Э.Амарбаясгалан: Хөрөнгийн бирж маш цөөхөн “бараа”-тай байна

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Э.Амарбаясгалан: Хөрөнгийн бирж маш цөөхөн “бараа”-тай байна

Э.Амарбаясгалан: Хөрөнгийн бирж маш цөөхөн “бараа”-тай байна

“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалантай ярилцлаа.


-ЗАСГИЙН ГАЗАР МАШ ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ. УЛС ТӨРИЙН ЭРСДЭЛ БАЙХ ЁСГҮЙ-

-Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлвийн талаар ярилцлагаа эхлүүлье?

-Манай хөрөнгийн зах зээл дөнгөж хөгжиж эхэлж байна. Урд нь буюу 2011, 2012 онд нэлээн үсрэнгүй хөгжиж байсан. Шалтгаан нь гадаадын сангууд орж ирж, Монголын хөрөнгийн биржээс нэлээд хувьцаанууд авсан. Манайх жижиг зах зээл учраас нэгийг нь аваад эхлэхээр үнэ нь хөөрөгдөөд явчихдаг. Үнэ нь өсөхдөө амархан. Тухайн үед Оюутолгойн бүтээн байгуулалт нэлээн сайн явагдаж, манай эдийн засаг 17.5 хувиар өссөн шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагч нар хамгийн хурдан хөгжиж буй зах зээл рүү л орж ирэхийг хүсдэг. Тэр үед бараг хийсэн бизнес болгон ашигтай болж, буруу юм хийх боломжгүй байсан үе. Тэрнээс хойш гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. 2011, 2012 онд халж байсан хөрөнгийн зах зээл маань унаад, 2014 онд зогсонги байдалд орсон байхад Эрчим бонд, дараа нь “Сүү” бонд гарсан нь зах зээлийг эргүүлэхэд нөлөөлсөн. Тэгээд IPO-нууд гарч эхэлсэн. Тэднээс “Лэнд”-ийн IPO олон хүмүүсийг догдлуулж чадсан. Хөрөнгө оруулагч талаас IPO авбал ашигтай юм байна гэж ойлгосон. Хөрөнгө босгож буй талаас жижиг компанийн IPO гаргаж, нэг удаагийн зардлаар маш их хөрөнгө босгох боломжтой гэж харсан. Тэгээд IPO-нууд ар араасаа гарч эхэлсэн. Сүүл рүүгээ нэлээн өндөр үнэлгээтэй болсон л доо. Ганц, хоёр зуун сая төгрөгийн ашигтай компани л шууд 20 тэрбумын үнэлгээтэй IPO гаргадаг болсон. Тэгэхээр асар үнэтэй болчихож байгаа юм. Хөрөнгө оруулагч талдаа ашиг хийх зай үлдэхгүй болчихсон учраас унаж эхэлсэн. Суурь үнэлгээнээс гадна хувьцааны үнэ авах, зарах эрэлт нийлүүлэлт дээр тогтдог. Манайх нэг талаасаа нийлүүлээд байдаг, нөгөө талаас авах хүн нь байдаггүй.

-Авдаг хүмүүс нь?

-Манайд ихэвчлэн хувь хүмүүс авч байгаа. Хөгжсөн зах зээл дээр хэн авдаг вэ гэхээр урт хугацааны тоглогч нар буюу институцийн хөрөнгө оруулагч байгууллагууд байдаг. Тэр байгууллагын хөрөнгө оруулалт одоохондоо Монголд хөгжиж амжаагүй байна. Түүнд нь даатгалын компаниуд, амь насны даатгалын компаниуд, банкууд, хөрөнгө оруулалтын сангууд, тэтгэврийн сангууд байдаг. Байгууллагын хөрөнгө оруулагч нар хөгжөөд эхэлбэл манай хөрөнгийн зах зээл дараагийн шатандаа орно. Одоо бол хөгжих шатандаа явж байна гэж хэлж болно. Бас нэг асуудал нь, хөрөнгийн биржийг дэлгүүр гэж харвал маш цөөхөн бараатай байна. 200 гаруй компани бүртгэлтэй гэж ярьдаг боловч яг хувьцаа нь идэвхтэй арилжигддаг нь маш цөөхөн байдаг. Тэр цөөхөн компани дотроосоо яг засаглал нь шаардлага хангасан, хувьцаа эзэмшигчидтэйгээ ашгаа хуваалцдаг, шилэн данстай, тайлан балансаа танилцуулдаг компани гэвэл гарын хуруунд багтахаар бий. Тэгэхээр засаглалыг нь сайжруулаад, жижиг хувьцаа эзэмшигч нарыг хохироодоггүй болгоод, хөрөнгө оруулагч нарын итгэлийг авч чадвал энэ зах зээл хөгжинө.

-Монголд хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ?

-Үнэт цаас гаргагч талаасаа ямар ч хөнгөлөлт байдаггүй. Тэр нь хөрөнгийн зах зээлийн хөгжлөөс хойш татаж байна. Манайд нээлттэй компани байлаа гээд хаалттай компаниас давуу ямар ч эрх байдаггүй. Нээлттэй компани болсноороо засаглал нь сайжирч байгаа, тайлан балансаа үнэн зөв гаргадаг болж байгаа, татвараа илүү сайн төлдөг болж байгаа. Ер нь засгийн зүгээс энэ дээр ямар нэгэн урамшуулал хөнгөлөлт үзүүлэх ёстой. Мөн компанийн бонд гаргахад урд нь хадгаламжийн хүүтэй адилхан 10 хувь ноогдуулдаг байсан, одоо 5 хувь ноогдуулахад сайжрах хандлага бий. Ингэвэл бас нэг зөв алхам болж байгаа юм. Бүр татваргүй болгочихвол маш сайн.

-Хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаа нь мэдээ мэдээлэл дутмаг байдагтай холбоотой болов уу?

-Манай хөрөнгө оруулагч нар мэдээлэл маш муутай байдаг гэж хэлэхэд буруудахгүй. Сургалтууд маш их зохион байгуулагдаж байна. Брокерын компаниуд ч, телевиз радиогоор ч тэр сургалтууд явж байна. Хэдийгээр мэргэжлийн байгууллагууд ёс зүйтэй ажиллах үүрэгтэй боловч хөрөнгө оруулагч нар өөрсдөө мэдлэг туршлага дээрээ үндэслэн хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргаж хариуцлагаа хүлээх ёстой. Бид хүнд хүчээр заах боломжгүй. Хэрвээ тийм мэдлэг туршлага нь хангалтгүй байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах, тэднээр хөрөнгөө удирдуулах сонголт байгаа.

-Таныг хөрөнгийн болон банк, санхүүгийн зах зээлийн 20 гаруй жилийн туршлагатай гэж сонссон. Ингэхэд хаана, ямар мэргэжлээр боловсрол эзэмшсэн бэ?

-Би АНУ-д бакалавр болон магистрын зэргээ хамгаалсан. Тэндээ нэлээн олон жил санхүүгийн мэргэжлээрээ, ихэвчлэн корпорацийн санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан. Томоохноос нь дурдвал “Виза” картын компани, олон улсын хуулийн байгууллагад ажилласан. 2011 оноос хойш “Ньюком” группт Хөрөнгө оруулалтын захирлаар, “Ньюком Майнинг”-д гүйцэтгэх захирлаар, дараа нь Голомт банкинд хөрөнгө оруулалтын захирал, “Голомт капитал”-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “Голомт капитал”-д ажиллаж байхдаа Монголын анхны интернэт арилжааны систем, анхны даатгагдсан бонд, хамгийн том бонд болох Сүү бонд, анхны даатгалын IPO, анхны давхар бүртгэлтэй хувьцаа гээд анхны, анхны олон зүйл нэвтрүүлсэн.

-ХҮНДЭЭ Л ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙВЭЛ ХАМГИЙН АШИГТАЙ САЛБАР БОЛОХ БОЛОМЖТОЙ-

-Америкийн банк, санхүү, хөрөнгийн зах зээлтэй Монголынхыг харьцуулашгүй байх. Бид юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Би сая “Ухаалаг хөрөнгө оруулагч” ном орчуулсан. Хөрөнгө оруулалтын классик энэ ном 1949 онд хэвлэгдсэн. Түүнд гарч буй, яригдаж буй проблемуудыг харахад манай зах зээлтэй ойролцоо л харагдаж байгаа юм. Түрүүн би дурдсан. Засаглал гэж маш том асуудал байгаа. Зохицуулалт гэж бас нэг асуудал бий. Хөрөнгийн зах зээлийг Санхүүгийн зохицуулах хороо болон бирж зохицуулдаг. Дүрэм журам, шаардлагууд нь байгаад байдаг. Түүнийг хангуулах тал дээр тааруухан байна. Жишээлбэл, Их дэлгүүрийн жишээ байна. Жижиг хувьцаа эзэмшигч хохирлоо гээд шүүхэд өгөхөд шүүхээс Санхүүгийн зохицуулах хороо жижиг хувьцаа эзэмшигч нарын эрхийг төлөөлөх эрхгүй байгууллага гэсэн шийдвэр гарсан байдаг. Тэгэхээр хууль эрх зүйн орчин бас болоогүй байна гэсэн үг.

-Та Монголд хөрөнгө оруулалтын орчин нөхцөл ямар байна гэж дүгнэж байна вэ?

-Хөрөнгө оруулалтын орчин ярихаасаа өмнө Монголд хөрөнгө оруулах салбарууд юу байна вэ гэж яривал зүйтэй байх. Хамгийн том нь уул уурхайн салбар. Дараа нь хөдөө аж ахуй, ноос ноолуур, арьс ширнийх орж байгаа. Түүний дараа бусад буюу жижиг салбарууд орж байна. Жижиг салбараас сүүлийн үед IT нэлээд хөгжиж байна. Хөдөө аж ахуйн салбарыг манайх ноолуураар ярьдаг. Уул уурхайн салбарт хамгийн том мега төслүүд гэвэл Оюутолгой байна, Тавантолгойн төсөл гайгүй явж байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулагч нар уул уурхайн төслүүдэд угаасаа сонирхолтой. Гадаадууд орж ирэхэд юу хэрэгтэй вэ гэхээр хууль зүйн тогтвортой таатай орчин хэрэгтэй. Засгийн газар маш тогтвортой ажиллах ёстой. Улс төрийн эрсдэл байх ёсгүй. Нэг засаг нь гарч ирээд лицензүүдийг цуцлаад байвал тэр хүмүүс орж ирэхгүй л дээ. Гэнэт гэнэт хөрөнгө оруулалтын хуулиа өөрчлөөд, эсвэл гэнэт нэмэлт татвар гаргаад байж болохгүй. Энэ бүхнийг тогтвортой байлгавал хөрөнгө оруулагч нар орж ирнэ. Одоогийн байдлаар тэр нөхцлүүд хангагдаагүй байгаа учраас Хятадын богино хугацааны хөрөнгө оруулагч нар орж ирж байна. Тэр зүйлүүд хангагдвал илүү урт хугацааны, барууны хөрөнгө оруулагч нар орж ирэх боломжтой. Ноос, ноолуурын салбарт сүүлийн үед хөрөнгө оруулалт татахад нэлээн хүндрэлтэй байгаа. Ихэвчлэн худалдан авалт хийх сонирхолтой, бидний “ченжүүд” гэж ярьдаг гадны компаниуд байдаг. Тэд бас шууд хувьцаа аваад, компани эзэмшээд, Монголд үйл ажиллагаа явуулах түвшинд хүрээгүй байдаг. Одоохондоо IT-гийн хөрөнгө оруулалт бага зэрэг байгаа, яваандаа тэлэх боломжтой. Манай залуучууд сүүлийн үед мундаг байна. Аппликэйшн хийж байна. Аутсорсингээр ажил хийж байна. Тэр салбарууд нэлээн хөгжих боломжтой. Явж явж хүндээ л хөрөнгө оруулалт хийвэл хамгийн ашигтай салбар болох боломжтой.

-ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХҮЧЭЭР БУУЛГАЖ БОЛОХГҮЙ-

-Банкны зээлийн хүүг бууруулах ямар гарц, гаргалгаа бий гэж үзэж байна вэ?

-Зээлийн хүүг бууруулах талаар нэлээн ярьцгаалаа. Зарим хүмүүс Засгийн газартайгаа тохиролцоод, хүчээр буулгачихъя гэж ярьж байна. Банкууд үнэхээр даварч байна, монголчуудыг мөлжиж байна гэж ярьдаг. Зээлийн хүүг нэгдүгээрт хүчээр буулгаж болохгүй. Хүчээр буулгачихлаа гэхэд яах вэ? Зээл гарахаа болино. Яагаад гэхээр зээлийн хүү чинь манай төгрөгийн л үнэлгээ байхгүй юу. Төгрөг хатуу валюттай харьцуулбал хэдээр үнэлэгдэж байна вэ гэсэн үг. Тэгэхээр зээлийн хүү хэтэрхий бага байвал хүмүүс шууд доллар луу хөрвүүлээд эхэлнэ. Хатуу валютаар солино. Яагаад гэхээр ханшийн эрсдэл гэж байна. Жилийн доллар, төгрөгийн зээлийн хүүгийн зөрүү 10% хавьцаа байдаг. Төгрөгийн хадгаламжийн хүү 15-16% байлаа гэхэд долларын хадгаламжийн хүү 6% гэх мэт. Тэр нь ханшийн эрсдэлээ л тусгаж байгаа асуудал. Төгрөг долларын эсрэг хамгийн ихдээ 10 хувь өөрчлөгдөнө гэсэн хүлээлттэй байгааг л хэлж байгаа юм. Хүүгийн зөрүү тэрнээс доош ороод эхэлвэл хүмүүс төгрөг хадгалахаа болиод, доллар луу шилжүүлээд байгаа байхгүй юу. Банкууд зээлээ гаргахаа болино гэхээр банк бусууд банкнаас илүү өндөр хүүтэй зээлээ гаргана гэсэн үг. Зээлийн хүүгээ банкууд дээр хязгаарлачихаж байгаа нь банк бусын бизнесийг л дэмжиж байгаа асуудал. Яаж зээлийн хүүг бууруулах вэ гэвэл бүр макро түвшинд л ярих асуудал. Засгийн газар тогтвортой байх ёстой. Бид гаднаас авдгаа гаргаж байгаагаасаа бага л болгох ёстой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гаднаас авч буйгаа танах ёстой.

-Тийм шүү…

-Бид гаднаас машин их авч байна. Хоол хүнсээ авч байна. Ихэнхийг нь Хятадаас авч байна. Өөрсдөө үйлдвэрлэх боломж юу байна вэ? Ядаж хүнсний ногоогоо өөрсдөө үйлдвэрлэдэг болчихвол Эрээнээс зөөдөг тэр их ногооны хэмжээ багасах жишээний. Одоо Японоос орж ирж буй энэ их машин дээр хязгаар тавьчихвал нэгд, түгжрэл багасна. Хоёрдугаарт, гадаадаас аваад байгаа, долларыг дэмжээд буй худалдан авалтуудыг багасгачихвал худалдааны тэнцэлд нөлөөлнө. Худалдааны тэнцлээ илүү ашигтай болгоод, долларын эрсдэлийг багасгачихвал төгрөгийн ханш сайжирна. Төгрөгийн ханш сайжрах тусам зээлийн хүү буурна. Мөн Засгийн газар маш тогтвортой байх ёстой. Улс төрийн эрсдэл ерөөсөө л бүгдийг савлуулдаг. Манайхан засаг нурлаа л гэвэл “За, төгрөг болохоо байлаа, бушуухан доллар авцгаая” гээд долларын үнийг өсгөөд байдаг. Улс төрөөс шалтгаалаад төгрөг хэвлэдэг асуудал байгаа. Ипотекийн зээл гаргахад маш их мөнгө хэвлэж, төгрөгийн ханш унасан. Сая тэтгэврийн зээл тэглэлээ гэхэд доллар өслөө. Шалтгаан нь л тэр. Мөнгө хэвлэхээ болих хэрэгтэй. Монголбанк аль болохоор Засгийн газраас тусдаа шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд зээлийн хүү буурна.

-Манайд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудал нэлээн дутагдалтай санагддаг. Гадны туршлага ямар байдаг бол?

-Гадны улсууд ерөөсөө хууль журмаа гаргаад, түүнийгээ сахиулдаг. Манайд хууль, журам байгаа боловч сахиулах тал дээр ерөөсөө анхаарал хандуулдаггүй. Их дэлгүүрийн жишээг түрүүн ярьсан. Тиймэрхүү компаниуд бий. Хүмүүс мэдээд, жижиг хувьцаа эзэмшигчид хохироод байна гэдгийг хараад байдаг. Гэвч юу ч хийж чаддаггүй. Үүнийгээ л хийчих хэрэгтэй, маш амархан харагдаж байгаа биз дээ.

-Монгол Улсад үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжтой юу?

-Боломжтой. Монголд хөрөнгө оруулалтын менежментийн компанийн зөвшөөрөл авчихсан олон компани бий. Харин сангуудаа гаргаад, амжилттай удирдаад, хөдөлгөөд явж байгаа компани байхгүй байна. Сангуудаа гаргах хэрэгтэй байна. Сангуудаа гаргалаа гэхэд юунд хөрөнгө оруулах вэ гэдэг асуудал байгаа. Компаниуд ихэвчлэн мөнгө босгохоороо банк бус дээр эргэлдүүлдэг ч юм уу, банкны хадгаламж хийдэг ч юм уу тиймэрхүү богино хугацааны юм хийгээд байгаа юм. Тэгэхээр урт хугацааны ямар боломж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Жишээ нь, хувьчлалын сан гэхэд Засгийн газраас шинээр хувьчлагдах төслүүдэд хөрөнгө оруулна гэсэн үг. Дээрээс цахилгаан станцууд гэх мэтчилэн хувьчлагдах жагсаалт яваад байсан. Тэр жагсаалт идэвхжих нь үү, яах нь вэ. Жил болгон л энэ компаниудыг хувьчилна гэж ярьдаг. Хувьчилчихвал тэдгээрт оруулах боломжтой. Тэгэхээр нэгд, мөнгөө босгох нь байна. Хоёрдугаарт, юунд хийх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Яг хөрөнгийн биржээс хөрөнгө оруулъя гэхээр хөрөнгө оруулалтын санд авчихаар тийм том хэмжээний хэлцлүүд байхгүй. Эсвэл хувийн компаниудад хөрөнгө оруулна. Эсвэл улсаас хувьчлагдах компаниудад хөрөнгө оруулна. Хувьчлагдах компаниудад хөрөнгө оруулах тохиолдолд илүү том дүнтэй мөнгө оруулна гэсэн үг.

-Хөрөнгө оруулалтын багц өгөөж өндөр, бага эрсдэлтэй байхад юу садаа болдог вэ?

-Өгөөж өндөр, бага эрсдэл гэдэг хоёр үг хоорондоо зөрчилдөөд байгаа байхгүй юу. Өгөөж өндөр байхын тулд хөрөнгө оруулагчийн эрсдэл ямар нэгэн хэмжээгээр өндөр байх ёстой. Компани бонд гаргалаа гэж бодъё. Яагаад бонд гаргаж байна гэхээр тэр компани ерөөсөө банкнаас зээл авч чадахгүй байгаа. Эсвэл зохистой харьцаанаас өндөр зээлтэй болчихсон, эсвэл барьцаа хөрөнгө байхгүй байна гэсэн үг. Тийм юмыг хөрөнгө оруулагчид зарахын тулд бид өндөр өгөөж амлахаас өөр арга байхгүй. Өндөр өгөөж амлаж байгаа шалтгаан нь өөрсдөө эрдэлтэй болчихсон явдал. Тэгэхээр өндөр өгөөжтэй, эрсдэлгүй бүтээгдэхүүн гэж байхгүй. Тийм бүтээгдэхүүн бол хэдэн жилийн өмнө гарч байсан Засгийн газрын бонд л байсан. Банкнаас өндөр өгөөжтэй мөртлөө Засгийн газрын баталгаатай учраас эрсдэлгүй байсан. Тэр бол маш богино хугацаанд төсвийн алдагдлыг нөхөх бүтээгдэхүүн байсан. Одоогийн нөхцөлд тийм юм амлахад хэцүү. Эсвэл эрсдэлтэй, өндөр өгөөжтэй, эсвэл эрсдэл багатай, удаан өгөөжтэй тийм л бүтээгдэхүүн байна.

-МИНИЙ МӨНГӨӨР МАНАЙ ХӨРШИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЧИХЛЭЭ ГЭСЭН ҮГ-

-Тэтгэврийн зээл тэглэлт хэр оновчтой шийдвэр вэ? 

-Төгрөгийнхөө ханшийг тогтвортой байлгахын тулд нэгдүгээрт, зээл тэглэх нь маш буруу. Би сайн ойлгохгүй байна л даа. Зээл авчихсан хүмүүсийг урамшуулаад ч байгаа юм шиг. Хүн буруу юм сураад байна шүү дээ. Зээл аваад байвал намайг өршөөгөөд байдаг юм чинь зээл аваад байя гэсэн хариуцлагагүй хандлагыг өөгшүүлж байна шүү дээ. Тэр дунд үнэхээр амьдрал нь хэцүү, идэх хоолгүй болоод зээл авсан хүмүүс байгаа байх. Гэтэл тэрэн дотор 10, 20 саяын зээл авсан хүмүүс байна гэж байна. Тэр хүмүүсийг би өөрсөддөө зарцуулсан гэж бодохгүй байна. Үр хүүхдүүд нь машин, байр авсан тиймэрхүү л шалтгаантай байгаа шүү дээ. Ер нь нэгд, зээл авсан нь хожоод, зээл аваагүй нь хохирчихлоо. Хоёрдугаарт, зээлийг хаана гэдэг Засгийн газрын ажил биш. Угаасаа Засгийн газрын мөнгө гэж байхгүй. Тэрийг зарим хүмүүс их буруу ойлгоод байх шиг байгаа юм. Төрийн минь хишиг, төр маань л надад мөнгө өглөө гээд. Гэтэл энэ бол худлаа. Энэ бол татвар төлөгч бидний мөнгө. Одоо миний мөнгөөр л манай хөршийн зээлийг хаачихлаа гэсэн үг. Тэгэхээр энэ шийдвэр ерөөсөө надад таалагдахгүй байгаа. Маш буруу хандлагыг өөгшүүлж байгаа, шударга биш хуваарилалт.

-Энэ шийдлийн улмаас ямар үр дагавар гарах бол?

-Хамгийн түрүүнд төгрөгийн ханш унах эрсдэлтэй. Үүнээс үүдэн инфляц өснө гэсэн үг. Богино хугацаанд бид доллар өсч байгааг харах байх. Урт хугацаандаа бидний өнөөдөр авдаг бүх зүйл илүү үнэтэй болно. Зарим хүмүүсийн зээлийн “ачаар” бүгдээрээ, нийтээрээ үнэтэй юм худалдаж авдаг ирээдүй биднийг хүлээж байна гэсэн үг.

-Засгийн газар өрийг өрөөр дарсаар байгаад Венесуэлийн гашуун туршлага Монголд давтагдах вий гэсэн айдас хүмүүст бий. Та юу хэлэх вэ?

-Хүмүүс сүүлийн үед Венесуэлийн жишээг их дурддаг болсон байна лээ. Ер нь халамжийн бодлого гэдэг хэрээс хэтрэхээрээ тиймэрхүү гашуун туршлага болдог юм байна л даа. Халамж тодорхой хэмжээнд байх нь зөв байх, гэхдээ яг зорилтот бүлгүүдэд өгөх хэрэгтэй. Ингэж нийтээр нь хамруулан халамж өгнө гэдэг маш буруу. Ялангуяа манайх шиг дэд бүтэц хөгжөөгүй улсад мөнгөө өөр зүйлд үр ашигтайгаар зарцуулах боломж, шаардлага маш их байна. Гэтэл зүгээр л мөнгө тараагаад байгаа юм. Мөнгө тараагаад яах юм бэ. Хүмүүс өнөө маргаашийн хэрэгцээгээ хангаад л дуусна. Тэр мөнгөөр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлдвэрүүд, цахилгаан станцаа ч барьж болж байна шүү дээ. Энэ мэтчилэн илүү урт хугацаанд үр өгөөжөө өгөх холын хараатай юм хийх хэрэгтэй байна.

-Танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж