Сонгогчдод биш, горилогчдод зориулсан ТОЙРОГ ХУВААЛТ

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Сонгогчдод биш, горилогчдод зориулсан ТОЙРОГ ХУВААЛТ

Сонгогчдод биш, горилогчдод зориулсан ТОЙРОГ ХУВААЛТ

МАН-ын Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн шийдвэрийг бүлэг нь дэмжсэнээр УИХ-ын 2020 оны сонгууль 29 тойрог, 76 мандатаар явах нь ойлгомжтой болж байна. Хоёрдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэж батлах ёстой хуулийн дагуу энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар эцэслэх биз.

"Бодоод бодоод бодын шийр дөрөв" гэсэн МАН-ын хувилбараар аймгуудыг 20 тойрогт хувааж, 52 мандат хуваарилжээ. Хотод есөн тойрог, 24 мандаттай байхаар тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, хотын мандатыг хасч, нэг мандаттай аймгуудад шилжүүлсэн нь  МАН-ын гишүүдийн тайлбарлаж байгаачлан хүн амын тоо, улс орны хөгжил, иргэдийн төлөөлийн зарчмыг бодолцсон юм биш. Сонгох, сонгогдох эрхийг нэгдүгээрт тавьсан ч юм биш.

Мөнгөтэй нь хөгжим захиалдаг бол эрх мэдэлтэй нь тойргоо хувааж авдаг нь Монголын улс төрийн тогтсон үзэгдэл. Эрх мэдэлтэй нам нь, бүлэглэл нь өөрсдөдөө зориулж тойргоо хувааж авч байгаа хэрэг. Товчхондоо, сонгогчдод биш горилогчдод зориулж, нэг мандаттай аймгийг хоёр болгож, хотын мандатаас “хулгайлсан” гэвэл бодит үнэнд илүү нийцнэ.

Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар аймаг өмнө нь нэг мандаттай байсныг хоёр болгосон нь Ерөнхий сайд жанжин Сүхийн нутагт, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нутагтаа өрсөлдөхөөр “усалгаа” хийж ирсэнтэй нь холбоотой юм. Ш.Раднаасэд, Д.Амарбаясгалан хоёрыг эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн хуваарилалт. Ганц мандатаа булаацалдаж, Д.Амарбаясгалан нь Ш.Раднаасэдээ хэвлэлээр гөвж, өнөөх нь бөөн гомдол, тунирхал болсон нь худлаа биш.

Багахангай, Налайх, Багануурыг нэг тойрогт хувааж, хоёр мандат олгож буй нь хотын дарга С.Амарсайханы захиалга гэж харагдаж, хардагдаж байна. Түүнээс Говь-Алтайд иргэдийн төлөөллийн зарчим алдагдаад, хотод ихдээд байгаа юм байхгүй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Олон гишүүнтэй байна гэдэг тэр хэмжээгээрээ тухайн аймаг, дүүргийн иргэдийнхээ дуу хоолойг илүү тод хүргэж чадна. Нэг гишүүн байх, гурван гишүүн байх ялгаатай” гэж тайлбарлажээ. Ялгаагүй л дээ, хүүхэн шуухан, хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга 2018 оны долдугаар сард УИХ-ын бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс хойш Хэнтийн 42 дугаар тойрог төрд төлөөлөлгүй байгаа. Гээд тус тойргийнхон гишүүнтэй, гишүүнгүйн ялгааг мэдрээд хохироод, хоцроод байгаа юм алга. Харин ч Хэнтий хоёр тойрогтоо байж болно гэдгийг баталсан жишээ болсон.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр хоёр тойрог болгож, таван мандаттай, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянголыг гурван гурван мандаттай байхаар МАН тохирсон нь ерөнхийдөө цэнхэр дүүргүүдийн сонгогчдын эрхэнд халдсан хуваарилалт юм.

Нийслэлийн сонгогчид, тэр тусмаа Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй бол цэнхэр тойргууд. Олон жилийн “дунджаас” харахад нийслэлийнхэн АН-д голдуу саналаа өгдөг. Харин Говь-Алтай, Сүхбаатар бол улаан аймгууд. Олон сонгуулийн дүнгээс харахад шүү дээ.

Хэдийгээр АН-ынхан шиг аймгийн сумдыг улайм цайм, улаан цэнхэрээр нь хуваагаагүй ч, МАН-ын тойрог, мандатын хуваарилалтыг харахад мөн л “улааныхан ба харынхан” гэж ялгасан нь ядах юмгүй тодорхой харагдаж байна.

Хотын мандатыг цөөлснөө “Хот, хөдөөгөөр ялгахгүй, тэгшитгээд хуваачих юм бол Улаанбаатар улс болно. Томсгосон тойрог дээр олон хүн өрсөлдөнө. Тэр хэмжээгээр иргэд сонголтоо хийхэд хүндрэл гарч болзошгүй. Мэдлэг боловсролтой иргэд ч бий, бичиг үсэггүй, мэдээллээс хол иргэн ч бий” гэх тайлбарыг хийж буй МАН-ын бодол МАН-даа л зөв юм даа.

МАН-ын тойрог, мандатын хуваарилалтыг АН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үнэн. Гэвч МАН-ынхан үнэмлэхүй олонхиороо хүчиндээд батлах нь мэдээж.

МАН-ын мандат, тойргийн хуваалтаас харахад нэгд, хөдөөнөөс санал илүү зулгаахаар тооцсон, хоёрт, хоёр хуваагдсан МАН гурав байтугай хуваагдаж, гомдогсод нь Н.Энхбаяр руу урвахаас У.Хүрэлсүх болгоомжилсон гэлтэй. Тойрогт дээрээ МАН ямар ч байсан тохирсон, УИХ нь батлах нь тодорхой.

Хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэсэн том эрх мэдлээс илүү өөрийгөө бараг гишүүн болчихсон мэт төсөөлж, сэрүүнээрээ зүүдэлж яваа хар мянган горилогчдоо яаж гомдоохгүй байх вэ гэх том зовлон намын дарга нарт ирж байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж