” хэрэглэдэг болов уу. Явуургүй, жижиг сажиг заль, алдаанаасаа эртхэн салах хэрэгтэй. Байгууллагынх нь соёлд хэрэгтэй.

Миний хувьд, ном хэвлүүлж, гаргах талаар олон ч компани, хувь хүмүүстэй харьцаж байлаа. Ямар ч хэвлэлийн компани, хэчнээн тооцоотой, “нарийн” ч гэсэн хэвлэсэн номоосоо орчуулагч нартаа хэдэн хувийг өгдөг дөө. Зарим нь сайн хэвлэсэн, үнэтэй номоосоо боодлоор нь ч өгдөг. Харин “Нэпко” байдаггүй шүү, энэ компаниас боодлоор нь авах гээгүй л дээ. Гэхдээ нэг хувийг ч өгөхгүй байгаа нь л арай хэтэрхий … Жилийн өмнө нэг арга хэмжээн дээр энэ байгууллагын нэгэн хариуцлагатантай нь таарч, энэ тухай хэлсэнд нэг хувийг хүнээр өгч явуулсан юмдаг (тэр үед би дэлгүүрээс худалдаад авчихсан байсан л даа).

Энэ мэтчилэн энэ компаниас гаргасан номуудын хувьд аар саар дутагдал тоочвол нэлээд зүйл гарах шинжтэй, зарим номоо гайгүй хэвлэсэн байх юм, ер нь хоёр гараар ажилладаг бололтой. Энэ бүхнийг орхиё. Товчдоо, номд хүндэтгэлтэй хандаж, соёлтой гаргах хэрэгтэй. Дээр дурдсан болон дурдаагүй олон алдаа мадгийг хараад байхад номыг зүгээр л мөнгө гэж хардгаас болж байгаа юм. Олон хувиар хурдхан шиг хэвлэж гаргаад, түргэхэн борлуулж, баахан мөнгө хийх гэснээс дээрх алдаанууд гараад байна. Тэр номд редактор гэж нэрээ тавиулсан нөхөд ажлаа огт хийдэггүй л байхгүй юү! Номд ингэж хайхрамжгүй, хэнэггүй хандмааргүй байна санж. Монголчууд бид ажилдаа эзэн болж, хариуцлагатай байж сурах цаг болсон доо. Тэгж ажиллаж, амьдрахыг шаарддаг нийгэмд шилжээд 30-аад жил болчихлоо шүү дээ.

Номтой ажиллаж, ном орчуулах, ном хэвлүүлэх явцад бага сага алдаа гардаг л юм. Гэхдээ иймэрхүү бүдүүлэг, “элементар” алдаанууд бол хэтэрхий хэнэггүй байдлын илрэл.

Ер нь, ном орчуулж, хэвлүүлэх талаар хүмүүстэй ажиллахад төвөгтэй болжээ. Миний хувьд 2008 онд “Алтан тариа” компанийн захиалгаар Айн Рэндийн "Эх сурвалж" романыг англи хэлнээс орчуулсан юм. Одоо лав 3 дахь удаагийн монгол хэвлэл гарсан байх. Гэтэл нөгөөдүүл чинь 3 дахь монгол хэвлэлээ гаргахдаа засвар хийдэг, гэхдээ зөв орчуулсан зүйлийг минь буруу болгож, засаад хаячихдаг байна шүү. Зөвийг буруу болгосон хэдэн ноцтой “засвараас” одоо санаанд байгаа нь архитектор гэж орчуулсныг бараг бүгдийг нь архитектур гээд засчихсан байв. Ядахад, энэ номд энэ хоёр үг өчнөөн олон давтагдсаныг хэлэх үү. Хоёр өөр утга илэрхийлдэг үгнүүд шүү дээ. Нэг нь мэргэжил, нөгөө нь тэр мэргэжлийг эзэмшсэн хүн!!! Мэдэхгүй мөртлөө хүний юманд хамаагүй гар хүрдгээ болимоор юм. “Мэдэхгүйгээ мэдэхгүй” байгаа хэрэг шүү дээ (Мэдэхгүйгээ гадарладаг бол арай хашир зан гаргаж, орчуулагчаас нь асууж, зөвлөх байхгүй юү!) За тэгээд “мэдэхгүйгээ мэднэ” гэдэг бол нэлээд ухаантай, боловсорсон, ө.х. мэдлэгтэй болсон хүний амнаас гардаг үг юм байх аа даа. Ер нь, хүн “би бүхнийг мэдэж байна, даан ч миний мэдэж байгааг хүмүүс мэдэхгүй юм ” гэсэн бодолтой байдаг юм гэсэн. Сократ чухам Сократ болсон үедээ “Би юу ч мэдэхгүйгээ мэдэж байна” гэж хэлсэн юм гэнэ лээ.

Architect гэдгийг архитектор, architecture гэдгийг архитектур гэж буулгасан юм. Анх орчуулж байх үедээ “уран барилгач”, “уран барилга” гээд явж байсан л даа. Орчуулгынхаа явцад  Техникийн Их сургуулийн мэргэжлийн багштай уулзаад ярьсан чинь “тэгтлээ монголчлоод хэрэггүй дээ, ‘архитектор’, ‘архитектур’ гээд явчихад болно” гэсэн юм. Би ч түүний санааг ойлгож, зөвшөөрсөн. Ер нь математик гэдгийг “тооны ухаан”, химийг “хувилахуй ухаан”, физикийг “бодис зүй”, логикийг “учир зүй”, философийг “гүн ухаан” гэх мэтчилэн монголчлоод байхад тухайн мэргэжлийн хүмүүс нь тийм дуртай байдаггүй шүү дээ. Эртний латин, грек гаралтай үгийг орчуулах хэрэггүй. Тэр латин, грек нэр томьёонууд ямагт үндсэн утгаа зөөж байдаг. Дэлхий нийтээрээ л эртний латин, грек нэр томьёо хэрэглэж байна. Эртний грек, латин хэл бол одоо аль нэг улсын хэл биш, шинжлэх ухааны хэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг биз дээ.

"Эх сурвалж"-ийн 3 дахь хэвлэлийг одоо уншиж  буй хүмүүсээс би санаа зовоод байдаг юм (2 дахь удаагийн монгол хэвлэл дээр яасныг бүү мэд). "Эх сурвалж" дээр өөрийнх нь бүтээлийг зэрэмдэглээд хаячихсанаас болж бүтээгч (Роарк) нь уг бүтээлээ дэлбэлээд хаячихсан тухай гардаг. Нэгэнт хэвлэгдээд худалдаанд гаргачихсан номыг яалтай билээ. Тэгээд ч энэ бүтээл ямар Роаркийн зэрэмдлэгдсэн барилга биш. Би ямар Роарк биш. Тиймээс, хүмүүс минь хэрэв олдвол анхны хэвлэлийг нь уншаарай гэж л захихаас!

Ном нь хэрэггүй хүндээ хэрэггүй зүйл. Эргээд үндсэн сэдэв рүүгээ ороход, ном нь хэрэгтэй хүндээ хэрэгтэй, хэрэггүй хүндээ хэрэггүй зүйл. Монголчуудын хэлдгээр “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” зүйл. Ном бол номыг хоосон шүтдэг, амьдралдаа хэрэг болгодоггүй, боож баринтаглаад гоёо болгодог, гэрийнхээ тавилга, эд хэрэгслийн нэг хэсэг болгодог, номыг зөвхөн баяраар хүнд өгөх бэлэг дурсгал гэж боддог хүмүүст хэрэггүй эд. Ном уншаад үндсэн утга санааг нь авч чаддаггүй, утгыг нь өөрийн хүссэнээр тайлбарладаг, ном уншихдаа төөрөөд явчих юм уу санааг нь яг эсрэгээр ойлгодог, бусдад гүн гүнзгий утгатай ном уншсан болж харагдах гэж хуудсыг эргүүлдэг хүмүүст бүр ч хэрэггүй эд. Италийн эрдэмтэн, яруу найрагч, хүмүүнлэг үзэлтэн Жиованни Боккаччио (1313-1375 он) ном гэдэг зүйл бий болсноор “Ухаантай нэг нь улам ухаажиж, мунхаг нэг нь улам мунхарсан” хэмээсэн нь үнэхээрийн үнэн.

Номны тухайд хамгийн эгдүүцэм боловч үнэн үг хэлсэн сэтгэгч Жованни Боккаччио, Италийн зохиолч, Сэргэн мандалтын үеийн хүмүүнлэг үзэлтэн, “Декамерон”-ыг зохиогч. 1313-1375 он

Хүн ер нь, номон далайгаас өөрт заяасан “савны хэмжээгээр хутгадаг” юм байна лээ. Учиргүй их уншдаг, тэгсэн атлаа ерөөс гэгээрдэггүй (үндсэн утгыг авч чаддаггүй, ихэвчлэн буруу ойлгочихсон байдаг) хүмүүс байдаг л юм, 1980-аад оны дунд үед МУИС-ийн бидний хэдэн залуу багш нар тийм хүмүүсийг  хараад “нар хэзээ ч тусдаггүй зүүн хойшоо харсан нүх шиг” хэмээн өөр хоорондоо элэглэдэг байж билээ.

Уг нь, сайн ном бол хүнд туйлын хэрэгтэй зүйл мөнөөсөө мөн. Хүн бүрийн мэддэг нэг үг байдаг даа. Горькийг хэлсэн гэдэг юм билээ: “Ном бол ертөнцийг харах цонх” гэж. Үүнийг бага зэрэг гуйвуулаад “ном бол юмс, үзэгдлийн мөн чанарт нэвтрэх түлхүүр”, “мэдэхгүйгээ мэдэх зэвсэг”, “танин мэдэхүйн үндэс болсон эргэлзээг бий болгогч” гээд хэлчихэд болно. “Ном бол ярьдаггүй багш, багш бол ярьдаг ном”.

Хүний оюун санаанд нөлөөлөх маш хүчтэй зэвсэг бол ном. Тийм ч учраас Германд байсан фашист, Зөвлөлт, Монголд байсан коммунист нийгэмд эрүүл сэтгэдэг хүмүүст хэрэгтэй номыг шатаадаг байжээ. 1930-аад онд З.Фройдын номуудыг Гитлерийн Германд шатааж эхэлснийг Англид зугтаж гараад байсан их сэтгэгч маань сонсоод “Хүн төрөлхтөн их дэвшилд хүрчээ. Дундад зууны үед зохиогчийг нь шатаадаг байсан бол одоо бүтээлийг нь шатаадаг болжээ” хэмээн егөөдсөн байдаг.

Фашистууд 1930-аад онд Альберт Эйнштейн, Томас Манн, Зигмунд Фройд зэрэг олон сэтгэгчийн бүтээлийг шатаасан юм.

Дээр цухас хэлсэнчлэн хэрэггүй номууд ч их бий. Жишээ нь, одоо Монголд ном бичдэггүй хүн гэж алга. Ном бичих нэгэн төрлийн моод дэлгэрээд байгаа юм уу гэлтэй. Дуртай бөгөөд мөнгөтэй нь ном бичиж, хэвлүүлж байна. Өөрийн болон өөрсдийнхнийхөө зургийг том, томоор тавьж байгаад өөрийгөө эцэг эхээ, үр хүүхдээ “бурхан” болгодог моод.

Номын дэлгүүрүүдийн гүйлгээ баяр болохоор ихэсдэг гэсэн. Хүмүүс бэлгээ бэлдэж байгаа хэрэг. Манай номын дэлгүүрүүдэд "Яаж саятан болох вэ?", "Яаж хөөрхөн болох вэ?", "Амжилтын үндэс", "Бусдыг өөртөө татах увдис" гэх шиг номууд хамгийн их гүйлгээтэй байдаг юм гэсэн, ялангуяа баяраар. Энэ бол бас л манай соёлын хэм хэмжээ.

Номын сан. Номын тухай ярьж болохоор номын сангийн тухай хэдэн үг хавчуулчихъя. Миний хувьд голдуу Барууны гэж ярьдаг 15 орчим Их сургууль дээр очиж үзсэнээс таван Их сургуульд нь нэг сараас 2 жил хүртэл хугацаагаар ажиллаж байв. Ажиллахаар очсон сургуулиуд өрөө, тасалгаа гаргаж өгдөг л юм. Гэхдээ номын санд өнжих нь хамаагүй сайхан бөгөөд өгөөжтэй байдаг. Номын санд, орчин тойрны маань бүх хүн ижил сонирхолтой, амьдралын хэв маяг адил, бүгд “ойролцоо долгион” дээр ажилладаг учраас ойлголцоход амар байдаг. Энд суугаа хүмүүсийн бахархдаг, хүсдэг, шүтдэг, жигшдэг зүйл төстэйдүү. Мэдээж яг ижил биш л дээ, тийм байх ч боломжгүй. Тэгэхээр нэг л таатай, чөлөөтэй орчин, жаахан ядрах юм уу залхуу хүрсэн үедээ хийж буй зүйлээ хойш тавьчихаад тэнд буй профессор, оюутнуудыг ажигласан шигээ суух, эсвэл цайны өрөөнд очиж хэн нэгэнтэй нь өөрийн болон тэдний улс орны тухай, эсвэл мэргэжлийнхээ талаар сонин сайхан яриа дэлгэн суух, сайхан шүү.

Одоо зарим залуус болон псевдо-сэхээтнүүд номын сангийн хэрэг алга, бүх зүйл интернэтэд байна, түүнээс бүгдийг мэдээд авчихна гэж ярьдаг гэнэ лээ. Ёстой номын санд суудаггүй, номын санг ашиглаж үзээгүй хүмүүсийн яриа. Миний хувьд "Софист" (Платон), "Засаглалын тухай хоёр шашдир" (Локк), "Философийн зарчмууд" (Декарт), "Анархи ёс, төр, утопи" (Нозик) гэсэн ланжгар бүтээлийг компьютер дээр уншиж, ойлгоод эзэмшчихнэ гэж даан ч төсөөлөгдөхгүй байна. Иймэрхүү бүтээлүүдтэй ном хэлбэрээр харьцаж таарна. Хаа ч явсан биедээ авч явж, дахин дахин уншиж, зурж тэмдэглэж, тодруулж байж л эдгээр бүтээлийг “эмтэлнэ” шүү дээ.

Дашрамд хэлэхэд, Барууны зарим Их сургуульд бакалавраар сурч буй оюутнуудын дунд “Номын сангийн 7 хоног, 2 долоо хоног, 1 сар” гээд байдаг. Оюутнууд хичээлд явахгүй, зөвхөн номын санд профессоруудын даалгаварт өгсөн номуудын “цаана гарах” гэж суудаг. Оюутнууд “номын сангийн сар”-даа нэг их дуртай биш. Учир нь, профессорууд сүүлд нь шалгах шиг болж, ёстой шүүсийг нь шахдаг учраас тэгдэг байх.

Номын санг “Их сургуулийн тархины цусан хангамжийн төв” гэсэн ч хэллэг бий. Англи, Герман, Энэтхэг, Швед, Төв Европын Их сургуулийн номын санд сууж байлаа. Аа тийм, 1980-аад оны сүүлчээр Москва дахь Лениний номын сан, МГУ-ийн (Москвагийн Их сургуулийн) Философийн факультетын номын санд сууж байв. Хамгийн тохилог номын санг Шведэд харсан. Юпсалагийн Их сургуулийн Төв номын сан. Төмөр тахтай бахиалтай бүжиглэсэн ч дуу чимээ гарахааргүй зузаан хивстэй. Цай, элсэн чихэр үнэгүй, сууж амрах өрөө, энэ тэр гээд. Хамгийн гол нь номын баяжилт, шинэ номын бүрдүүлэлт нь гайхамшигтай.

 Юпсалагийн Их сургуулийн Төв номын сангийн гадна болон дотор тал

Интернэтээс харсан номоо маргааш нь очоод эрэхэд байж л байна. Номын санд үйлчлэгч гээд байх хүн бараг харагдахгүй, уншигч өөрөө номын сангийн дүрмээр учрыг нь олоод үйлчлүүлэх ёстой. Үйлчлэгч байхгүй гэдгийг тодорхой утгаар ойлгоорой. Ажилтнууд нь шөнө ажиллаж, уншигчдын хэрэглэсэн номыг буцаагаад байрлуулчихдаг шиг байгаа юм. Хэрэв уншигч маргааш нь уг номоо дахин хэрэглэх бол “Энэ номд бүү хүрээрэй, маргааш хэрэглэнэ. Баярлалаа” гээд цаасан дээр бичээд тавьчхад л болно.

Гэтэл манайх, улсдаа ганц Төв номын сангийн  байгаа царай!!! Албан ёсны нэр нь Монгол Улсын Үндэсний Номын Сан, бидний үеийнхний хэлж заншсанаар “Сталины номын сан”. Энэ номын сангийн ажиллагсад “гайхамшигтай” харьцаатай. Гэрт нь очоод юм гуйж байгаа юм шиг аашилна шүү дээ. Дарга нь гээд хэзээний нэг нам дагасан шүлэгч очоод суучихсан байх.

Энэ номын сан бол сайд, дарга нар болон гадны зочдод үзүүлдэг хуучин номын музей, хэдэн шүлэгч болон дарга нарын ёслолын арга хэмжээ явуулдаг газар. Ном бүрдүүлэлт, тэр тусмаа гадны зохиогчдын ном бүрдүүлэлт үнэхээр муу, жинхэнэ утгаараа номын сан биш. Манай Төв номын сан хуучны ном, судрын  үзэсгэлэн-музей, архив шиг байгаа юм. Тэнд номын сан гэдгийг жинхэнэ утгаар нь мэддэггүй улс төрчид хааяа сүртэй нь аргагүй зочлох бөгөөд тэгэхэд нь номын сангийнхан хэн ч уншиж, хэрэглэдэггүй хэдэн судраа үзүүлж, “Энэ судар төддүгээр зууных, алт, мөнгө, есөн эрдэнээр бичсэн, ийм тийм торго яндраар боолттой” гэсэн сайхан юм ярьж, толгойг нь эргүүлж байгаад гаргачихдаг. Тиймэрхүү алт мөнгөөр гоёж чимсэн, хүн уншиж, хэрэглэж болдоггүй тахилга, чимэглэл шиг зүйл музейд л байх ёстой шүү дээ. Дашрамд хэлэхэд, гадны Их сургууль болон улс, хотын номын санд улстөрчид баахан харуул хамгаалалт болчихсон очдоггүй, энгийн маягаар очихдоо сууж буй хүмүүст саад болохгүй, уншигчдынхаа хийж буй ажлыг тасалдуулахгүй гэдгийг баттай мэдэж байна. Манай эрх мэдэлтнүүд л хаа явсан газраа ингэж маяглаж, хоосон дүр үзүүлж байдаг. Номын сан гэдэг чинь улстөрчдийн амьдардаг газраас тэс өөр ёс журам, ёс суртахуунтай газар, тэнд сууж буй хүмүүсийн ихэнх нь эрх мэдэлтнүүдээс шал өөрөөр аж төрдөг улс байдаг байхгүй юү. Тэр тусмаа манай Төв номын сан бол эрх мэдэлтнүүдтэй өөр өөрсдийн аргаар “үзэлцэж”, үүнийхээ улмаас тэдэнд насаараа ад үзэгдсээр ирсэн Ринчен Бямбаев, Цэндийн Дамдинсүрэн, “Хөдөөгийн” Пэрлээ, академич  Шагдаржавын Нацагдорж (энэ хүнийг академич хэмээн жинхэнэ утгаар нь хэлж болно. Одоогийн “академич” нэртнүүдтэй адилгүй) гэсэн “аваргуудын” ажиллаж, амьдралаа залгуулж байсан газар шүү дээ. Эдгээр буурлыг энэ номын сангийн “Э/ш заалаар” (өнөөгийнхөөр бол “Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимаар”) үйлчлүүлээд орж, гарч байхыг нь нэг бус удаа харж байлаа. Нацагдорж гуай тогтмолдуу суудаг сан. Хүндэтгэж явдаг эрдэмтдээс Ш.Гаадамба гуайтай номын санд таарч байсангүй, харин МУИС дээр бол байнга л тааралдана.

Тэр үед Төв Номын сангийн үйлчилгээ одоогийнхоос хавьгүй сайн байсан юм. 1987-88 оны хавьцаа Төв номын сангаар дамжуулаад ховор, олдохгүй номоо Лениний номын сангаас микрофишээр авчруулж болдог байлаа шүү дээ. Миний хувьд Фройдын хүй нэгдлийн нийгмийн психологитой холбоотой нэгэн номыг  микрофишээр авчруулж тусгай аппарат дээр уншиж байснаа санаж байна. Ном солилцоогоор ч ном авчруулж болдог байсан байсан. Тэгвэл одоо  Вашингтон дахь Конгрессын номын сан юм уу Берлиний Нийтийн Номын сангаас ийм, тийм ном авчраад өгөөч гэвэл яах бол …

Эдгээр мундагчуудын ихэнх нь Төв номын санг бараг Судар бичгийн Хүрээлэн байх үеэс ашиглаж, үйлчлүүлж ирсэн байдаг.

Манайхан “Номын сан” гэхээр нэг гоё сайхан барилга бодох юм. Миний мэдэхийн Техникийн Их сургууль, дараа нь УБИС, тэгээд МУИС гоё сайхан барилга босгож авсан. Одоо Төв номын сан бүр ч гоё барилгатай болох юм гэнэ лээ. Барилга яах вэ, та минь! Гол нь ном, ном, ном!!! Жинхэнэ уншигч, үйлчлүүлэгч нарт Simon & Schuster, Oxford University Press, Cambridge University Press, Penguin Random House, Macmillan Publishers, Dorling Kindersley-гээс сүүлийн үед гарч байгаа ном хэрэгтэй байна. Ядахад “Монсудар”, “Нэпко”-гоос гаргаж буй танин мэдэхүйн ач холбогдолтой номуудаас цөөн ч гэсэн хувиар аваад байж болмоор. Уг нь 2015 оны үед батлагдсан “Номын сангийн тухай” хуулиар ном гаргаж буй хэвлэлийн газар, компани, хувь хүмүүс  номоо хэвлэлээс гарснаас хойш 30 хоногийн дотор 2-5 ширхгийг энэ номын санд үнэгүй өгөх ёстой юм гэсэн. Түүнийгээ хэрэгжүүлдэг нь даан ч байхгүй юм шиг байна.

Би Төв номын сангаар (УННС) 40 гаруй жил үйлчлүүллээ, зовлон, жаргалыг нь гадарлана. Улс орны төсөв, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал байдаг л байх, гэвч өөрсдөөс нь шалтгаалж буй дутагдал маш их харагдах юм.

Харин “УБ хотын номын сан” чинь ном бүрдүүлэлт тийм сайнгүй хэрнээ (энэ талаар Монголын аль ч номын сан адилхан даа) үйлчилгээний соёл харьцангуй сайтай, уншигчдадаа чөлөөт үйлчилгээ үзүүлчихдэг байгууллага болоод байх шиг. Ядахад, энэ номын санд ном эрж хайж, шүүж, тэр номоо авч, үйлчлүүлэхэд хүртэл хялбар бөгөөд амар байдаг. Энэ номын санд Америкийн соёл мэдээллийн Төв гэсэн жижиг танхим бий. Тэнд харин англи хэл дээр хүүхэд залуучуудад хэрэгтэй “хөнгөн чанарын” боловч аятайхан номнууд харагдана лээ. “УБ хотын номын сангийн” ажилтнууд нь ч арай эелдэг харьцаатай. Тийм ч учраас энэ номын сан Төв номын сантай ойролцоо ажилтан, бага төсөвтэй хэрнээ илүү олон уншигч, үйлчлүүлэгчтэй байдаг буй за.

Дараагийн нийтлэлд манай дээд боловсролын доройтол, Их, дээд сургууль, ШУА дахь зарим “шог хошин үзэгдэл”, ой тогтоолтыг сэтгэх чадвар гэж андуурдаг тухай, бид гадаад хэлийг хэр төвшинд эзэмшдэг, пессимизм хийгээд оптимизм, ардчилал ба фанатизм гэсэн үзэгдлийн тухай өгүүлэх болно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

shivegch 2020-01-30 192.89.97.1

Orchuulga gesnees bas l amargui ajil shu. Yamar saindaa l Don Quixote-n Cervantes orchuulga unshina gedeg "… Flemish hivsiig ar talaas ni harj bga yum shig…" gej helsen baihav. Hee durs ni budag badag haragdaad baigaa hirnee hezee ch ongon tal shigee tod goy haragdahgui gesen utgatai boluu. Manai zarim orchuulga uneheer muu, gehde "shalgarliin" huuliar muu ni martagdaad, sain ni tunaj uldeh bizee.

Avatar

Иргэн 2020-01-30 202.21.96.212

ухаарал хайрлачлаа

Avatar

зочин 2020-01-30 192.82.64.248

дараагийн нийтлэлийг хүлээж байгаад унших болно, эдгээр нийтлэлээ өдрийн сонин ч юмуу хэвлэлд өгвөл арай олон хүн унших болов уу, энэ бичигдэж байгаа алдаатай, болохгүй байгаа зүйлсийг яаж засах арга замуудыг дурдаж өгвөл…, даан ч нөгөө хэрэгжүүлэгчид нь уншихгүй байхдаа

Avatar

зочин 2020-01-30 192.82.64.248

нэпког зөвхөн муулаагүй, манайдаа байгаа хамгийн сайн хэвлэх, тэхдээ ийм дутагдлууд байна гэдгийг сануулж гэж ойлголоо, ер нь яг л ийм байгаашдээ, яаж ийгээд засаад явбал, залуу үе буюу бидний ирээдүйд маш хэрэгтэй, даан ч тэгэж өөрчилж чадах болов уу?

Avatar

bold 2020-01-30 66.181.161.23

mash zeb

Avatar

Үнэн үг ... 2020-01-30 103.26.194.43

Яг л ийм байгаа шүү дээ. Одоо тэгээд "Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй" гэгчээр Төв номын сангийнхан, Нэпкогийнхон хараасан сэтгэгдлээ урсгаж өгөх байлгүй

Avatar

Зочин 2020-01-30 192.82.68.190

Ichinhorloo mash ineedteI bichdeg

Avatar

Судлаач 2020-01-30 66.181.188.162

Төсөл дээр юу ч хийж чадахгүй бас тайлангаа өөрөө бичихгүй их сургуулийн доктор захирлууд удирдагч болоод улмаар төсөл дуусах үед баахан танихгүй гайхмаар хүмүүсийн нэр тавих жишээтэй Яг хамаг ажлыг хийсэн судлаач эрдэмтэд нь гутрах юм тохиолдоно. Номонд нэрээ оруулах л зорилготой Ийм хүмүүст бурхан яаж хандах бол?

Avatar

Зочин 2020-01-30 103.57.95.151

яг үнэн ялангуяа тэр б**с долоогч долоолгуулагч нарын тухай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж